Open iToim app
Дэлхийн монгол | 12 мин уншина

Калифорнийн их сургуулийн шилдэг төгсөгч, АНУ-ын Төв банкны ахлах шинжээч, докторант Б.Уянгыг онцолж байна

Калифорнийн их сургуулийн шилдэг төгсөгч, АНУ-ын Төв банкны ахлах шинжээч, докторант Б.Уянгыг онцолж байна
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 26
‘Дэлхийн монгол’ булангийн энэ оны эхний дугаарт Дэлхийн шатрын холбооны мастер Б.Уянгыг урьж оролцуулж байна. Тэрээр АНУ-ын Төв банкинд хоёр жилийн турш ахлах шинжээчээр ажилласан бөгөөд одоогоор АНУ-ын Калифорнийн их сургуульд эдийн засгийн доктороор суралцаж байна. 
Тэрээр АНУ-д анх ирээд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж долоон жил уйгагүй хичээж зүтгэж, их сургуулиа амжилттай төгсөж, цаашлаад АНУ-ын Төв банк, Калифорнийн докторын хөтөлбөрт суралцах хүртэл амаргүй даваа, олон шалгуурыг дамжсан байна. Ингээд түүний тууштай байдал, зорилго мөрөөдөл, карьер, хувь хүний хөгжлийн түүхээр аялцгаая. 
-АНУ, Калифорни гэхээс өмнө хоёулаа бага насны дурсамжаас нь яриагаа эхэлцгээе. Багадаа хамгийн дурлаж, сонирхож байдаг зүйл нь юу байсан бэ?
-Би Сэлэнгэ аймагт төрж өссөн. Намайг бага байхад манайх Алтанбулаг сумаас аймгийн төв болох Сүхбаатар суманд шилжин суурьшсан юм. Арван жилдээ хичээл, шатар хоёрт дурласан хүүхэд байлаа. Хичээлдээ яваад гэртээ ирсний дараа шууд л гараа угаан дэвтэр, номоо бариад суучихна. Ямар сайндаа аав ээж хоёр ‘Гадаа гарч тоглоорой’ гэж их хэлдэг байв. Хувь хүний үүднээс хичээл, номоос гадна амьдралын ухаанд ч мөн суралцах хэрэгтэй юм шүү гэж захидаг байсан юм.
Би бага ангид байхдаа шатар сонирхож, хичээллэн эхэлсэн. Шатрын анхны гараагаа аймгийн клубээс эхэлж сургуулиа төгсөх үедээ Шатрын дэд мастер цол хамгаалж амжсан.
-Арван жилээ төгсөөд СЭЗИС-д суралцсан. Түүний дараа удалгүй АНУ-ыг зорьсон байсан. Таньж мэдэх хүнгүй, алс холын газар руу явах шийдвэрийг хэрхэн гаргаж байв?
-Арван жилээ төгссөний дараахан математик, англи хэл, физикийн хичээлээр ЭЕШ өгсөн. Ингэхэд бүгдэд нь 800 оноо авч, сургууль бүр л ороход нээлттэй боллоо. Би инженер болох эрмэлзэлтэй байсан ч тухайн үедээ ээжийнхээ зөвлөснөөр СЭЗИС-ийн эдийн засгийн ангийг сонгож байв. Хөдөө орон нутгаас хотод ирж суралцах арай өөр буюу өрсөлдөөн ихтэй байлаа. Ингээд их сургуульдаа суралцаж, ангийн хүүхдүүдийн хамтаар олимпиад, тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Гэтэл хоёрдугаар курст суралцах жил АНУ-д оюутан солилцоогоор суралцах боломжтой гэх мэдээллийг сургуулиасаа авсан юм. Тухайн үед гадаадад сурч боловсрох хүсэл эрмэлзэл надад аль хэдийн бүрэлдсэн байсан. Иймээс ийм сайхан боломж гарахад юу гэж алдах билээ гэж болоод шууд л нэрээ бүртгүүлж, шалгаруулалтад орсноор АНУ-ыг зорих боломжтой болсон доо.
Ингээд анх Калифорни мужийн Оакланд хотод ирж,  хэлний курсэд суралцаж эхэлсэн. Боловсролоо дээшлүүлэх эрмэлзэлдээ хөтлөгдөн ээж, ааваасаа холдож шинэ газар харж, хандах хүнгүй ганцаараа ирсэн нь энэ байв. Боловсролтой болохын төлөөх аялал минь Америкт ирсэн өдрөөсөө эхлэн тийм ч шулуун, дардан байсангүй. Надад шууд л их сургуульд ороод төгсөх боломж гараагүй юм. Бүхий л зүйлийг тэгээс эхэлж, олон саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болсон. 
