Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг нийгэмд зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим чанаргүй зээлдэгч нарын хамаарал бүхий улстөрчдийг мэдээлж, зээл авахад нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж байгаа билээ. Энэ хүрээнд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хамаарал бүхий улстөрчдийг мэдээлснээс хойш тус банкин дахь зээлийн эргэн төлөлт эрс сайжирсан байна. Тухайлбал, нийтэд зээлдэгч нарыг мэдээлснээс хойших 22 хоногт 39.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Улстөрчидтэй холбоотой зарим компани зээлээ бүрэн төлж дууссаныг Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэв.
Тодруулбал, яг одоо Туушин зочид буудалд сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нарын санаачилгаар зохион байгуулж байгаа Хөгжлийн банкны зээлтэй холбоотой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Анандбазар нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлж дуусгасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү гэдгийг тодрууллаа.
Энэ асуултад Хөгжлийн банкны экспорт импорт худалдааны санхүүжилтийн газрын захирал Амгалан: Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд хууль хяналын байгууллага дээр шалгагдаж байгааг мэдээлсэн. Хууль сахиулах байгууллагууд тодорхой шалгалтууд хийгдэж байгаа гэдгийг хэлье. Хоёрт, Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөхгүй байгаа зээлдэгч нарыг шүүхэд шилжүүлсэн. Энэ процесс үргэлжилж байгаа. Хөгжлийн банк дан ганц мөнгөн хөрөнгө барьцаалдаггүй. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө барьцаалж байна. Эрэл компанийн хувьд тодорхой хувь нь ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалж зээл авсан. Гэтэл төсөл нь амжилтгүй болчихоор барьцаа хөрөнгийнх нь үнэлгээ буурч, зохистой харьцаа алдагдаж байна. Үүнээс бол зээл чанаргүй болж, эрсдэлийг Хөгжлий банк хариуцах болоод байгаа юм.
Өчигдөр "Сод монгол" компани 3.6 тэрбум төгрөгийн зээлээ төлснөөр бүрэн барагдуулж дууссан. Тус компани дээр зээлийн зарцуулалтын тодорхой хувь өөрчлөгдөн асуудал үүссэн.
Ч.Ундрам гишүүний хамаарал бүхий "Вояжер минерал ресурсес" уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөгийг төлж, зээлээ бүрэн хаасан гэлээ.
Сануулахад, МАН-ын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудтай хамаарал бүхий улстөрчидтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлж, авлига албан тушаал болон бусад гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа гишүүдийг намын гишүүнчлэлээс хасна гэдгээ хэлсэн.