ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны тархвар судлалын судлаач Э.Уянгатай ярилцлаа.
-Монгол Улсын хэмжээнд сүрьеэ өвчний тархалт ямар төвшинд байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн тархалтын анхны судалгааг 2016 онд хийсэн байдаг. Судалгаагаар сүрьеэгийн өвчлөл 100 мянган хүнд 220 тохиолдол байна гэж бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ бол сүрьеэтэй нийт хүний гуравны нэгийг нь л илрүүлсэн байдал. Нэг үгээр хэлбэл, гурван хүн тутмын нэгийг л оношилж, илрүүлсэн гэсэн үг. Учир нь сүрьеэ өвчин бол агаар дуслын замаар халдварладаг учраас тархалт өндөр байдаг. Сүүлийн үед олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол эрс нэмэгдсэн нь Монголчуудын дунд сэтгэл түгшээсэн асуудал болоод байна. Монгол дахь эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалтын судалгааг хийхэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 3.8 дахин нэмэгдсэн судалгаа гарсан.
-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 3.8 дахин нэмэгдсэн гэж байна. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Сүрьеэ үүсгэгч микробактери гэж байна. Тэр нь сүрьеэг эмчилдэг эмэнд тэсвэртэй болчихсныг олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж нэрлээд байгаа юм. Тэсвэржилтийн шинж чанар нь нэмэгдэж, эмэнд тэсвэртэй болчихож байгаа гэсэн үг. Мэдрэг сүрьеэ гэхэд эм уугаад 6-8 сарын дотор эмчлэгдэх боломжтой байдаг бол олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 24 сар хүртэл хугацаагаар эмчлэх, тасралтгүй эм уух шаардлагатай болно гэсэн үг.
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг үүсгэдэг хүчин зүйл бол эмийн зохистой хэрэглээ алдагдах, эмчилгээ болон эмээ таслах зэрэг хүчин зүйлээс шалтгаална. Мөн сүрьеэгийн эм үйлдвэрлэж буй компаниудын эмийн чанарын асуудлаас шалтгаалах нь бий. Түүнээс гадна анх өвдөхдөө л олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж болно. Энэ нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвартай хүнээс шууд халдвар дамжсан гэсэн үг юм.
Сүрьеэг ханиадтай андуурч хүндрүүлэх тохиолдол их байна
-Сүрьеэ эсвэл ханиад уу гэдгийг яаж ялгаж оношлох вэ. Сүрьеэг ханидтай андуурч буруу эмчилгээ хийх, улмаар хүндрэх тохиолдлууд байдаг уу?
-Сүрьеэг ханиадтай андуурч дур мэдэн эмчилгээ хийж, эм ууснаас болоод тухайн сүрьеэ хожуу үедээ оношлогдох, хүндрэх эрсдэлтэй байдаг. Хэрвээ сүрьеэ туссан бол 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, хоолонд дургүй болох, ядарч сульдах, шөнө хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ийм шинж тэмдэгүүд илэрвэл дур мэдэн эмчилгээ хийлгэхгүйгээр яаралтай эмчид хандах хэрэгтэй.
-Бараг хүн болгон сүрьеэ үүсгэгч бактерийг биедээ тээж явдаг гэдэг. Ямар тохиолдолд сүрьеэгээр өвчилдөг юм бэ?
-Сүрьеэгийн халдвар авах, өвчлөх гэдэг хоёр өөр ойлголт. Амьсгалын замын халдварт өвчин учраас хэн ч өртөх, тусах магадлалтай байдаг. Ихэнх тохиолдолд дархлаа суларсантай холбож тайлбарлах нь бий. Хүний биеийн дархлаа суларчихаар биед орсон халдвар нь идэвхижээд өвчин болдог. Сүрьеэгийн микобактери хүний биед эсэргүүцэл сайн байвал дархлаа нь дарангуйлаад микобактерийг унтаа байдалд шилжчихдэг.
Хоёрхон цагийн дотор сүрьеэгийн микробактерыг илрүүлж, тэсвэржилтийг тогтоодог аппараттай болсон
-Шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр сүрьеэгийн тархалтын бүс нутгууд харилцан адилгүй байдаг гэдэг. Монголын хувьд сүрьеэгийн тархалтын бүс нутгууд хаагуур байна вэ?
-Тархалтын бүсээр бол сүрьеэгийн 50-60 хувь Улаанбаатарт, үлдсэн хувь нь төмөр зам дагасан газраа буюу Төв, Зүүн хэсэгт өвчлөл өндөр байна. Транс-Сибирийн төмөр замын шилжилт хөдөлгөөнийг дагаж сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа бүс нутгууд илэрсэн. Тухайлбал, Сэлэнгэ, Дорнод, Улаанбаатар, Дархан-Уул аймгуудад сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас нэлээд өндөр хувьтай байгаа.
Сүрьеэ вирусаар биш бактериар үүсгэгддэг өвчин. Монголд 90 орчим хувьд нь Бээжин хэв шинжийн сүрьеэгийн вирус давамгайлдаг. Манайх Хятад болон ОХУ өвчлөл их өндөртэй улсуудтай хиллэдэг. Үүний улмаас манайд Транс Сибирийн төмөр замаар дамжсан халдвар их байдаг.
-Сүрьеэгийн үндэсний лавлах лабораториор жилдээ хэчнээн хүн оношлуулж, түүнээс хэд нь сүрьеэтэй гардаг вэ. Оношилгооны хувьд ямар төрлийн тоног төхөөрөмж, аппарат ашиглаж байна вэ?
-Сүрьеэгийн үндэсний лавлах лабораториор жилдээ 15 мянга гаруй хүний 27 мянга гаруй түрхцийн шинжилгээ хийлгэж байна. Үүнээс оношилгооны шинэ 1500 тохиолдол эерэг буюу сүрьеэтэй илэрч байна. 21 аймгийн есөн дүүргийн иргэдэд сүрьеэ оношилгоо, хяналтын шинжилгээ хийдэг. Энэ жилээс 16 модультай сүрьеэ оношилгооны женексперт аппаратыг ашиглаж байна. Хоёрхон цагийн дотор сүрьеэгийн микробактерыг илрүүлж, тэсвэржилтийг тогтоодог шинэ төрлийн аппарат байгаа.