-Тодруулбал...?
-Америкт анх ирсэн эхний хоёр жилээ хэл сурч, хөлөө олох гэж явсаар өнгөрсөн. Тухайн үед дэлхий даяар эдийн засгийн томоохон хямрал болж байсан тул ажил олоход маш хэцүү байв. Орчиндоо хурдан зохицож бие даах чадварт суралцах шаардлагатай болсон. Хэлний сургалтдаа ч явна хажуугаар нь давхар хоёр ажил хийнэ. Хоногт арван цаг ажиллана. Ингээд долоо хоногийн ганц, хоёр өдөр л хичээлдээ явдаг байлаа. Хичээлийн өдөр бол миний хамгийн дуртай өдрүүдийн нэг байсан юм. Учир нь, надад бараг энэ нь амралт болдог байв. Тухайн үед ихэвчлэн ресторанд цагийн ажил хийдэг байсан. Харин цайны цагаараа ойролцоох номын сан руу орох дуртай байлаа.
Нэг удаа цайны амралтаараа гараад явж байтал модны дэргэд хэсэг хүмүүс цуглан шатар тоглож байв. Би ч багаасаа дурлаж, тоглож өссөн зүйлээ хараад шууд л очиж, сонирхсон юм. Тэгтэл тэдний нэг надад хандан "Шатар тоглож мэдэх үү, тоглох уу" гэв. Би ч толгой дохитол тэр надад ‘За ингэж нүүнэ шүү. Цагаа дарж мэдэх үү’ гээд намайг мэдэхгүй гэж бодсон маягтай эхнээс нь бүгдийг зааж өгөв. Гэтэл би эхний өрсөлдөгчөө хожчихов. Дараа нь дахиад нэг нь суув. Дахиад л хожчихов. Ингэтэл нэг нь найз руугаа залган ‘Хөөе чи хүрээд ир, энд нэг охин манайхныг бүгдийг хожоод байна. Хурдан хүрээд ир’ гэлээ. Ёстой хөгжилтэй, инээдтэй байсан шүү. Ингэж л анх гадаад найзуудтай болж, хэл сурах явцаа улам сайжруулсан. Тэд намайг Сан Франциско дахь шатрын клубт урьж, долоо хоногт нэг удаа очиж тоглон, тэмцээнд ордог болов.
Нэг удаа манай ресторанд клубийн маань гишүүн ирээд хоол идэж байв. Би ч юм бодолгүй хоолоо зөөж явав. Гэтэл тэр намайг хараад ихэд гайхан ‘Чи энд юугаа хийж байгаа юм бэ. Энд ингэж ажиллаж байхаар тархиа ашиглаж мөнгө ол. Цагаа бүү энд дэмий үр’ гэж хэлээд намайг бага сургуулийн хүүхдүүдэд шатрын сургалт явуулдаг компанийн хүнд танилцуулав. Улмаар шатрын багшаар ажилд орж, өмнөхөөсөө илүү сайн цалин авч, мөн цаг зав ч харьцангуй гардаг болсон. Үүний дараа муж, хот, улсын тэмцээнүүдэд хүүхдүүд бэлтгэж, мөн үүний хажуугаар өөрөө ч шатраа тоглон явсаар 2011 онд Дэлхийн холбооны шатрын мастер цолоо хамгаалсан. Америкийн бага сургуулиудад шатрын багшаар ажиллан, мөн тэмцээнд оролцон явсаар нэг мэдэхэд санхүүгийн хувьд бүрэн боломжтой болж ирэв. Нэг мэдсэн Америкт анх ирснээс хойш хүссэн сургуульдаа орж суралцах мөрөөдөл минь долоон жилээр хойшлогдсон байв. Анхнаасаа боловсролдоо анхаарч, их сургууль төгсөх нь миний хувьд хамгийн том зорилго байсан юм. Энэхүү хугацаанд коллежээ дүүргэж 2016 онд Беркли дэх Калифорнийн мужийн их сургуульд тэнцэн орж эдийн засгийн мэргэжлээрээ үргэлжлүүлж суралцсан.

