Дэлхийн хэвлэл, мэдээллийн гэрэл зургийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох “World Press Photo Of the Year” шагналын эздийг зарлалаа. Энэхүү шагналыг 1955 оноос эхлэн Голландын Амстердамд төвтэй Дэлхийн хэвлэл, мэдээллийн гэрэл зургийн сан төрийн бус байгууллага тухайн жилийн хамгийн шилдэг гэрэл зураг, зурагчинд олгосоор ирсэн юм. Энэ жил салбарын хамгийн нэр хүндтэй тэмцээнд өрсөлдөхөөр дэлхийн 129 орны 4,738 зурагчин нийт 78,801 гэрэл зураг илгээсэн байна. Ялагчдыг мэргэжлийн, хараат бус шүүгч нар нууц санал хураалтаар тодруулсан аж.
Ингээд 2019 оны “World Press Photo Of the Year” шагналын эзнээр АНУ-ын чөлөөт уран бүтээлч Жон Мүүрийн “Хилийн зурвас дээрх бяцхан Гондурас охин” гэрэл зураг шалгарсан байна. Тэрээр АНУ-д дүрвэн ирж буй Латин Америкийн хууль бус цагаачдын баримтат зургийг авахаар 2018 оны зургадугаар сарын 12-нд Америк Мексикийн хилийн зурвас дээр хүрэлцэн очсон аж. Тухайн үед АНУ-ын хилийн харуулууд хууль бусаар хил зөрчихийг завдсан ээж охин хоёрыг саатуулаад байжээ. Жон Мүүр хоёр настай бяцхан охин хилийн харуулууд ээжийг нь нэгжиж эхлэх үед уйлж байгаа агшинг гэрэл зурагт буулган үлдээсэн байна. Охины ээж Сандра Санчез 2013 онд боломж хайхаар АНУ-ыг чиглэн төрөлх Гондурас улсыг орхисон аж. Жон Мүүр тус зургаа уламжлал ёсоор “Getty Images” вебсайтад байршуулсан бөгөөд төд удалгүй нэр хүндтэй “Time” сэтгүүл тус зургийг худалдаж авсан байна. Үүний дараа сэтгүүлийн редакц хууль бус цагаачдын тухай, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хурцаар шүүмжилсэн “Америкт тавтай морил”нийтлэлдээ түүний энэхүү зургийг гол зураг болгож ашигласан аж.
Эх сурвалж: Worldpressphoto.org