УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Улсын хэмжээнд 67 сургууль, цэцэрлэг ажил хаяад байна. Багш нарын ажил хаялтад АН, АН-ын бүлэг ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Багш нарын цалин, хөдөлмөрийн үнэлэмж бага байна. Цалингаа нэмүүлэхийн тулд хуулийн хүрээнд тэмцэж байна. Гэтэл хууль бус зүйл хийж байгаа юм шиг ярьж, нийгэмд багш нарын эсрэг мэдээлэл зохион байгуулалттай тарааж байгаа нь зохисгүй. Хүн өөрийнхөө эрхийн төлөө үгээ хэлснийхээ, хуулийн дагуу тэмцсэнийхээ төлөө буруутан болж болохгүй. Эцэг, эхчүүд ч гэсэн нөхцөл байдлыг зөв ойлгох хэрэгтэй. Боломжтой айлын хүүхдүүд хувийн сургуульд явж байгаа. Үнэхээр боломжгүй амьжиргааны төвшнөөс доогуур айл өрхийн хүүхдүүд улсын сургуульд явж байна. Гэтэл улсын сургуулийн багш нарын цалин, хүүхдийн суралцаж байгаа орчин ямар байгаа билээ. Үүнийгээ эргэж харах цаг болсон. Хэмжээ хязгааргүй тансаглал, төсвийн буруу зарцуулалтаа танаад багш, эмч нарын цалинг нэмэхэд болохгүй зүйл байхгүй. Маш их нөөц байна.
-Багш нар цалингаа 50 хувь нэмэх шаардалга тавиад байгаа. Ийм хэмжээний санхүүжилтийг төсвөөс гаргаж дийлэх үү?
-50 хувиа байг гэхэд ядаж 20,30 хувь нэмж болно шүү дээ. Найман хувиар нэмж байна гэж ямар хүн доромжилж байгаа биш. Найман хувиар нэмсэн ч яалаа, байсан ч яалаа. Эхний жил 20 хувь дараа жил 20 хувиар нэмж болно шүү дээ. Ямар нэгэн зохицуулалт хийх гэсэн оролдлого ерөөсөө харагдахгүй байгаа. Би хувьдаа багш нарын тэмцлийг зөв гэж үзэж байгаа.
-Багш нарын ажил хаялтын ард АН байна. Ялангуяа таныг байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Ард нь намайг байгаа, байхгүйг багш нар өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Би багш нартай нэг ч уулзаагүй байгаа. Гадагшаа яваад ирэхэд нэлээд хэдэн багш уулзах хүсэлт тавьсан байна лээ. Маргаашаас уулзана. Өөрсдийнх нь буруугаас болж нийгэмд бухимдал үүсч байгаа асуудлыг АН руу аваачиж наагаад хэрэггүй. Ер нь өнөөгийн эрх баригчдын коммунист арга барил байна. Бусдыг гүтгэдэг, доромжилдог. Үүндээ гаргууд. Гэтэл амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө огт биелүүлээгүй. Өр дарлаа гэж шоудаад байх юм. Нэг ч төгрөгийн өр дараагүй. Бүх өр хэвээрээ байгаа. 27.5 тэрбум ам.долларын өр хасагдах нь бүү хэл нэмэгдэж байгаа. Өдөр тутам өр хэдэн арван тэрбумаараа нэмэгдэж байгаа. Гэтэл өр дарсан мэтээр ярьж олон түмний тархийг угааж худлаа ярьдгаа болих хэрэгтэй. 800 сая ам.долларын Гэрэгэ бонд гаргаж өр дарсан. Энэ бол өр дарж байгаа хэрэг биш. Зүгээр л төлөлтөө хойшлуулж байгаа амь аргацаасан л арга. Дээр нь Евро бондын 580 сая ам.долларын зээлийг Хуралдай гэдэг бонд гаргаад дарсан. Нэг үгээр, бондын нэр нь өөрчлөгдөөд хүү нь өсөөд, хугацаа хойшилж байна. Монголын өр хэвээрээ байгаа. Би Ч.Хүрэлбаатар сайдад “наад шоугаа боль. Ард түмний тархийг угаахаа зогсоо. Өрнөөс чинь нэг ч ам.доллар хасагдахгүй байгаа шүү” гэж удаа дараа хэлж байгаа. 5.7 их наяд төгрөгийн өр дарсан гээд байх юм. Яаж ингэж хэлж чадаж байна аа. Энэ жил чинь 2.4 их наядын алдагдалтай төсөв баталсан. 2.4 их наяын алдагдалтай төсөв гэдэг чинь өр. Төсвийн өр. Ноднин 2.8 их наядын алдагдалтай төсөв баталж байсан. Энэ хоёр жилийн төсвийн алдагдал нийлээд таван их наяд төгрөг. Өр ингэж өсөөд байхад хаана, ямар мөнгөөрөө өр дараад байгаа юм. Шударга л бай л даа. Өртэй байгаа нь үнэн.