Миний бакалаврын диплом долоон жилийн уйгагүй хөдөлмөр түүний үр шим нь юм

undefined
-Маш урт хугацааны дараа дахин суралцах боломж нь гарч иржээ дээ. Тэгвэл Калифорнийн их сургуулийг төгсөх үед ямар сэтгэгдэл төрж байв. Анх орохдоо бол мэдээж их хүсэл тэмүүлэлтэй орсон байх?
-Сургуулийн хаалгаар оюутан болж орсон тэр өдөр хүсэл эрмэлзэл минь дотроо ч, гаднаа ч дүрэлзэж байсан. Учир нь, өмнө хийдэг байсан цагийн ажил Калифорнийн их сургуулийн хажууд байрладаг байлаа. Заримдаа би сургуулийн кампусаар нь бараг л оюутан нь юм шиг л мөрөөдөн явдаг байв. Тэр олон жил, өдөр хоногийн зорилгын эхний алхам нь Калифорнийн их сургуульд суралцах байсан юм. Сургуульдаа орсны дараа бараг л мөрөөдөл биелэх шиг маш их баярласан. Би бакалавраа 2018 онд хамгаалсан бөгөөд төгсөлтийн ажил, судалгаа сайн болж өндөр оноо авснаар онцлох оюутнуудын нэг болон төгсөж байлаа.
Миний хамгийн мартагдашгүй, хүсэн хүлээсэн өдрийн нэг бол энэ өдөр байсан. Яагаад гэвэл би зүгээр нэг арван жилээсээ шууд АНУ-ын их сургуульд ороод төгсчөөгүй, олон жилийн хүч хөдөлмөр шингэж, хүссэн сургуулиа төгсөн учраас тэр байх. Хүмүүс ‘Итгэл, зүтгэл, хүсэл, эрмэлзэлтэй байвал зорьсондоо хүрнэ’ гэж их хэлдэг дээ. Тэгвэл миний хувьд энэ маш сайн хэрэгжсэн. Америкт анх ирээд шууд л их сургуульд суралцан, төгсөөд сайхан ажилтай болох боломж байгаагүй ч өдөр бүр зорилгоо ухамсарлаж хичээнгүйлэн зүтгэсний эцэст боломжийг өөртөө өөрийн гараар бий болгосон. Ямагт өөрийгөө бэлдэж, бэлтгэлтэй явсан. Ийм үед хүн, гэнэт боломж гарч ирэх тохиолдолд түүнийг шүүрэн авч, өсч хөгждөг, чаддаг. Урд байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл боломж аяндаа гарч ирдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Би өдөр бүр энэ бүх мэдрэмж, зүйлээ аав, ээжтэйгээ хуваалцдаг байсан. Аав, ээж хоёроороо маш их бахархдаг. Ганц охиноо итгэн дэмжиж өөрсдөөсөө хол явуулна гэдэг үнэхээр хэцүү байсан байх. Аав, ээждээ баярлаж явдаг. Маш их хайртай.
-Урам зориг өгсөн судалгааны ажил...
-Калифорнийн их сургуульд суралцах явцдаа сургуулийн Хөдөлмөрийн эдийн засгийн судалгааны төвд судалгаа хийх хүсэлтээ илэрхийлж ихээхэн туршлагыг хуримтлуулсан. Энэ үед профессортойгоо хамтарч судалгаа хийх боломж олдсон юм. Тухайн судалгаа нь Калифорни мужийн ‘Pasadena’ хотын захирагч цалингийн доод хэмжээгээ нэмэхэд ажилгүйдэл ихсэх, эсэх, эдийн засаг нь хэрхэн өөрчлөгдөх талаар байв. Үүнд хоёр профессорыг тусад нь дата өгч ажиллуулсан бөгөөд профессор бид хоёрын гаргасан дүгнэлт буюу цалингийн дээд хэмжээг ихэсгэвэл ажилгүйдэл ихсэхгүй, сөрөг нөлөөгүй гэх дүгнэлт дэмжигдэв. Судалгаанаас үндэслэн хотын захирагч цалингийн дээд хэмжээг өсгөсөн бөгөөд яг л бидний судалгаанд дурдсанаар эерэг үзүүлэлт авч ирэв. Энэ нь надад цаашдаа доктороор суралцах их урам зориг өгсөн юм. Би судалгааны төвдөө зургаан сар байсны дараагаар Нью-Йорк дахь АНУ-ын Төв банкинд статистик, судалгааны тэнхимд ахлах шинжээчээр ажилд орсон.
