Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

НҮБ: Монгол Улс орлогын шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй

НҮБ: Монгол Улс орлогын шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 11
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын бие даасан  шинжээч Хуан Пабло Богославски есдүгээр сарын 2-11-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Тэрээр Монгол Улсад ажиллахдаа улсын гадаад өрийн байдал, нийгэм, эдийн засгийн асуудлын хүрээнд гаргаж байгаа шийдвэрүүд хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад уул уурхайгаас олох орлого иргэдэд тэгш хүртээмжтэй, хүний эрхийн хэрэгжилтийг хангаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт гаргажээ. Мөн айлчлалын үер Монгол Улсад хэрэгжиж байгаа уул уурхайн мега төсөл болох Оюутолгой ордын үйл ажиллагаатай танилцсан байна.  
НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Пабло Богославскигийн Монголд ажилласан урьдчилсан тайлангийн мэдээллээс хүргэе.

Монголд гурван иргэн тутмын нэг нь ядуу амьдарч байна

Монголын эдийн засаг хэт их уул уурхай салбараас хараат байгаа нь өөрөө нийгэмд тэгш бус байдал үүсэхэд нөлөөлж байгааг тайландаа дурджээ. Учир нь, 2015-2016 онд уул уурхайн голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унаж, Монголын эдийн засагт хямрал нүүрлэсэн. Энэ нь уул уурхайн орлогоос хэт хамааралтай ард түмний амьдралд шууд нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Нийгэмд баян, ядуугийн зааг нэмэгдэх нь хүний эрх зөрчигдөхөд нөлөөлж байгааг дурдсан байна. НҮБ-ын шинжээчийн хэлснээр Монголын нийт хүн амын гуравны нэг буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.
Нийгэмд орлогын тэгш бус харьцаа нэмэгдэж байхад бүх иргэдээс ижил татвар буюу хувь хүний орлогын албан татвар 10 хувиар авах нь учир дутагдалтай байна гэдгийг анхааруулжээ. Хүн амын дунд баян, ядуугийн харьцаа тэнгэр, газар шиг зөрүүтэй байхад яг ижил татвар авна гэдэг нь шударга бус. Тиймээс орлогын хэмжээтэй нь уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөцийг бүрэн дүүрэн дайчлах явдал маш чухал байгааг онцоллоо.
Мөн тэрээр уул уурхайн салбарынхан татварын тогтвортой байдлын заалтын дагуу Монголын байгалийн баялгийг ашиглан олж авсан гэнэтийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшихыг зөвшөөрч болохгүй. Тиймээс түүхийн эдийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөж байдаг хөвөгч роялти системийг ашиглах асуудлыг судалж үзэхийг зөвлөлөө. 

Гадаад өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын нийт өр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байгаагаас гадаад өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байгааг тайландаа дурдлаа. Гадаад өрийн хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад тийш ч түгшүүртэй биш гэсэн юм. Дотоодын өрийн дийлэнхийг ипотекийн зээл, компанийн өр эзэлж байна.

 Оюутолгойн гэрээний нийгмийн асуудлыг дахин харах ёстой

НҮБ-ын шинжээч Монголд ажиллахдаа Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Оюутолгойн компани нутгийн ундны усны хүртээмжид уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг олон асуудлаар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны үр дүнд гэрээ байгуулсан нь сайшаалтай. Гэхдээ цаашдаа нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүх талуудыг шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай гэж зөвлөжээ. Эсвэл усны хүртээмжийн талаар бусад хувилбарыг авч үзэхийг уриалсан байна.
Оюутолгой гэрээтэй холбоотой нийгмийн асуудал болон хүний эрхийн зарим асуудлыг дахин харж, сайжруулах шаардлага байна гэж үзжээ.
Монголын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх асуудал хоцрогдолтой байгааг шинжээч дурдаад Засгийн газар эдийн засгаа солонгоруулах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ажилдаа тууштай байхыг зөвлөжээ. Мөн цаашдаа инноваци, судалгаа шинжилгээ, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэлээ.
undefined
НҮБ-ын бие даасан шинжээч Хуан Пабло Богославскигоос зарим асуултад хариулт авлаа.
-Нийт хүн амаас ижил буюу 10 хувийн орлогын татвар авах нь тэгш бус байна, шаталсан татвартай болох ёстой гэсэн байна. Яг энэ чиглэлд Засгийн газарт ямар зөвлөмж өгч байгаа вэ?
-Монгол Улс өсөн нэмэгдэх татварын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгч байгаа. Өндөр орлоготой байх тусам татварын хэмжээ түүнтэйгээ уялдаж нэмэгддэг байх учиртай. Өнөөдрийн байдлаар олон сая төгрөгийн орлоготой байлаа ч гэсэн 10 хувь, хэдэн зуун мянган төгрөгийн орлоготой байсан ч 10 хувь төлж байна. Энэ тогтолцоог зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.
Мөн Монгол Улсын Засгийн газарт татвартай холбоотой ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Татварын баазыг нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлага байна. Мөн том корпорациудад үнэ шилжүүлэх зохицуулалт байдаг. Үүнийг ашиглах, судлах чадавхийг нэмэгдүүлэх зөвлөмж өгч байгаа.
-Оюутолгой дээр ажиллаад ямар зөвлөмж өгсөн бэ. Усны хэрэгцээ, хангамжийн асуудалд нутгийн иргэд ямар байр суурь илэрхийлсэн, та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Оюутолгой дээр ажиллах явцдаа би малчидтай уулзсан. Малчид усны асуудлаар нөхцөл байдлаа надад ярьсан.  Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш усны хомсдол эхэлсэн, ил олон худаг байсан ч тэдгээр худаг ширгэсэн. Малчдад усны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс Оюутолгой компаниас гүний худгийг олноор бий болгосон юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор хоёр зөвлөмж өгсөн. Уул уурхайтай холбоотой байгаль орчны асуудлыг авч хэлэлцдэг байнгын шинж чанартай, олон талын оролцоо бүхий платформ бий болгохыг Засгийн газарт зөвлөсөн. Энэ нь ганцхан Оюутолгойтой холбоотой зөвлөмж биш шүү. Бүх уур уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хамаатай. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэж тэнд амьдарч байгаа малчдын аж амьдрал өөрчлөгддөг. Ялангуяа усан хангамж, хүртээмжийн асуудал нь иргэдийн амьжиргааны гол үндэс.
Шинжээч Монголд ажилласан иж бүрэн тайланг арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж,  2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын хүний эрхийн хурал дээр танилцуулах юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн