“Ажу консалтинг” ХХК-ийн захирал, эдийн засагч, доктор Д.Дуламсүрэнгийн татварын багц хуулийн талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хууль батлагдлаа. Олон нийтийг эрүүдэн шүүх бичлэг рүү анхаарлаа хандуулж байх хооронд эдийн засгийн үндэс, төсвийг бүрдүүлэхэд хамгийн чухал ач холбогдолтой төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж буй 130 гаруй мянган аж ахуй нэгж, татвар төлөгч та бидний амьдралд шууд нөлөөлөх чухал хуулийг маш хурдтай батлав. Уг хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжихээр болов.
Татварын багц хуулийг судлаж үзвэл, зарим нэг нааштай өөрчлөлт байгаа мэт харагдавч суурь утгаараа татвар төлөгч иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид,хувиараа хөдөлмөр эрхлэгчид аж ахуй нэгжүүдэд дарамт шахалт ихтэй хууль болжээ. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлэл гаргаж байсан боловч үр дүн хариу үйлдэл төрийн зүгээс мэдэгдэхгүй байсаар байна. Татварын хууль баталсан өдрөөсөө хэрэгжихгүй өнөөдөр аж ахуйн нэгж татвар төлөгчдийн нуруун дээр шууд мэдэгдэхгүй байгаа тул олон нийтийн анхааралд өртөхгүй байна.
Яагаад Татварын багц хуулийг 200 томоохон компанид ашигтай 200000 татвар төлөгч иргэд, жижиг дунд бизнес эрхлэгч ААН-д дарамт шахалт учруулсан гэж үзээд байна вэ?
Монгол Улсын хэмжээнд татвар төлөгч 191000 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 95,9% нь жижиг бичил бизнес эрхлэгч, ЖДҮйлдвэрлэгчид байна. Харин Татварын багц хуулиар татварын 50% хөнгөлөлт эдлэх 11600 иргэн, 141 ААН, 90% хөнгөлөлт эдлэх 8268 иргэн, 55 ААН байгаа нь статистик мэдээгээр харагдаж байна. Татвар бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдийг газар зүйн байршил Улаанбаатар хотоос алслагдсан гэсэн ганц шалгуураар татвараас хөнгөлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд ямар ч ач холбогдолгүй томоохон ААН-н татвар төлөлтийг бууруулж өгсөн байна.
Татварын багц хуулиар жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөх, жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлөх зохицуулалт хийгдсэн нь ач холбогдолтой. Нэг талаас харахад ЖДҮ эрхлэгч, татвар төлөгч иргэдийг дэмжээд байгаа мэт харагдавч нөгөө талаас татвараа хугацаанд нь төлж чадахгүй бол танд Татварын алба, татварын байцаагчийн дарамт шахалт хүнд тусахаар хуульчилжээ.
Татвар төлөгч таны үйл ажиллагаа доголдох, борлуулалтын орлого буурах, татвараа төлөх битгий хэл ажилчдын цалингаа тавих боломжгүй нөхцлүүд зөндөө үүсдэг биз дээ. Ийм байдалд орж байсан аж ахуйн нэгжүүд олон гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Бизнес эрхлэгчидэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар гэх мэт 29 төрлийн татварын төрөл уг хуульд заагдсан.
Харамсалтай нь уг хуулиар энэ олон татварын дарамтаас өндийж чадахгүй татвар төлөгчдийг шийтгэх, хуулиар далайлгах эрх үүргийг чангаруулж төрөөс дэмжихгүй харин ч хуулийн нэр дор татварын өр төлбөрт дарагдах, чирэгдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Хэрэв та татвараа хуульд заасан хугацаанд төлж чадахгүй бол нөхөн ногдуулалтын актын өр тавигдана, улмаар таны хөрөнгийг татварын алба битүүмжилнэ дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж Та татварын өрөө төлж дийлэхгүй бол үг дуугүй хөрөнгөө алдах эрсдэл шууд утгаараа хуульчлагдсан байгаа.
Бас нэг хачирхалтай зүйл нь дотоодын аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгч татвар төлөгчдэд татварын алба, татварын байцаагч нарын дарамт, эрхийг хуульчлаад өгсөн хирнээ Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудыг дэмжсэн заалтууд их байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд одоогийн татварын хуулиар борлуулалтын орлогын 10-20 хувийн татварыг төлж байгаа гэтэл шинэ хуулиар 5-10 % болгож бууруулсан байна.
Одоогоор манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалтай компанийн 90%-ийг уул уурхайн болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна. Оюу толгой, “Самсунг”, “Самитомо”, “Кока-Кола”, “Иточу”, “Комацу”, “Хьюндэй”, “Проктэр эйнд Гамбэл”, “Форд”, “Мэрсэдис” гэх зэрэг.
Статистик тоон үзүүлэлтээс үзвэл 2018 оны байдлаар, Монгол Улсын хэмжээнд 14169 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 50 орчим хувь нь буюу 7084 нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байгаа ба гадаадаас санхүүжилт орж ирээд бүтээгдэхүүнээ борлуулж олсон орлого бусад санхүүгийн эх үүсвэрээс олсон орлогоос авч байсан 20 хувийн татварыг 5% болгож өгчээ.
Өөрөөр хэлбэл, татварын багц хуулиар гадаадын тэр дотроо Хятадын болон бусад гадаадын компаниудын эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалж дэмжиж өгөөд дотоодын аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн байдалд тавих хяналт чангарсан гэж үзэхээр байна.
Татвар нэмэгдсээр л байна. Засгийн газар 2018 оноос эхлэн хувь хүний орлогын татварыг шатлалтай болгосон нь таны бас миний цалинг буурууллаа. 2019 оноос эхлэн иргэний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувийг 11 болгож байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувь болгож нийлбэр дүнгээрээ хоёр хувиар нь нэмэгдүүлэв. Цаашлаад НДШ 2020 онд ажилтан 12% байгууллага 13-14% нэмэгдүүлнэ гээд л татвар төлөгч иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор үйл ажиллагааг нь өргөжүүлэхгүй байдалд шилжүүлээд байна. Та бүхэн нэгийг бодоод нөгөөг тунгааж үзээрэй.
Бизнес эрхлэгч үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээгээр НӨАТ төлчихөөд ашиг гарвал ААНОАТ төлнө, ажилчиддаа урамшуулал, ногдол ашиг өгвөл түүнээс нь ХАОАТ төлнө за тэгээд хэдэн төгрөг үр хүүхэддээ, тэтгэвэр гарахдаа хэрэглэе гээд банкинд хадгалавал хүүгийн орлогын татвар төлсөөр нэг татвар төлөгч 4-5 төрлийн татварыг шат дараалан төлж байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хүн амын амжиргааны төвшинг дээшлүүлье гэж лоозонг дэвшүүлэх бус татварын уян хатан бодлоготой байх ёстой болохоос бус жижиг бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлмээргүй байна. Жил гаруй дуншиж байгаад батлагдсан Татварын багц хууль шинэчлэл бус харин ч татвар төлөгчдийг ялгаварласан, гадаадын хөрөнгө оруулагчид нэртэй үндэстэн дамнасан компаниудыг дэмжсэн хууль батлагджээ.
Иймд УИХ-ын ээлжит бус чуулганаар 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр батлагдсан Татварын багц хууль татвар төлөгчдөд шинэчлэл бус дарамт дагуулсан хууль болсон байна.