-Их сургуулиа төгсөөд Нью-Йоркийн Төв банкинд ажилласан гэлээ. Анх хэрхэн ажилд орж байсан. Хэр их өрсөлдөөнтэй байсан бэ?
-Их сургуулийн судалгааны ажлаа дуусгасны дараахан Даллас, Кливленд, Нью-Йорк зэрэг хотуудад байх Төв банкууд руу ажлын хүсэлт явуулсан. Ингэхэд хамгийн сайхан санагдсан нь бүх банкууд намайг дараагийн ярилцлагын шатанд урьсан явдал байв. Энэ дундаас би Нью-Йоркийн банкийг сонгож, шалгаруулалтад нь оролцохоор болсон. Шалгаруулалтын эхэнд тэдний ахлах шинжээч нар ярилцлага авсан бол дараа нь дата өгөгдөлд ажиллах даалгавар өгч түүний дараа эдийн засагчдын өмнө ярилцлага өгөхөөр болов. Тэнд надаас гадна олон хүүхдүүд зогсож байлаа. Анх 400-500 хүүхэд шалгаруулалт өгснөөс үлдсэн хэдхэн хүмүүс нь бид байв. Энэ дотроос зөвхөн нэг албан тушаалд нэг хүнийг л авах байлаа. Би ч өөртөө итгэлтэйн аргагүй орж, улмаар тэнцэж ажилд орохоор болсон юм.
Хэрэв АНУ-ын Төв банкинд ажиллахаар зорьж байгаа бол онолын мэдлэгээ бататгаж, дүнгээ сайн гарган мөн хичээлээс гадуур үйл ажиллагаа ялангуяа судалгаанд өөрийн биеэр оролцоорой. Мөн аливаа саад бэрхшээлийг давж чадах тэсвэр, уян хатан байдлыг хардаг. Энэ тэнцэхэд том хүчин зүйл болно.
-Та Төв банкинд ажиллах хугацаандаа юуг хамгийн их сурч, ойлгон туршлага хуримтлуулсан бэ?
-Шинэ зүйлийг богино хугацаанд хурдан ойлгох чадвар маш чухал. Миний хийдэг ажил үргэлж бодлогын чанартай үр дүнд суурилсан байдаг. Бараг зарим ажлууд шууд АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон руу ч явах хэмжээний чухал юм. Тэгвэл тухайн тайлан, анализ хийдэг тус тусдаа программ байдаг. Харин тэр программыг мэддэг ч байсан мэдэхгүй ч байсан хамаагүй хурдан хугацаанд сурч, ажиллах хэрэгтэй юм.
-Та яагаад Нью-Йоркийн Төв банкинд ажиллахаа больж докторын зэргээ хамгаалах болсон бэ. Мөн эдийн засгийн доктороор суралцана гэдэг их амаргүй, өрсөлдөөнтэй гэж сонссон юм байна?
-Калифорнийн их сургуульд бакалавраар суралцах надад их таалагдсан. Төгссөний дараа ч дахин суралцах цангаатай, эрч хүчээр дүүрэн байлаа. Гэвч надад туршлага мөн докторын хөтөлбөрт ороход суурь бэлтгэл хангалтгүй байв. Иймд Төв банкинд ажиллахын хажуугаар Колумбийн их сургуульд дээд түвшний математикийн хичээл авч ‘GRE’ шалгалтад хоёр жилийн турш бэлдсэн. Би эдийн засагч болох сонирхолтой. Ялангуяа миний том эрмэлзэл бол Монголтой холбоотой датан дээр ажиллах юм. Иймд хөгжлийн эдийн засгаар голчлон судлахыг бодож байна. Америкийн шилдэг профессоруудын судалгаанд ажиллаж үзлээ. Тэдний судалгаа нь амьдралд хэрхэн нөлөөлдгийг ч бодитоор харлаа. Иймд би ч мөн энэ хүмүүсийн нэг нь болмоор байна. Зүгээр ажиллаад яваад байх биш, улс орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээхийг хүсч байна. Иймд Калифорнид дахин эдийн засгийн доктороор суралцахаар болсон юм. Беркли дэх Калифорнийн их сургуулийн эдийн засгийн докторын програм нь улсдаа чансаагаараа эхний тавд ордог. Жилд ойролцоогоор 1000 гаруй хүүхэд докторын ангид хүсэлт илгээхээс үүний 20-ыг нь тэнцүүлдэг ороход маш хэцүү өрсөлдөөнтэй сургууль. Би ч энэ хэрээр шаргуу бэлдсэн юм. Иймээс л орж чадсан гэж боддог. Одоо ямар ч гэсэн орж чадсан юм чинь ингэж удаан хөдөлмөрлөснийх зүв зүгээр урсгалаараа явмааргүй байна. Надад яг одоо алтан боломж бий болсон мөн үүнийг дагаад томоохон үүрэг хариуцлага байна. Төгсөөд илүү ихийг хийх болно оо.  

Энэ хүртэл надад унасан, бүтэлгүйтсэн өдрүүд маш олон. Гэхдээ би өөрөө өөртөө итгэсэн мөн тасралтгүй суралцсан

undefined
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ? 
-Миний ажилладаг төсөлд үр дүн чухал байдаг. Иймд судалгаанд, анализ хийхэд анхаарлаа хандуулдаг. Нэг үгээр ажлын онцлогоос хамааран цаг хэмнэж юмыг хурдан хийхээс илүү нухацтай, зөв хийхдээ анхаардаг. Учир нь өмнө би нэг төслийг хурдан хугацаанд амжуулах гээд маш том алдаа гаргаж байсан. Яаралтай төслийг дуусгах шаардлагатай болж, анализ хийн дүгнээд эдийн засагч руугаа явуултал тэр нь Цагаан ордон руу явах хэмжээний төсөл байсан. Манай эдийн засагч дүгнэлтийг харан надад дахин нягтлахыг санал болгосноор би дахин харж, алдаагаа олж зассан. Үүнээс хойш аливаа зүйлийг хийхдээ хянуур, хариуцлагатай яаруу ажил байсан ч сүүлд нь давхар нягтлах дадлыг өөртөө суулгасан юм.
-Таны хувьд Монголын хөрснөөс “ургаж”, дэлхийн томоохон компанид амжилттай ажиллаж байгаа залуусын нэгэн төлөөлөл. Монголд олон залуус дэлхийн төвшинд өрсөлдөхийг хүсэж байна. Залуус дэлхийн төвшинд өрсөлдөхийн тулд ямар хандлагатай байж, аль талдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ?  
-Хэдийгээр Монголын хөдөө орон нутгаас ирсэн ч одоо би Америкчуудтай мөр зэрэгцэж, хөл нийлүүлэн алхаж байна. Миний хувьд АНУ-д ирээд бүхий л зүйлээ ганцаараа бүтээн, бий болгосон. Үүнээс шалтгаалан олон чадварыг эзэмшиж чадсан гэж боддог.
Сайн сурлагатан байхаас гадна өөрийгөө илэрхийлэх, яриа болон бичгийн харилцааны чадвар чухал. Гэвч энэ нь энгийн түвшний чадвар болно. Олон төрлийн чадвар хүнд байж байх хэрэгтэй. Одоо докторын ангийнхнаа  харахад ч мөн улс улсын л мундаг, чадварлаг залуус цугласан байдаг.  
-Таны бодлоор орчин үеийн залууст хамгийн хэрэгтэй ур чадварыг юу гэж хардаг вэ?
-Суралцахад суралцах мөн сууж чадах чадвар чухал. Өөрийн сонгосон зүйлдээ сурч, суралцаж учрыг нь олж чадах хэрэгтэй. Аливаа зүйлийг барьж авсан л бол түүнийгээ гаргууд эзэмших учиртай. Хугацааны хувьд хурдан эсвэл удаан байх нь гол нь биш юм шүү. Хамгийн гол нь эзэмшсэн байх чухал. 
-Манай нийгэмд өнөөдөр залуус зорилго, мөрөөдөлгүй л бол хэн ч биш, ялагдагч гэх хандлага түгээмэл болсон байна. Энэ танд хэр их анзаарагддаг вэ?
