Шийдвэр гаргагчид нийслэлчүүдийн өдөр тутмын асуудал болох түгжрэлийг шийдэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч төдийлөн амжилттай болоогүй. Эцэст нь, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2023 оноос эхэлж буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглоно гэдгээ гуравдугаар сард мэдэгдсэн. Одоо намрын чуулганаар хэлэлцэх Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг хориглох бололтой.
Тэгвэл асуудал үүсгээд буй зөв болон буруу рулийн маргаан хэзээнээс эхлэлтэй, яагаад жолооны хүрд түгжрэлийн асуудал болов.
Манай улсын хувьд 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” хэмээн тусгаж өгснөөр баруун гарын дүрмийг баримтлах болсон түүхтэй. Ингэснээр иргэд автозамаар явахдаа баруун бус зүүн гар талдаа жолооны хүрдтэй /Рультэй/ автомашин унах хэрэгцээ гарч буй. Гэвч өдгөө нийслэлчүүдийн “садаа” болсон автомашины дийлэнхийг буруу талдаа рультэй буюу Япон улсад үйлдвэрлэсэн автомашин эзэлж байна.
Монгол Улс 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл 630 мянган суудлын автомашиныг Япон улсаас авчээ. Дахин сануулахад, зөвхөн суудлын автомашины тоо. Уг хоёр тооноос хөөж, хэзээнээс автозам Японы автомашин үйлдвэрлэгчийн логогоор дүүрч нийслэлчүүд бухимдаж эхэлсэн түүхийг товчилъё.
Манай улсад хамгийн анх 1913 онд Богд хааны хүсэлтээр "FORD" үйлдвэрийн машин орж ирж байлаа. Үүнээс хойш манай улсын автомашины ханган нийлүүлэгчээр ОХУ ажилласан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар импортын автомашиныг бүртгэж эхэлсэн 1995 оноос харвал импортын машины дийлэнхийг ОХУ нийлүүлдэг байв. Тухайн жилдээ Япон улсын буруу талдаа жолооны хүрдтэй автомашин 110 ширхэг л орж ирсэн гэх статистик мэдээ байна. Гэвч арван жилийн дараа 2005 он гэхэд жилдээ арван мянган суудлын автомашин импортлох болсноор 1.7 хувийг эзэлдэг байсан Япон улсын автомашины импортын хэмжээ 70 хувьд хүрсэн түүхтэй.
Харин тус үеэс эхлэн /2005 он/ нийслэлийн авто замын түгжрэл мэргэжлийн хүрээнд хөндөгдөж эхэлсэн. Ийн түгжрэлийг төдийлөн тоохгүй явсаар 2010 онд замын хөдөлгөөний дундаж хурд 35 км/цаг болоход асуудал хурцаар тавигдаж 2012 онд түгжрэлийн эхний шийдвэр гарч байв. Тодруулбал, Офицеруудын ордноос Таван шар хүртэл замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн их багтаамжийн автобусыг давуу эрхээр явуулж эхэлсэн бөгөөд дугаарын хязгаарлалт гээчийг эхлүүлсэн түүхтэй. Дугаарын хязгаарлалт эсрэгээрээ автомашинтай хэрэглэгчийн тоог нэмсэн, боломжтой айлууд хоёр машинтай болох эхлэл тавигджээ. Учир нь, 2012 онд Улаанбаатарт бүртгэлтэй автомашины тоо 308 мянга байжээ. Харин өнгөрсөн 10 жилд хоёр дахин нэмэгдэж 642 мянгад хүрээд байна.
Үндсэндээ, тухайн үед буруу талдаа рультэй машины импортыг хориглох бус дугаарын хязгаарлалт мэтийн аргацаасан шийдвэрээс болж автомашины тоо, хүн амын нягтрал улам ихсэж, түгжрэл буурсангүй. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох талаар ярьсан ч “УЛС ТӨРЖИЛТ”-д дийлдэн хориглож чадаагүй. Улстөрчдийн болон намын бодлого иргэдийн ая тухтай, амгалан тайван байхад зорих ёстой. Харин АН, МАН өөр учир эсрэг тэсрэг бодлоготой байх нь зүй ёсных хэмээсээр хязгаарлахыг зэхэж байсан буруу талдаа рультэй автомашиныг нь 2016 онд МАН дэмжих болов. Тодруулбал, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрээр Япон улсын экспортолж байсан 8004 төрлийн барааны тариф, гаалийн татвараас чөлөөлөгдсөн. Ийн Япон улсаас орж ирэх 0-3 жил ашигласан автомашины импорт татваргүй болж, 4-6 жил ашигласан автомашины татвар жил тутам буурахаар тохирчээ. Тус шийдвэр нь Япон автомашины үнийг буулгах ажил хэмээж байв. Машины үнэ хямдрах тусам эрэлт нэмэгдэнэ. Тиймдээ ч тус шийдвэрийн дараагаар 33 мянган автомашин импортолдог байсан нь 12 мянгаар нэмэгдэж 45 мянгад хүрсэн. Ийн явсаар 2019 онд хоёр дахин нэмэгдэн 65 мянган суудлын автомашин импортлон дээд цэгтээ хүрч шинэ “рекорд” тогтоов. Мөн түгжрэлийг ч дээд цэгт нь тулгав.
2012 оноос буруу талдаа хүрдтэй автомашиныг хориглосон бол өдгөө нийслэлийн түгжрэл буурахын сацуу гадагш гарах мөнгөн урсгал ч зогсох давуу талтай байж. Тухайлбал, Япон улсаас суудлын автомашин авахын тулд 24 жилийн хугацаанд 3,929,478.8/нэгж-мянган доллар/ долларыг Монголын иргэд гадагш зөөжээ. Товчхондоо, ийм хэмжээний мөнгөөр түгжрэлийг худалдаж авсан түүхтэй. Харин өдгөө “ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох юм гэнэ. Хэрэв Японы автомашин импортыг зогсоовол жилдээ 50-60 мянган автомашинаар бус гурван мянгаар л нэмэгдэх юм. Үүнээс харвал өнгөрсөн жилүүдэд бусад улсаас жилдээ гурав орчим мянган автомашин авч Япон улсаас 90 гаруй хувийг нь авдаг гэсэн үг юм.
Улаанбаатар хотод 500 мянга орчим өрх, 1.6 сая иргэн аж төрж байна. Хотод бүртгэлтэй автомашины тоо 642.3 мянга давсан. Үүний 90 гаруй хувь нь буруу талдаа рультэй машин эзэлж байгаа юм. Тэгэхээр төр буруу талдаа рультэй автомашины импортыг хоригловол хамгийн түрүүнд иргэд л хохирно. Байдгаа шавхаж, өмч хөрөнгөөрөө худалдан авсан автомашинаа хөдөлгөөнд оролцуулахгүй байна гэдэг нь иргэдийн том асуудал, эсэргүүцэл үүсгэх нь ойлгомжтой.