Монголын цорын ганц олсон дээр алхдаг уран бүтээлч бол циркийн жүжигчин М.Мягмарсайхан юм. Тэрээр өнгөрсөн жил Улаан цутгалан дээгүүр 28 метрийн өндөрт 57 метрийн урттай олсон дээгүүр ямар ч хамгаалалтын бэхэлгээгүйгээр амжилттай алхсан юм. Харин энэ жил наймдугаар сарын 8-ны өдөр Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр, 130 метрийн урт утас татаж алхах гэж байна. Ингээд циркийн жүжигчин М.Мягмарсайхантай ярилцсанаа хүргэж байна.
-Таны хувьд маш өндөрт утас татан бэхэлгээгүйгээр алхдаг үзүүлбэр хийдэг шүү дээ. Энэ үзүүлбэрийг үзүүлээд хэдэн жил болж байгаа вэ. Анх хаанаас гараагаа эхлэв?
-Анх 2002 онд Швейцарын жүжигчин, өндрийн утсан дээр алхах үзүүлбэрийн гиннесийн 25 удаагийн амжилт эзэмшигч Фредди Ноктой гэрээ байгуулж, Швейцарт найман жил түүнтэй хамтарч ажилласан. Түүнээс өмнө нь акробатын жүжигчнээр ажилладаг байсан. Ингээд Фредди Ноктой хамтран ажиллаж өндөр утсан дээр хэрхэн алхах талаар бүх зүйлсийг заалгаж, сурч, түүнтэй хамтарч үзүүлбэр үзүүлдэг болсон. 2010 онд бидний гэрээний хугацаа дуусаж, би нутагтаа ирж өөрийн уран бүтээлийг хийж эхэлсэн. Тэгэхдээ Монголд ирээд өндрийн утсан дээр явах үзүүлбэрийг хийгээгүй. Харин 2019 онд Швейцарт очиж Фредди Ноктой уулзахад тэр надад яагаад сурсан зүйлээ эх орондоо хийхгүй байгааг асууж, сурсан зүйлээ үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингээд Монголд ирж зун нь аялж явахдаа Улаан цутгалан дээгүүр олстой алхах санаа төрөөд найз нөхөдтэйгөө зөвлөлдөн Улаан цутгалан дээгүүр амжилттай алхсан. Харин энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхахаар шийдсэн. Ерөнхийдөө жил бүр үзүүлбэрээ шинэ төвшинд ахиулж илүү урт, өндөр болгон үзүүлбэрээ үзүүлэхийг зорьж байгаа.
Өндрийн утсан дээр алхах үзүүлбэр нь Монгол Улсад анхдагч учир хүнд их үзүүштэй. Цаашдаа би Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг сурталчлах маягаар үзүүлбэрээ үзүүлнэ гэж төлөвлөж байгаа. Өмнө жил Улаан цутгалан байсан бол энэ жил Чулуутын хавцал дараа жил Хоргын тогоо дээгүүр алхана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна олсон дээр зүгээр алхахгүй цаашдаа олсон дээр дугуйтай, мотоциклтой явах зэрэг гэсэн янз бүрийн төлөвлөгөөтэй байгаа.
-Хүмүүс их асуудаг байх. Яагаад ийм эрсдэлтэй үзүүлбэр үзүүлэх болсон вэ?
-Хүмүүс хэнд ч хэрэггүй энэ эрсдэлтэй зүйлийг яагаад хийгээд байгаа юм бэ гэж их асуудаг. Би энэ үзүүлбэрийг бүхэл бүтэн 18 жид хийж ирсэн. Энэ хугацаанд би ямар нөхцөлд хэрхэн алхах, унахдаа хэрхэн зөв унах гээд бүх зүйлийг сурж, мэдсэн. Өндрийн олсон дээр алхахаас өмнө аюулгүй байдлыг хангаж бүх зүйлийг нарийн шалгасны дараа явдаг. Зүгээр нэг хоёр байшингийн хооронд өөрөө олсоо татаад өөрөө бүгдийг хийгээд явдаг зүйл биш. Хэдийгээр би олсон дээр ганцаараа явж байгаа ч миний ард аюулгүй байдлыг ханган 20 гаруй хүн ажиллаж байдаг. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй учраас эрсдэлтэй гэж хардаг. Гэтэл энэ тийм ч эрсдэлтэй зүйл биш бүх зүйл нарийн төлөвлөгөөний дагуу явдаг.
