“Тамхичид” талцаж “утаатай”, “утаагүй”-гээрээ утаа манартал сурталчилж өрсөлдөж байгаа харагдана. Тэр ч байтугай сүүлийн өдрүүдэд “Вэйп хэрэглэгчдийн холбоо” байдгийг мэдэж авлаа. Сошиалд энэ талаар идэвхтэй мэтгэлцэж байгаа харагдана. Хамгийн гол нь үүний цаана хэрэглэгчдийн эрүүл мэндийн асуудал байгаа юм.
Шинжлэх ухааны хэд хэдэн судалгаанаас үзэхэд шаталтгүй буюу утаагүй тамхины хувилбарт шилжих нь үхлийн аюултай олон өвчнөөс зайлсхийхээс гадна эрүүл мэндийн салбарынхны үйлчилгээний ачааллыг бууруулж, материаллаг болон хүний нөөцийг ихээхэн чөлөөлж, мөнгө хэмнэх боломжийг олгох зэрэг эдийн засгийн олон талт ач холбогдолтойг харуулдаг. Тиймээс ч дэлхийн олон оронд төрийн зохицуулалтын аргаар никотины хор хөнөөл бүхий утаат буюу уламжлалт тамхинаас татгалзах, улмаар бүрмөсөн хэрэглээнээсээ хасахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болсон нь ажиглагдаж байна.
Үүнд тамхи татахад хүргэдэг никотин нь биш харин тамхины утаа нь хор хөнөөлийн эх үүсвэр мөн болохыг судалгаагаар тогтоосон нь сонирхол татдаг.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа сүүлийн тайлангуудынхаа нэгэнд "Тамхины халаалтын систем нь тамхи шатаах бус халдаг тул тамхины утаатай харьцуулахад хортой химийн бодисын ялгавар мэдэгдэхүйц багасдаг" гэж тэмдэглэжээ. Үүний дараа хор хөнөөл багатай хувилбар болох халаалтын тамхины системд шилжихийг санал болгосон “Хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлал” гэгч Их Британи зэрэг орны практикт өргөн дэлгэрсэн байдаг.
Мөн Японы нэгэн судалгааны байгууллагын дүнгээс харахад сүүлийн арван жилийн хугацаанд халаадаг тамхин бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр утаат янжууур тамхины хэрэглээ буурсан. Үүнээс улбаалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд зүрх судас, уушигны архаг бөглөрөлтэй өвчтүүдийн тоо эрс буурсныг дээрх халаадаг тамхитай хамааралтай байж болох юм гэж үзсэн байх юм. Энд дурдаад байгаа халаадаг тамхи гэдэг нь одоо манайхны голдуу сошиал зарын дагуу хүргэлтээр авч хэрэглээд байгаа тамхи бөгөөд бизнесийнхээ хувьд нарийн зохион байгуулалтад ороогүй ч эрэлт ихтэй байгаа нь анзаарагдах болсон. Хэрэглэгчдийг ажваас үнэхээр тамхины гарах хүсэлтэй хэрнээ бүрмөсөн татгалзаж чадаагүй байгаа дунд насныхан ихэвчлэн хэрэглэж байгаа харагддаг.

Вэйп буюу электрон гэх тамхины тухайд тодорхой хэдэн бизнесийн байгууллага импортлон худалдаалах болоод чамлахааргүй хугацаа өнгөрчээ. Мөн л аль болох хүчтэй хор хөнөөлөөс татгалзах оролдлого боловч тамхи гэгч хэрэглээг бүрмөсөн хаяж чадахгүй байгаагийн эрхэнд аль болох “арай дээр” сонголт хийж буй оролдлого гэх үү дээ. Сөрөг тал нь өсвөр насныхан, эмэгтэйчүүд гангараатай эндүүрч хэрэглэж сураад байгаа тал ажиглагддаг нь үнэний хувьтай. Гэхдээ л эцсийн үр дүндээ нэг ч гэсэн хэрэглэгч никотиний хүчтэй хор хөнөөлөөс татгалзах, хор хөнөөл багатай хувилбарт шилжиж байгаа нь сайшаалтай.
Тиймээс цаашид ч дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ судалгаа бүтээл, технологийн арга дэвшлүүдийг уралдан өрсөлдүүлж илүү эрүүл аргаар тамхийг бүрмөсөн хаях зорилго руу тэмүүлсээр байх нь лав. Бизнесийн талаасаа ч энэ өрсөлдөөн ололт амжилт олох хангалттай эрэлтэй гэдэг нь нотлогдлоо.
Нэгэнт тамхи гэгч эд хор хөнөөлтэй нь урт удаан хугацааны туршид нотлогдсоор байгаа боловч дэлхий даяараа тайвшруулах болон сэргээж таашаалыг илүүд үзэж хэрэглээ нь давлаа. Хэт хоригловол далд болон эрүүл мэндэд хортой арга хэрэгслүүдээр нөхөж хэрэглэж болзошгүй учраас монголчууд ч гэсэн энэ нөхцөл байдлаас зугтах аргагүй юм. Харин цөөн хүн амтай манай орны хувьд сошиалын болон баталгаагүй, ялангуяа шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллээр олныг төөрөлдүүлэх аюултай, тэр нь тамхинаас дутахгүй хор хөнөөлт байдлаар газар авах нь амархан учраас хүний амь нас, эрүүл мэндэд шууд холбоотой энэ талын мэдээлэлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах шаардлагатай болж буйг сүүлийн үед хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гарч байгаа мэдээллүүд харуулж байна.