Хонины сүүлний ач холбогдлын талаар их эмч Б.Санчиртай ярилцлаа.
-Өөх тос хүний биед хэр чухал вэ. Ялангуяа малын гаралтай өөх тос ямар ач холбогдолтой вэ?
-Хүний биед нэг хоногийн турш бодисын солилцоо хэвийн явагдахад өөх тосны багагүй хувь тусалж байдаг. Тэгэхээр өөх тос бидний биед хэрэгтэй шим тэжээлийн нэг хэсэг юм. Насанд хүрсэн эрэгтэй хүний хувьд 75 гр өөх тос, эмэгтэй хүн 65 гр өөх тосыг хэрэглэх ёстой гэсэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын удирдамж байдаг. Бидний хэрэглэх ёстой өөх тосны 20 хувийг малын гаралтай өөх тос, үлдсэн 80 хувийг ханаагүй өөх тос буюу ургамлаас гаргаж авсан өөх тосыг хэрэглэх ёстой гэж үздэг.
Өөх тос нь хүний биед орж маш олон төрлийн даавруудын хэвийн үйл ажиллагаа явуулахад зохицуулж өгдөг. Мөн хүний бие эсээс тогтсон байдаг бөгөөд тэдгээр эсийн гаднах бүтцийг бий болгож өгдөг. Витамины нийлэгжилтийг зохицуулдаг. Тухайлбал тосонд уусдаг A, D, E, K гээд маш чухал дөрвөн витамин хүний биед шимэгдүүлэхэд өөх тос маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр өөх тос хүний биед дутагдаж болохгүй. Ханасан өөх тос буюу малын гаралтай өөх тосыг хэрэглэх ёстой. Зарим хүн хэрэглэхийг бүр хориглочихсон байдаг энэ нь буруу. Малын гаралтай өөх тосыг хэрэглэхдээ хонины сүүл, өвчүүний өөх зэргийг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг. Яагаад эдгээрийг зөвлөдөг вэ гэхээр хонь сүүлэндээ, үхэр өвчүүндээ, хүн хэвлийн өөхөндөө илүүдэл шимт бодисыг нөөцөлдөг. Хүн хэвлийгээрээ таргалаад байгаа бол хоолоороо авч байгаа шим тэжээл ихдэж байгааг харуулж байгаа юм. Харин хонь, үхрийн хувьд бэлчээрт байгаа өвс, ургамалд агуулагдаж байгаа шим тэжээлүүдийг өөртөө хуримтлуулдаг.
-Хонины сүүлийг хоол хүнсэндээ тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд сайн гэж ярьдаг. Тэгэхээр хонины сүүлэнд агуулагддаг шим тэжээлүүд болон биед үзүүлэх ач тус нь юу вэ?
-Газар нутгийн онцлогоос хамаарч тухайн мал ямар шим тэжээлтэй ургамал идэж байгааг сайн мэдэхгүй учраас тухайн малын мах, өөхөнд ямар витамин агуулагдаж байгааг мэдэх хэцүү. Тэгэхдээ мал амьтны гаралтай тосонд ихэвчлэн A, D, E, K витаминууд болон олон төрлийн эрдэс бодисууд ихээр агуулагддаг. Тийм учраас бид малын гаралтай өөх тосыг огт хориглож болохгүй тодорхой хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Хэрэглэх зөв гээд хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Хоногт 15-20 грамм өөх хэрэглэх нь хангалттай гэж үздэг. Хэрвээ энэ хэмжээнээс хэтрүүлэн идвэл судас хатуурч, судасны хананы дотор талд өөхөн эд хуримтлагдана, судас нарийсна гэх мэт асуудлууд үүсэх учраас тохируулж хэрэглэх хэрэгтэй.
-Хонины сүүлийг ядаргаа тайлахад их тустай гээд биедээ түрхэж хэрэглэдэг нь ямар учиртай юм бэ?
-Тухайн арьс салст сүүлний өөхөнд байгаа шим тэжээлийг өөртөө шимэгдүүлдэггүй. Ядарсан байгаа биеийн аль нэг хэсэгт тос түрхэж массажлаж л өгч байна юм. Ингэснээр тухайн хэсгийн цусан хангамж сайжирна, цусан хангамж сайжрахаар хоол хүнсээр дамжин цусанд орж ирсэн шим тэжээлүүд нь биед маш хурдан тархаж өгдөг учраас биед эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Ядарсан бол заавал сүүлний тос гэх хэрэггүй. Урин дулааны цагт хурдан шингэхүйц усан суурьтай тосоор биеэ тослох нь илүү үр дүнтэй байдаг. Харин хүйтэн сэрүүний улиралд тосон суурьтай мал амьтны гаралтай тосыг хэрэглэх нь зөв гэдгийг арьсны эмч нар зөвлөдөг. Тэгэхээр бид ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ улирал, цаг хугацаандаа тохируулж хэрэглэх шаардлагатай юм.
-Үхэр шим тэжээлээ өвчүүндээ хуримтлуулдаг гэсэн. Өвчүүний өөхний ач тус юу вэ?
-Ганцхан үхэр гэлтгүй ерөнхийдөө мал өвчүүндээ тодорхой хэмжээний шим тэжээлийг хуримтлуулдаг. Бусад өөх нь илүү шим тэжээлийн агууламж муутай, цэвэр нүүрс ус, энергиэс үүссэн өөх тос гэж үздэг байгаа.
-Бага насны хүүхдэд сүүл хөхүүлдэг. Энэ нь хэр зөв бэ?
-Сүүлэнд уургийн агууламж бага байдаг. Бага насны хүүхдэд сүүл хөхүүлэхийг одоо ер нь болиод байгаа шүү дээ. Тэгэхдээ сүүлний өөхөнд кальцийн агууламж байдаг учраас кальци өгөх зорилгоор хэрэглүүлдэг. Түүнчлэн манай улсын хоолны соёлтой холбоотой гэж үздэг.