-Манай нийгэмд зорилготой л бол ялагч гэж үздэг болж. Гэтэл үгүй. Та зорилготой байж ч болно, байхгүй байж ч болно. Маш олон зүйлийг хийж, алдаж онож байж юу хийж чадах вэ гэдгээ мэднэ. Зорилгогүй байлаа ч ‘That’s fine’. Харин хамгийн гол нь ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Ямар ч ур чадвар байж болно. Ур чадвараа хөгжүүлээд явж байхад зорилго чинь аяндаа гараад ирнэ. Жишээлбэл, би 2009 онд анх АНУ-д ирэхэд энд эдийн засгийн их  хямрал болж байлаа. Би энэ хямралд түрэгдэж цагийн ажилгүй ч болж байлаа. Харин арван жилийн дараа буюу 2019 онд би хямралын нөгөө талд гарч зогсон бүр Нью-Йорк дахь Төв банкинд нь ажиллаж байна гэж хэзээ ч бодоогүй. Иймд анхнаасаа надад ийм хүн болно доо гэсэн бодол өчүүхэн ч байгаагүй. Зөвхөн одоо байгаадаа төвлөрч, хөгжүүлж болох юу байна түүнийгээ сайжруулсан. Ур чадвартаа төвлөрсөн. Хүн бүр нэг адил замаар явах албагүй. Зарим нь эрт зорилгоо тодорхойлж болно. Хүн бүр өөр өөр. Таны хувьд зорилго хэд ч байж болно гагцхүү хүрэх замаа ойлгох хэрэгтэй. Чи хаана нь байна, түүнд хүрэхэд юу хэрэгтэй байна түүнийгээ ойлгоорой.
-Амьдралдаа хийж байсан бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Миний анхны бодож, төлөвлөж байсан зүйлс ер нь огт бүтээгүй. Гэхдээ шантрахгүй хичээгээд л байвал бүтээгүй зүйлсийн цаана илүү том боломж хүлээж байдаг юм билээ. Сургуулиа төгссөний дараа олон газар ярилцлагад орсон. Гэвч ерөөсөө тэнцээгүй. Энэ надад маш хүнд тусч байсан. Анх ‘International Monetary Fund’ буюу Олон улсын валютын санд ажилд орохыг хүсч ярилцлага өгсөн. Үүнд тэнцээгүй. Гэтэл яваандаа Америкийн Төв банкинд орлоо. Илүү том боломж тохиосон юм.
Манай найз надад нэг удаа бүр ингэж хэлж байсан юм. Чиний ‘CV’-г харвал олон амжилтууд харагдаж байна шүү. Мундаг юм аа’ гэж. Гэхдээ яг үнэндээ надад бол энэ маш эсрэгээрээ санагддаг. Надад маш их уналтууд байсан. Бүх зүйл шулуун дардан байгаагүй. Ялангуяа хамгийн анх Калифорнийн их сургуульд хүртэл би шууд орчихоогүй, 6-7 жилийг зарцуулсан. Сургуулиа төгсөөд ч шууд ажилд ороогүй. Татгалзсан хариу сонссон үе олон бий. ‘GRE’ шалгалтыг өөрийн хүссэн оноогоо автлаа бас хэд хэдэн удаа өгсөн. Зарим хүн ‘Энэ оноо чинь хангалттай шүү дээ. Одоо болиоч ээ’ гэж хүртэл хэлдэг байсан. Харин хамгийн топ сургуулийн докторын програмд суралцах хүсэлтэй надад бол хангалтгүй байсан. Хамгийн өндөр оноог авах хэрэгтэй байсан юм. Шатрын хувьд ч мөн олон тэмцээнд оролцож явсаар мастер болж байна. Зарим тэмцээнд нэг ч хожил авч чадаагүй ч үе байдаг. Ингээд миний өнцгөөс энэ бүхнийг харвал би унасан ч байнга босож хичээл зүтгэл гарган шантралгүй өөртөө боломжийг үүсгэж явсан гэж бодож байна.  Би энэ хүртэл өөрөө өөртөө итгэсэн мөн тасралтгүй суралцсан. Иймд аливаа бүтэлгүйтэлд шантралгүй хүлээцтэй байх хэрэгтэй.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Доктороо амжилттай хамгаалж, Монголд судалгааны төв байгуулан хөгжлийн эдийн засагтай холбоотой судалгаа хийх болно. Америкт олон мундаг профессоруудыг харж, суралцсан,мэдэрлээ. Тэд улс орон болон дэлхийд ямар их нөлөө үзүүлж байгаа, судалгаа гэж ямар хүчтэй зүйл байдаг, яаж цааш нь бодлого болж хүмүүст хүрч байгаа гэдгийг сайн ойлгож авсан. Иймд би ч мөн ийм хүмүүсийн нэг болмоор байна. Улс орондоо ч мэргэжлээрээ өөрийн ур чадварыг харуулж эерэг нөлөө үзүүлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн