Open iToim app
Анализ | 6 мин уншина

Орос-Украины дайн ба Монголын гурван шийдэл

Орос-Украины дайн ба Монголын гурван шийдэл
Цагаа тулахаар амиа боддог нь хүний араншин. Улс орнууд ч адил болохыг Орос-Украины дайныг тойрсон үйл явдал харуулна. Тус хоёр улсын зөрчлийг дайн болтол нь өдөөсөн улс орнууд өнөөдөр Украиныг өмгөөлөхдөө хүртэл өөрийн улсын эрх ашгийг л нэгд эрэмбэлж, шингээж буй. Орос-Украины дайнаас өмнө Сири, Ливи, Ирак, Тунист довтлоход ийм л байсан. Хэзээ нэгэн цагт Хятад улсын цэрэг Тайваньд орлоо гэхэд том гүрнүүд бас ингэж л хандана. Өөрөөр хэлбэл, аливаа жижиг улс нь аль нэгэн том гүрний дайн, эсвэл цэргийн ажиллагаанд өртөхөд бусад их гүрнүүд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх дипломат бодлогоос хэтрэхгүй бөгөөд боломжгүй болтлоо нэг-дэлхий болжээ. АНУ, барууны орнууд Украиныг НАТО-д элсүүлнэ, НАТО хамгаална гэж олон жилийн турш зөрчлийг дэвэргэсэн. Буферлэж оршдог хөрш улсыг нь Оросын эсрэг цэргийн эвсэлд нэгтгэхийг ОХУ зүгээр хараад суухгүй ч, эцэстээ дайн эхлүүлсэн нь Оросын буруу болохыг эрүүл ухаантай, энхийг хүсдэг хүн  бүр хэлнэ.
Монгол Улсын хувьд газарзүйн байрлал талаасаа өөр өнцөгтэй, бас зовлонтой. Үнэн гэвэл, Монгол Улс дайныг эсэргүүцэж байж гэмээнэ дэлхийтэй хамт явна, Москваг эсэргүүцвэл хэсэгтээ пянгаа дийлэхгүй. Энэ нь бидний сул тал мөн боловч дайныг эсэргүүцэх, Москваг эсэргүүцэх хоёроо ялган хэлэхээ хэлж, тэвчихээ тэвчвэл гарц шийдэл байж л таараа. Чухамдаа “Улс төр ч, дипломат бодлого ч боломжгүй зүйлийн урлаг мөн” гэх Вацлав Хавелийн үг байдаг даа. Түүнээс бус, улсаараа төвийг сахина, эс сахина гэж маргах нь утга багатай. Дайныг ил гарч эсэргүүцэх нь ядаж өөрөө дайнд өртөх эрсдэл ирэхийн цагт бусдаар, дэлхийгээр өмгөөлүүлэх түүх болж үлдэнэ. Өнөөдөртөө Оросын хамгийн сайн найз, манай урд хөрш Хятад гэхэд Оросыг эсэргүүцсэн блок, хоригт шууд нэгдэхгүйгээр дайныг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэв. Төвийг сахих статусаар дэлхийн номер нэг-Швейцарь гэхэд дайныг эсэргүүцэж Оросын нөгөө талд гарлаа. Угтаа дайныг эсэргүүцэх нь Украиныг өмгөөлж, талд нь орж байгаа хэрэг ч биш бөгөөд дэлхий нийтийн чиг хандлагаа дагах нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс орон бүрийн сонголт юм. Монгол Улсын өмнө “Хөршийнхөө буруу үйлдэлтэй эвлэрсэн мэт дуугүй суух, эсвэл энх тайвны төлөө дэлхийтэй хамт явах” гэж хоёрхон сонголт ирчихсэн гэж бодохгүй байна.
Хэрвээ.., хэзээ нэгэн цагт.., үйл явдал муугаар эргэж өнөөдрийн Украиных шиг үйл  явдал Монголд тохиолдвол яах вэ. Орос халдвал биднийг хамгаалж Хятад байлдана, урд хөршөөс танк орж ирвэл хойд хөршийнхөн 1921 он шигээ тусална гэдэг бол гэнэн бодол шүү. Эсвэл хөршүүдийн аль нэг нь дайрахад АНУ, Европын холбоо нөгөө хөршийн нутгийг давж орж ирээд биднийг хамгаална гэдэг нь бүр хүүхдийн санаа. Их, том гүрнүүд  дипломат бодлогоор л хамгаалахаас хэтрэхгүй бөгөөд боломжгүй болтлоо дэлхий хавтгайрсан. Харин манайтай адил жижиг улсад, адилхан буфер зона Украинд дайн болж байхад Монгол Улс хаана нь, аль талд байсан бэ гэдэг асуулт НҮБ дээр гарвал яах вэ. Дайны эсрэг дэлхий нэг болж явсан тэр цаг үед Монгол Улс ямар бодлого баримталж явсан тухай ам асуух тийм цаг ирлээ гэж бодоход  түүх хамгийн үнэн, зөв хариултыг өгнө, хэлнэ.
Иймд  бид өнөөдөр Орос-Украиныг асуудлыг тойрч талцаж болох ч, харин дайны эсрэг улсаараа нэг-нэгдмэл байх нь Монгол Улсын эрх ашиг бөгөөд ирээдүйд сайн хамгаалалт болно. Дайнаар талцан хэрэлдэхийн оронд эндээс авах сургамжаа тойрч хэлэлцэх нь Монгол Улсад, ирээдүйд илүү хэрэгтэй.  Миний бодлоор гурвын зэрэг зүйлд онцгой анхаарч, УИХ нэн яаралтай тодорхой үйлдэл хийх хэрэгтэй санагдана.
1. 
Юуны өмнө Үндсэн хуулиа өөрчилж, сөрөг хүчнээ гудамжинд гаргадаггүй, сонгогчдын санал гээгддэггүй парламент бүрдүүлэх сонгуулийн тогтолцоог хуульчлах. Энэ нь пропорциональ элемент орсон, сонгогчдоос авсан нийт саналын нийлбэрээр нь намуудад парламентын суудлын тодорхой хэсгийг хувь тэнцүүлэн хуваарилдаг сонгуулийн холимог тогтолцоо юм. Хэрвээ Монгол Улс цаашид Монголоороо үлдэе, бие даасан тусгаар тогтнолоо хадгалж явъя гэвэл “Бүгдээрээ хэлэлцдэг” тогтолцоо л хэрэгтэй. Нэг хүн шийддэггүй, нийтээрээ хэлэлцэж шийддэг төрийн байгууламж чухал. Тэр нь ардчилсан парламентын засаглал. Сөрөг хүчингүй, сөрөг хүчин нь гудамжинд амьдардаг парламентыг сонгодог байтугай, амьд гэхгүй. Сөрөг хүчингүй парламенттай удаан явбал нэг намын диктатур тогтох эрсдэлтэй. Нэгдмэл улс байя гэвэл нэг нам бүхий тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө нийт ард түмнээ албаддаг диктатур Монголд хэрэггүй. Харин нийт ард түмнийхээ нэгдмэл зорилгыг хангадаг хадгалдаг дэг журам Монголд хамгаас хэрэгтэй. Ийм дэг журмын бүгдээрээ хэлэлцэж гаргадаг. Тэр нь олонхи-цөөнхийн хяналт бүхий ардчилсан парламентын тогтолцоо юм. Тийм учраас 2024 онд аль нам ялж засаглахын зэрэгцээ, аль болох хүчтэй сөрөг хүчин бүхий хяналттай парламент бүрдэх нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хангах, хадгалахад илүү эрхэм бөгөөд чухал болжээ.
2. 
Мэргэжлийн Засгийн газар гэхээр манайхан Эрүүл мэндийн салбарыг эмчээр, Боловсролын салбарыг багшаар, Уул уурхайг уурхайчнаар удирдуулах гэж ойлгож, тиймэрхүү томилгоо хийж будилж явна. Хэрвээ энэ жишгээр бол үйлчлүүлэгч олонтой ресторан болохын тулд захирал нь заавал сайн тогооч байх логик харагдана. Гэтэл сайд бол улс төрийн албан тушаалтан. Тийм учраас Засгийн газар нь бодлогын байх шинжийг хадгалсан бүрэлдэхүүнтэй байх хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ.   