Харин юу хамгийн эрсдэлтэй вэ. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор 30 гаруй хүн амь насаа алдсан байна. Тэд өнөөдөр эрсдэлгүй гэж бодон гэрээсээ гарсан хүмүүс. Өнөөдөр намайг өндөр дээр алхаж байхад "энэ тэнэг" гэж бодож байгаа боловч тэд машин унахдаа надаас илүү тэнэг үйлдэл хийдэг. Жолооч нар орон нутгийн замд яаж машин гүйцэж түрүүлдэг билээ, ямар аюултай алхмуудыг хийдэг билээ. Тэдгээрийн хажууд миний хийж байгаа алхам бол яг тэнцвэрээ олсон зөв алхам гэж боддог. Амьдрал бол тэнцвэр. Өнөөдөр би нарийхан олсон дээр алхаж байхдаа нэг л буруу алхсан тохиолдолд унана. Амьдрал үүнтэй яг ижил та нэг буруу алхам хийсэн бол та унана. Тиймээс би эрсдэлийг нарийн тооцоолж энэ бүх зүйлийг хийж байгааг иргэд ойлгоосой гэж хүсч байна.
-50 метрийн өндөртэй, 130 метрийн олсон дээр алхана гэж байгаа. Үүнээс өндөр, урттай олсон дээр алхаж байсан уу. Таны хувийн рекорт хэд вэ?
-2009 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайн тэмцээнд Хан мөрний дээгүүр татсан, 30 метр өндөр, нэг км урт олсон дээгүүр 12.55 минут гүйж, дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Энэ нь миний хамгийн урт олс энэ байсан. Харин өндрийн хувьд одоо Чулуутын хавцал 50 метрийн өндөр байх болно. Үүнээс өмнө 2005 онд Швейцар улсад, 30 метрийн өндөрт татсан, 120 метр урт утсан дээгүүр, шөнө нуруундаа салют бэхлэн алхсан. Мөн Германд циркийн барилга болон томоохон байгууламжийн хооронд татсан 15-30 метр өндөр, 40 метр урт, өгсүүр, чанга утсан дээгүүр гүйж байлаа. 2008 онд Швейцарын Үйркхайм тосгонд, 30 метр өндөр дээр, 80 метр урт утсан дээр явсан гээд тоочоод байвал их.
-130 метрийн урттай олсон дээр алхахад хэдэн минут шаардагддаг вэ?
-Ерөнхийдөө 5-10 минут л шаардагдана. Олсон дээр алхахдаа тэнцвэрээ олдог төмөр барьж явдаг. Төмөр нь урт учир тодорхой хэмжээний жинтэй удаан алхвал гар ядарна. Тийм учраас төмрийн жин их чухал. Үүнийг маш сайн тооцоолж сонгож барьж явдаг. Хэт хүнд төмөр нь гар ядрааж тэнцвэр алдахад нөлөөлнө. Харин хэт хөнгөн төмөр нь багахан салхинд унагаах аюултай байдаг.
-Айдсаа хэрхэн даван туулдаг вэ?
-Арав ч юм уу арван хоёр давхар байшин дээр гараад доошоо харахад эвгүй мэдрэмж төрдөг ч олсон дээр гараад зогсоход би маш тайван мэдрэмжийг авдаг. Яагаад гэдгийг тайлбарлаж хэлж чадахгүй ганцхан энэ миний газар шүү л гэсэн бодол надад байдаг. Мэдээж олсон дээр гарахын өмнө тодорхой хэмжээнд бага зэргийн айдас байдаг.Харин олсон дээрээ нэг алхсан л бол тэр бүх айдас шууд мартагддаг.
Олсон дээр алхаж байх үедээ байнга өөртэйгөө ярьж, тайвшруулж явдаг. Хэзээ ч яарч явж болохгүй яарвал алдаа гаргах эрсдэлтэй.
-Таны алхдаг олсны өргөн хэд вэ?
-Ерөнхийдөө олс 15 миллиметрийн өргөнтэй байдаг. Тэр нь гарын долоовор хуруутай адилхан бүдүүнтэй гэсэн үг юм.
-Анх үзүүлбэр хийж сурч байхад унаж бэртэх гээд хэцүү үеүд их гарсан байх. Тэдгээр бэрхшээлүүдийг хэрхэн даван туулдаг вэ?
-Анх бэлтгэл хийж байхдаа янз, янзаар унаж бэртэж байсан. Олсон дээрээ унаж хавиргаа гэмтээж байсан үе ч байгаа. Мөн циркийн тоглолтын үеэр 9 метрийн өндрөөс унаж байсан. Тэр үед харин азаар бэртэл гэмтэл аваагүй. Би хийж байгаа зүйлдээ маш их дуртай учир шантрах, бэртэх гэсэн асуудал гарч байсан ч даван туулаад үүнийгээ үргэлжлүүлдэг.
-Монголдоо анхдагч гэж хэлж болох уу?
-Одоогийн байдлаар Монголд энэ төрлөөр үзүүлбэр үзүүлж байгаа хүн надаас өөр байхгүй байгаа. Циркийн үзүүлбэр үзүүлж гурван метрийн өндөрт алхдаг үзүүлбэр үзүүлдэг залуус байдаг. Тэгэхдээ яг миний хийж байгаа тэнгэрийн алхалтыг хийж байгаа хүн байхгүй.
-Монголдоо ганц гэлээ. Тэгэхээр энэ төрлийн үзүүлбэрийг улсдаа хөгжүүлэхийн тулд доороо шавь бэлтгэх үү?
-Яг одоогоор шавь бэлтгэх бодол байхгүй байгаа. Яагаад гэвэл би өөрөө цааш таван жил энэ үзүүлбэрийг хийнэ. Ерөнхийдөө 46 нас хүртлээ энэ үзүүлбэрээ хийнэ. Харин тэр цагаас хойш шавь бэлтгэж энэ төрлийн үзүүлбэрийг Монголд хөгжүүлнэ.
-Та циркт хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Циркт ороод 29 жил болсон байна. Ирэх жил миний 30 дахь жил болно. Энэ үеэр боломж нь бүрдвэл өөрийн бие даасан тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Би 12 настайдаа анх циркт дагалдан жүжигчнээр орж байсан. Тийм учраас тэр үеэс өнөөг хүртэл хийсэн бүх үзүүлбэрүүдээ оруулсан тоглолт хийнэ гэсэн бодолтой явдаг.
-Цаашдаа том зорилго юу вэ. Дэлхийн томоохон хотуудад очиж үзүүлбэрээ үзүүлнэ гэж бодож байгаа юу?
-Дэлхийд гарах талаар ерөнхийдөө бодож байгаа. Фредди Ноктай хамтарч чалленж хийнэ гэж ярьсан байгаа. Жишээ нь, би Швецарт очиж Фредди Ноктой хамт Альпийн нуруун дээгүүр алхах, Фредди Нок манай улсад ирж надтай хамт манай улсын Байгалын үзэсгэлэнт газрууд дээгүүр алхах зэрэг чалленж хийнэ. Тэгэхдээ энэ нь хугацааны хувьд тодорхойгүй байгаа. Ямар ч байсан ойрын гурван жил дотроо хийнэ гэж ярилцсан.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.