-Нефть импортлогчид шатахууны үнийг нэмэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна.
-Түүхийн нефтийн үнэ буурч байна. Үүнийг дагаад дотоодын жижиглэнгийн үнэ буурах ёстой гэж Я.Содбаатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр гээд хэдэн гишүүн байнга ярьдаг байсан. Гэтэл МАН-ын засаг гараад хоёр жилийн хугацаанд шатахууны үнэ таван удаа нэмэгдсэн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Одоо бол цалин нэмээд ч ард түмний худалдан авах чадвар өсөхгүй.
-Ийм их асуудал байхад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа танай нам ямар нэгэн акц үзүүлэхгүй юм уу?
-Бид нар яах юм. Буу бариад гудамжинд гарах юм уу. Бид болохгүй байгаа бүхнийг хэлж байгаа шүү дээ.
-Шатахууны үнийг тогтвортой барих боломж байгаа юу?
-Маш их байгаа. 2012-2016 онд уул уурхайн түүхий эдийн үнэ дандаа хасах байсан. Тонн нүүрс 28 ам.долларт хүрсэн. Гэтэл одоо гурав дахин өндөр үнэтэй болсон. 4200 байсан зэсийн үнэ 7000 даваад явж байна. Энэ их мөнгөний урсгал хаашаа ороод байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг луйврын хөтөлбөр байсан гэж баахан шүүмжилсэн. Гэтэл энэ хөтөлбөрийн үр дүнд Монголын эдийн засгийг тогтвортой барьсан. АН хэдхэн зүйл дээр гол бодлого барьж байсан. Өргөн хэрэглээний гол бараа бүтээгдэхүүний үнийг л тогтвортой барих. Сүүлдээ иргэд шатахууны үнэ нэмэгдэх тухай мартсан шүү дээ. Шатахууны үнэ нэмэх тухай ойлголт байхгүй болсон байсан. Гэтэл эрх баригчид гарч ирээд хоёр жилийн дотор шатахууны үнийг таван удаа нэмлээ. Шатахуун импортолж байгаа компаниудад яагаад шаардлага тавьж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл асар их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай. Үүнээсээ болоод шаардлага тавьж чадахгүй байна гэж харж байгаа. Хуучин тендерийн 10 хувийг авдаг байсан одоо 30 хувь болсон гэж байна. Арай л дэндэж байна ш дээ. 70 хувиар юу хийх вэ. Компаниуд авсан мөнгөнийхөө 30 хувийг авилгад өгчихөөд 70 хувиар юу хийх вэ.
-Арбитрын шүүхийн шийдвэрээр 105 сая ам.долларыг Засгийн газар төлөхөөр болчихлоо. Сард 1.2 сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа учраас энэ өрийг яаралтай төлөх чиглэл Засгийн газар гаргасан ч гэсэн мэдээлэл байна. Та бүхэн хаврын чуулганаар энэ өрийг Засгийн газар төлбөл бүх арга хэмжээг авна гэж байсан?
-Бид байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэм буруутай этгээдүүдээр тэр мөнгийг төлүүлэх ёстой. Монголын ард түмний татварын мөнгөөр төлж болохгүй. Тэр мөнгийг хэн авсан, юунд зарцуулсан бэ. Мөнгө оргүй алга болно гэж байдаггүй. Тэр мөнгө орж ирсэн үү орж ирсэн. Эргээд гарсан уу гарсан. Ш.Батхүү юу гэж ярих нь хамаагүй. Ш.Батхүү бол зүгээр л гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гээд хэдэн жилийн ял авна. Тэгээд суусан суугаагүй байж байгаад л гараад ирнэ.
-Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох боломж бий юү?
-Баталгаа гаргаж өгсөн хүмүүс бүгд хариуцлага хүлээх ёстой. Энэ өрийг Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй. Буруутай этгээдүүдээр ямар нэгэн аргаар төлүүлэх ёстой. Шударга ёсыг тогтооно хариуцлага тооцно гэсэн Ерөнхий сайд маань яасан бэ. Одоо хариуцлага тооцох хэрэгтэй. Үхэхээс ч айхгүй гэж хэлээ биз дээ. Одоо хаана байна.