3. 
Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмтэй. Энэ нийгмийн түүх богинохон. Улс нь жижиг, хүн ам  цөөн. Тийм учир  хэн нь хэн бэ, хэн яаж, шударга бусаар хөрөнгөжөөд байгааг мэдэх учир зэрлэг капитализмыг хүлээн зөвшөөрөхгүй, хамгийн гол нь шударга бусыг удаан тэвчихгүй. Зарим хүн, компаниуд улс төрийн болон эдийн засгийн шуналаа татаж, бүгдээрээ хуваадаг “хүртээмжтэй эдийн засаг”-ийн дүрмээр тоглохыг хүлээсээр. “Монголын гурван хүн тутмын хоёр нь ядуу, нэг нь нэн ядуу амьдардаг нь тус улсын баячууд нь ханаж цаддаггүйд байгаа юм” гэх үг бодитойг мэдэх ч, тэднийхээ ханаж цадахыг хүлээсээр. Эцэст нь 30 жилийн өмнөх нэг Монгол өнөөдөр хил дотроо хоёр Монгол болтлоо баян хоосноороо таллан хуваагдлаа. Шударга бус бүхэн одоо хангалттай, ханаж цадмаар. Энэ нь хэн нэгэн дарга хэвлэл дагуулж яваад хөрөнгө хурааж ПиАр хий гэсэн үг биш юм. Харин, жишээ нь банк байж Улаанбаатарын хамгийн ашигтай газарт орон сууцны хороолол бариад зарчихдаг, банк байж төрийн өмчөөр төмөр зам барьдаг, банк байж пицца зөөдөг зэрэг мөнгө ихтэй нь, хэдэн даргад нөлөөтэй нь бүгдийг хамдаг шударга бус дүрмээ зогсоож, шуналаа татах нь улс орны эрх ашиг болжээ. Учир нь, товчхондоо зарим хүний хэтийдсэн шунал нь, шударга бусаар хөрөнгөжих нь, зах зээлийн зарчмаасаа гадуур тоглож бүхнийг ганцаар захирах дарангуйлагчийнхтай нэгэн адил дайны шалтаг болдог байна. Том гүрнүүд өнөөдөр газар нутгаа тэлэх гэж бус, эдийн засгаа тэтгэх гэж дайн хийдэг. Тэгж дайн хийхдээ, цэргийн ажиллагаа явуулахдаа үндсэндээ “ядуурлыг бууруулж, баян хоосны ялгааг нь ойртуулж өгнө, эсвэл хүний эрхийг хангаж, хамгаалж өгнө” гэж хоёрхон шалтаг шалтгаан хэлдэг юм байна. “Баян хоосны ялааг нь арилгаж өгье” гэхээр гурван хүн тутмын ядуу амьдралтай хоёрт нь аятайхан сонсогддог, итгэл төрдөг л бололтой юм. Үүнийг улс нь биш юмаа гэхэд тусгаар тогтнол нь  сүйрсэн хэд хэдэн  жижиг орны жишээнээс бүгдээрээ харлаа.
Монгол бол бусад улс орон сонирхох, хувь хүн  шунах эдийн засаг бүхий баялагтай улс шүү. Өөрөөр хэлбэл, бид жижгээ, буфер улсаа мэддэг бол л өөртөө дайн, эсвэл цэргийн ажиллагаа дуудах шалтгийг өөрсдөө гаргахгүй байх нь хамгийн чухал. Монголын тусгаар тогтнол, ардчилал, эрх эрх чөлөөг монголчууд бидний үнэт зүйлээ эрхэмлэн нэгдэж чадах нэгдмэл байдал л аль нэгэн их гүрний нөмөр нөөлгөөс илүүтэй хамгаална.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн