Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Х.Оюун: Цагдаагийн хурандаа нар хоёр пентхаус, 30 ширхэг байр нэхэж, дарамталсан

Х.Оюун: Цагдаагийн хурандаа нар хоёр пентхаус, 30 ширхэг байр нэхэж, дарамталсан
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 21
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын захиалгаар 250 албан хаагчийн “Хууль сахиулах -1 хотхон” орон сууцны төслийг хэрэгжүүлж буй “Бавгар ХХК”- аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компаниас уг төслийг хэрэгжүүлэх явцад Цагдаагийн хурандаа  нар болон Ажлын хэсэгт багтсан хүмүүс  их хэмжээний мөнгө, байр нэхэж, дарамталсан талаар мэдээлсэн юм.
2015 онд “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны сонгон шалгаруулалтад “Бавгар групп” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, барилгын ажлаа эхлүүлжээ. Гэтэл захиалагч талыг төлөөлж ЦЕГ-аас томилогдсон Ажлын хэсэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын санхүүжилтийг зогсоосон байна. Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр тэргүүтэй хүмүүс гүйцэтгэгч компанид санхүүгийн заналхийлэл тулгаснаар төрийн албан хаагчдын орон сууцны барилгын В, Г блокийн ажил зогсонги байдалд шилжсэн гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдлээ. Гэрээ ёсоор орон сууцны захиалга өгсөн албан хаагчдын урьдчилгаа төлбөрийг ажлын хэсэг гүйцэтгэгч компанид шилжүүлснээр тус орон сууцны барилгын санхүүжилтийг хангах үүрэгтэй байсан ч одоо хүртэл шилжүүлэхгүй байгаа юм байна.  
“Бавгар групп” ХХК-ийн ерөнхий захирал Х.Оюун “Бид зүгээр л ажлаа хийгээд явж байхад “хэрвээ чи надад миний нэхээд байгаа мөнгийг өгөхгүй бол ажлыг чинь зогсооно. Гэрээний үүргээ биелүүлээд бид нараас санхүүжилт нэхээд байх юм бол танай ажлыг саатуулна, компанийг солино, чи миний үгээр байхгүй бол шоронд явна” гэх зэргээр сүрдүүлж байсан. Гэтэл би ямар ч хууль зөрчөөгүй. Би нийгмийн зорилтот бүлэгт зориулж, нэг ам метрийг нь 800 мянган төгрөгөөр барьж өгөөд, олон хүнд буян болох юмсан гэсэн сэтгэлтэй. Маш олон компаниуд ажлаа бүтээхийн тулд мөнгө өгдөг юм билээ. Үүнийг бүгд мэддэг. Яагаад өгөх ёстой юм бэ? Бид нар ажлаа л хийж байгаа хүмүүс. Би энд худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа хүлээнэ. Ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байж би шоронд явах болчихдог юм. Энэ барилгын зорилт нь нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажиллаад байр савгүй байгаа хүмүүст туслах зорилгоор квотыг нь тарааж өгсөн. Гэтэл тэр дотор нь 3, 4 байртай мөнгөтэй хурандаа нар явж байдаг.
Бид өрх толгойлсон эмэгтэй, эсвэл эхнэр нөхрөө алдсан цагдаагийн ар гэр, үнэхээр төрийн албанд бүх насаараа ажилласан ч байргүй хоцорсон тэр хүмүүст тусламаар байна. Хэн нэгэн нэг хурандаагийн мөнгийг үржүүлж өгөх гэж энэ ажлыг хийгээгүй. Нэг мкв-ийг 800 мянган төгрөгөөр бариад ямар ч ашиг олохгүй. Зах зээлийн үнэ ямар байгаа билээ. Энэ ажлыг авснаасаа хойш би өөртөө 100 төгрөг ч наагаагүй.
Цагдаагийн хурандаа болон Ажлын хэсгийн хүмүүс хоёр пентхаус, 30 ширхэг байр нэхсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Компани угаасаа 800 мянган төгрөгөөр байр барьж байгаа, дээрээс нь хоёр тэрбум төгрөгийн зээлээ төлж байна. Ийм байхад яаж хоёр пентхаус, 30 ширхэг байр зүгээр өгөх юм бэ? Энэ асуудал дээр маргалдсаны дараа 2019 оны аравдугаар сарын 9-ний өдөр “Чиний нөхцөл байдлыг ойлгоод 320 сая төгрөг бэлнээр авъя” гэсэн. Би “Хоёр пентхаус, 30 ширхэг байр авахаа больж байгаа юм чинь” гэж баярлаад 320 сая төгрөг өгөх юм байсан юм гэнэ. Надад тийм их мөнгө байхгүй. Төрийн албан хаагчид хариуцлагатай баймаар байна. Тангараг өргөсөн төрийн албан хаагч иргэний хамгаалах ёстой хуулиараа иргэнийхээ амьдрал, ажлыг гацааж байгаа юм бэ. Хууль шүүхийн байгууллагууд бүхий талаараа иргэд, аж ахуйн нэгжийг дарамталж байна. Сайд дарга, нам, хурандаагаас нь айгаад бид нар мөнгө өгч байх ёстой юм байна л даа. Ингэхгүй бол дарамтлаад, "чамайг байхгүй болгоно шүү" гэж сүрдүүлж байна. Танайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд мөнгөө өгөөч ээ гэхээр “тэгвэл чи бид нарын юмыг яасан” зэргээр дарамталж, ажил зогсоож байна” гэсэн юм.
 
undefined
“Бавгар групп” ХХК туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран одоогийн байдлаар “Хууль сахиулах-1 хотхон”-ы А блокын барилгыг 2019 оны хавар ашиглалтад оруулж өгсөн. Харин энэ хоёрдугаар сарын сүүлээр В блокийн барилгыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан ч санхүүжилтгүй зогсжээ. 
 
undefined
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Энд ямар нэгэн өш хонзон, улс төрийн ашиг сонирхол байхгүй. Бид цаашдаа яг ингэж амьдрах юм уу гэдгээ шийдье. ЦЕГ-ын ажлын хэсэг гэдэг бол иргэний харилцаанд оролцож байгаа зүгээр л нэг оролцогч. Тэр цагдаа биш. Зүгээр л барилга бариулах гэж байгаа этгээд. “Бавгар групп” ХХК, ЦЕГ-ын ажлын хэсэгтэй уулзаад энэ асуудлаа ярилцая гээд гурван удаа бичиг өгүүлээд ирэхгүй байна. Бүхэл бүтэн 927 сая төгрөгийн асуудлыг өдөр тутам болдог үйл явдлыг сонсож байгаа юм шиг хүлээж авч байна. Ер нь барилгын компаниуд, ажил хийж байгаа компаниуд ийм төрлийн дарамтад ордог. Одоо бүгдээрээ энэ дарамтад нь ороод, дарлуулаад амьдрах юм уу, эсвэл өөрсдийнхөө хөдөлмөрийн хөлсийг шударгаар хүртэж амьдрах юм уу гэдгээ шийдэх цаг нь болсон. Энэ асуудлыг зоригтойгоор дуугарч байгаа “Бавгар групп” ХХК-ийн ерөнхий захирал Х.Оюуныг анхаарал, хамгаалалтдаа аваач хэмээн ард түмнээсээ хүсмээр байна. Иймэрхүү аргаар баяжсан хүмүүс энэ мөнгөө алдахгүйн тулд юу ч хийж мэднэ.
Сэтгүүлч Н.Саруулдөл
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн