Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Ю.Оюунбилэг: 'COVID-19-ийн эсрэг, сайн гэсэн' гээд Чихэр өвс, Хунчирыг хэтрүүлж хэрэглэж болохгүй

Ю.Оюунбилэг: 'COVID-19-ийн эсрэг, сайн гэсэн' гээд Чихэр өвс, Хунчирыг хэтрүүлж хэрэглэж болохгүй
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 21
Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Саяхан COVID-19-ийг эмчлэх аргад орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хослож эдгээж байна гэх болсон. Уламжлалт эмчилгээнд Монголд ургадаг эмийн ургамлууд байгаа сураг дуулдсан. Энэ хэр үнэн бэ?
-COVID-19-ийг эмчлэхэд орж байгаа ургамлууд дотор Чихэр өвс, байгалийн Гүүн хөх, Хунчир, Дэрвэгэр жиргэрүү хэмээх ургамлууд байгааг 2020 оны Биологийн олон улсын сэтгүүлээс олж уншлаа. Эдгээр эмийн ургамлуудыг бусад эмийн ургамлуудтай хавсран эмчилгээнд хэрэглэж байна гэж бичсэн байсан. Бүгдээрээ л бактери, вирус, үрэвсэл хавдрын эсрэг идэвхтэй, мөн дархлаанд ч бас сайн нөлөөтэй. Үүний талаар Монголын уламжлалт анагаах ухааны судлаачдын гэлтгүй дэлхийн олон эрдэмтдийн судалгаа бүтээлүүдэд дурдсан байдаг. Чихэр өвсийг хүн төрөлхтөн эртнээс эмчилгээнд хэрэглэж ирсэн. Эдгээр ургамлуудыг уламжлалт анагаах ухаанд тан хийж, өргөн хэрэглэж ирснийг ард түмэн сайн мэднэ. Жишээлбэл, Чихэр өвсийг ханиад дарж, халуун намдаах, цэр ховхлох, бие мах бодийг шимжүүлэх үйлдэлтэй Сороол-4, Аглиг-4, Зандан-8, Ванжингарав-15 гэх мэт 10 гаруй тан, сүүлийн үед бидний сайн мэдэх Читамон, Чигатуссин, цэр ховхлох зэхмэл зэргийг хийдэг талаар олон ном бүтээлд өгүүлсэн байдаг. Чихэр өвс нь 100 гаруй биологийн идэвхт нэгдэл агуулдаг, голлох үйлчилгээтэй бодис нь глицирризин хэмээх бодис бий. Чихэр өвс, Хунчир, Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, үндэслэг ишийг өргөн хэрэглэдэг. Эдгээр ургамал нь эмийн түүхий эдээр хэрэглэх, фармакопийн шаардлага хангахуйц болтол доод тал нь дөрвөн жил ургасны дараагаас боломжтой болдог. Эмчилгээний идэвхтэй бодис нь ямар хэмжээнд байх ёстой гэдгийг ч стандартчилж өгсөн байдаг.
Ер нь нэг сонирхолтой тал байдаг нь ихэнх эмт бодисын агууламж өндөртэй ургамлуудын үндэс, үндэслэг ишийг ихэвчлэн эмийн түүхий эдээр хэрэглэдэг. Тийм ч учраас эдгээр ургамлыг үндсээр нь ухаж авч хэрэглэдэг учраас амархан устах, нөөцгүй болох хүндрэлтэй тал ажиглагддаг. Чихэр өвс, Хунчир, Дэрэвгэр жиргэрүү гэх мэт ургамлуудын үндсийг ихээхэн хэмжээгээр тариалсан үед трактороор ухаж авч хэрэглэх учраас хөрсний элэгдэл, сэлгээтэй нөхөн тарилт зэргийг бас бодолцох, ирээдүй хойч үедээ эдгээр ургамлыг яаж устгалгүй хүлээлгэн өгөх талаар ч бодолцох нь зүйтэй санагддаг. Тиймээс хүн бүхэн энэ талаар бодох хэрэгтэй.
-Эдгээр эмийн ургамлуудыг заавал өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэхийн тулд уудаг, хэрэглэдэг байсан болов уу?
-Энэ талаар анагаах, уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачид илүү их мэдээлэл өгөх байх миний хувьд Хунчирыг л гэхэд Чингисийн үеэс эхлээд л Монголчууд махтайгаа хамт чанаж идэж хэрэглэх нь дархлаа дэмждэг талаар мэдээлэлийг уншиж танилцсан.
undefined
-Одоо хүмүүс COVID-19-ийг эмчилсэн юм чинь гээд их хэрэглэх болов уу. Зохисгүй хэрэглэснээр ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хэдийгээр ард иргэд эдгээр ургамлыг өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэн хэдий ч ялангуяа энэ цар тахлын үед сайн гэсэн бүхэнд хошууран, хүн бүр өөрийнхөө бие организмын онцлог, ямар өвчтэй, юунаас ямар харшил авч болох вэ гэдгийг бас бодолцож болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Чихэр өвс зөвхөн эмийн найрлагад орох төдийгүй, бусад хүнс, техникийн гээд 20 гаруй салбарт хэрэглэгддэг. Тамхины үнэр оруулахаас эхлүүлээд малын тэжээлд, гоо сайханы бүтээгдэхүүн хийх гэх мэтээр өргөн хэрэглэдэг.
Хүмүүс өвс ургамлыг буцалгаж уугаад л, зажилж идээд л байвал органик гэж боддог. Зөөлхөн, хоруу чанар багатай, эмийн ургамлууд байхын зэрэгцээ хоруу чанар өндөртэй ургамал ч байна. Эмийн ургамлын эмт чанар өндөр байх тусам хоруу чанартай бодис ихтэй байдаг. Тэгэхээр болж өгвөл тан, эм байдлаар нь хэрэглэвэл зохистой. Саяхнаас хүмүүс Хунчирыг их хэрэглэж эхэлсэн. Цар тахал дэгдэнгүүт хүн бүхэн айгаад л дархлаагаа сайжруулчих юм сан, сайн юм хэрэглэчих юм сан гээд ширээгээрээ нэг сайн гэсэн бүхнийг тавьчихаад сууж байна. Тэгээд хамаагүй их идэж, уугаад, хэрэглээд ирэнгүүт харшил нь хөдлөөд, хоолой нь өвдчихсөн. Зарим тохиолдолд өвчнөө сэдрээчихсэн гэсэн мэдээллүүд цахимаар их байна. Хүн бүр 100 хувь эрүүл байдаггүй шүү дээ. Тэгээд өөрт нь байгаа өвчнүүдийн эсрэг заалттай үйлчилгээ үзүүлэх магадлалтай байна уу гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Бид эрт дээр үеэс уугаад, идээд хэрэглээд л ирсэн гэж хэлдэг хүмүүс байдаг. Зүгээр л хэн нэг найзыгаа хэлэхээр дагаад л хэрэглэчихдэг. Үүнийг л болих хэрэгтэй. Ийм зүйл газар авчихаад байна.
Ерөөсөө л аливаа зүйлд сайн нягталж, анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийнхээ төлөө хэрэглэж буй эм, хоолны бүтээгдэхүүний хувьд анхаарал болгоомжтой хянуур хандаасай гэж зөвлөх байна даа.   
-Ярилцсанд баярлалаа
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн