Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Б.Номин: Сургуульд орох хүүхдэдээ ‘сургууль гоё’ гэж хиймэл хүлээлт үүсгэхгүй байх хэрэгтэй

Б.Номин: Сургуульд орох хүүхдэдээ ‘сургууль гоё’ гэж хиймэл хүлээлт үүсгэхгүй байх хэрэгтэй
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 17
Нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настнуудын сэтгэлзүйн асуудлаар “Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн”-гийн сэтгэл судлаач, доктор Б.Номинтой ярилцлаа.
-Нэгдүгээр ангид орох гэж байгаа хүүхдийнхээ сэтгэлзүйг эцэг эхчүүд хэрхэн бэлдэх ёстой вэ?
-Нэгдүгээр ангид орно гэдэг нь хүүхдийн хувьд цоо шинэ зүйл байдаг. Мөн хүүхэд анх удаа үүрэг даалгавар хүлээж журамд захирагдаж, хязгаарлагдмал байдал ордог учраас маш их стресст ордог. Иймд эцэг эхчүүд энэ үед нь хүүхдэдээ тэвчээртэй хандаж, хүүхдээсээ олон зүйл шаардахгүй байх хэрэгтэй.
Анх сургуульд орох гэж байгаа хүүхдийнхээ сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдэдээ “сургуульд ороод гоё байна”, “сургууль гоё” гэх мэт хиймэл хүлээлт бий болгохгүй байх дээр анхаарах шаардлагатай. Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ сургуулийн амьдралын талаар хэт гоё байх хүлээлтийг өөрсдийн яриагаар бий болгочихдог. Яг үнэндээ бодит байдал дээр энэ нь тэс өөр байдаг учир хүүхдэд стресс болдог. Үүнээс гадна эцэг эхчүүд маань хүүхдээ “хэд сурах бол”, “онц сурч чадах болов уу” гэх мэт бодлуудаас болж давхар сэтгэлзүйн хямрал, айдас түгшүүрт ордог. Хүүхэд шинэ зүйлд дасан зохицохын тулд цаг хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд хүүхэд бусдаас өөр байж болох учир үүнд эцэг эхчүүд сэтгэл санаагаа бэлтгэх, хүүхдэдээ өндөр шаардлага тавихгүй байх хэрэгтэй.
-Нэгдүгээр ангийнхны хувьд анх удаа олон цагаар сууж хичээл хийж оюуны ачаалал авдаг. Хэт их ачаалал авснаар хүүхдийн оюу ухаан болон сэтгэлзүйд ямар сөрөг нөлөө илэрдэг вэ?
-Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор шууд тархи болон мэдрэлийн системд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хүний тархи тодорхой энергийн тусламжтайгаар ачаалдаг. Тэр энерги нь зарим хүүхдийн хувьд бага болон дунджаас дээгүүр байдаг. Энэ энерги нь ямар байх нь хүүхдээс шалтгаалахгүй харин нойр, сэтгэл санааны тайван байдал гэх мэт зүйлээс хамаардаг. Дунджаас дээгүүр энергитэй хүүхдүүдийн хувьд ачаалал даах чадвартай байдаг ч бага хүүхэд ачаалал дааж чадваргүй байдаг. Ингэснээр хүүхдийн сэтгэл санаа болох зан үйлдэлд давхар нөлөө гарна. Хамгийн түрүүнд ажиглагдах зүйл бол хүүхэд ядрах, сульдах, сонирхолтой зүйлдээ сонирхолгүй болох, сургуульдаа явахаас дургүйцэх, илүү уцаартай, түрэмгий болох, цочимтгой болох, уйламтгай болдог. Сэтгэцийн талаасаа ойрхон ойрхон эвшээх, нүдээ анивчих, хумсаа мэрэх, үсээ зулгаах, орондоо шээх зэрэг байдлууд нь ажиглагдана.
-Зарим эцэг эх "манай хүүхэд угаасаа нүдээ анивчаад байдаг юм" гээд тоодоггүй. Дээрх шинж тэмдгүүдийг тоохгүй орхивол хүндрэх эрсдэлтэй юу?
-Хүний бие организм нь тодорхой хугацаанд аливаа үйлдэлд дасан зохицох чадвартай байдаг. Тэгэхээр хэсэг хугацааны дараа дасан зохицоод даван туулж магадгүй. Хэрвээ энэ байдлаа даван туулж чадахгүй бол илүү хүндэрнэ. Нөгөө талаасаа илүү далд хэлбэр рүү шилжиж болдог. Тухайлбал эцэг эх нь "битгий хумсаа мэрээд бай" гээд хэлэхээр хүүхэд больсон ч гэсэн орондоо шээдэг болох эсвэл ямар нэг юмнаас харшилтай болдог. Харшил нь сэтгэл санаа, мэдрэлтэй холбоотой байдаг. Зан чанар гэхээсээ илүү бие махбод талдаа илүү хор нөлөөтэй.
-Хүүхдээ хичээлээс гадуур өглөөнөөс орой хүртэл маш олон сургалтад суулгадаг. Энэ нь хэр зөв бэ. Хүүхэд хэдээс хэдэн цагийн ачаалал даах чадвартай байдаг вэ?
-Есөн нас хүртэл хүүхдийг хичээлээс өөр сургалтад суулгахгүй байхыг зөвлөдөг. Яагаад гэвэл энэ үед хүүхдийн тархи маш эмзэг байдаг учир хэт их ачаалал өгснөөр мэдрэлд нөлөөлөх боломжтой. Есөөс дээш насанд хүүхдийн тархины булчин хөгжиж ачаалал даах чадвартай болдог. Тэгэхээр энэ үед ганц нэг дугуйланд явуулж болно. Эцэг эхчүүд хүүхдээсээ ямар нэгэн амжилт шаардаад байдаг. Энэ нь хүүхдэд оюуны ачаалал болдог учраас эцэг эхчүүд хүүхдээ мундаг байлгах дээр яарахгүй байх хэрэгтэй.Үүнээс гадна эцэг эхчүүд маань өөрсдийн сэтгэлзүйн асуудлаа хамгийн нэгт тавьж стрессээ зохицуулж байх юм бол нь энэ нь хүүхдэдээ зориулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү.
-Эцэг эхчүүд хүүхдээ хичээлийг нь хийлгэх гэж нэлээд л юм болдог. Хүүхэд нь чадахгүй ойлгохгүй тохиолдолд хүүхэдтэй гар хүрэх, загнах тохиолдол гардаг. Тэгвэл энэ насны хүүхэдтэй яаж харьцах хэрэгтэй вэ?
-Сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүддээ бид онцгой анхаарах ёстой. Яагаад гэвэл хүүхэд бага анги буюу нэг, хоёр, гуравдугаар ангидаа юмыг хэрхэн яаж сурах, сурах явцад нь эцэг эхчүүд хэрхэн дэмжлэг өгч байгаагаас хамаарч тэр хүүхэд ирээдүйд ажилдаа дуртай байх, хичээл ном гэдэг зүйлийг сонирхох уу, хийсэн ажлаасаа таашаал авдаг болох уу гэдэг нь хамаардаг. Хүүхдүүд сургуульд орохдоо өөрийгөө том хүн болж байна гэж бодож сэтгэл хангалуун ордог. Гэтэл сургуульд ороод үүрэг хариуцлага хүлээгээд гэрийн даалгавар хийх зэрэг ачааллыг авдаг. Энэ үед нь эцэг эхчүүд дэмжлэг өгөхийн оронд хүүхдээ "чи хийх ёстой, чадах ёстой, чи залхуурч байна" гэх мэтээр шаардаж, дарамталж эхэлдэг. Энэ нь маш буруу зүйл. Эцэг эхчүүд эхний гурван сар хүүхдэдээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. 15 минут амраагаад 20 минут хичээлийг нь хийлгэх зэргээр амралтыг өгч байх шаардлагатай. Хүүхэд хичээлээ буруу хийсэн  байж болно. Энэ бол ерөөсөө аймшигтай зүйл биш. Хүн болгон алдаа гаргадаг. Алдаа хийж байж хүн сурдаг. Тэр хүүхдийн хувьд бүх зүйл шинэ байгаа учраас алдаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр тайван хандаж, хүүхдэдээ урам зориг өгч байх хэрэгтэй. 20 үгнээс 5 үгийг нь зөв бичээд бусдыг нь алдсан байсан ч алдсан 15 үгэн дээр биш, алдаагүй байсан 5 үгийг нь онцлоод эерэг хандлагыг төрүүлэх хэрэгтэй. Харин алдаагаа дахиж гаргахгүй байхын төлөө хамтдаа дахин оролдоод үзье гэдэг байдлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Харин алдсан алдааг нь онцлоод байх юм бол хүүхэд алдаа хийхээсээ айдаг болно. Цаашлаад идэвхгүй болж эхэлнэ. Тиймээс эцэг эхчүүд загнаж, зодохынхоо өмнө өөрийгөө хянаж тэвчээртэй тайван байх хэрэгтэй. Таны хүүхдийн гэрийн даалгавар чухал биш харин алдаа гаргаад алдаагаа засаж сайжруул дэвшиж байх нь илүү чухал шүү гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
-Хүүхдийн сэтгэлзүйг эрүүл байлгахын тулд эцэг эхчүүд хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?
-Хүүхдийн сэтгэлзүйн асуудал эцэг эх болон сургуулийн сургалт, орчин их нөлөөлдөг. Сургуулийн зүгээс хичээл орох хугацаа бага насны хүүхдэд ачаалал их өгдөг учир анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр арай өөр байх ёстой байдаг. Тухайлбал маш олон завсарлагаатай анхаарал, ой тогтоол хөгжүүлэх дасгалууд ихтэй хөтөлбөр байх нь тохиромжтой байдаг гэж үздэг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй. Яагаад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөө гээд зөвлөөд байдаг шалгаан  бол хүүхэд эцэг эхтэйгээ байх тусам төдий чинээ илүү тайван байдаг.Тайван байх үед хүний тархи илүү хүртээмжтэй ажилладаг. Үүнээс гадна тархийг ядраадаг утас, телевиз зэргээс хол байлгаж сайн нойртой байлгах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн