Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Төв банк Засгийн бодлогыг дэмжиж, хямд эх үүсвэр нийлүүлснээс 454 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

Төв банк Засгийн бодлогыг дэмжиж, хямд эх үүсвэр нийлүүлснээс 454 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 15
Монголбанк өнгөрсөн жилд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Монголбанкны 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд олон улсын аудитын PWC компани шалтгалт хийж, тайланг олон улсын стандарт нийцсэн гэж үнэлжээ. Энэ талаар болон бусад онцлох үйл явдлын талаар өнөөдөр Монголбанкны газрын захирлууд мэдээлэл хийсэн юм. 
Монголбанкны санхүүгийн тайланд 2017 онд эдийн засгийн суурь нөхцөл сайжирсныг онцолжээ.  Хэдэн жишээгээр тайлбарлая.  2016 онд Монголын эдийн засаг хасах утгатай гарч байсан бол 2017 оны эцэст 5.1 хувиар өссөн. Түүнчлэн, 2016 онд Монгол Улс дефляци руу орж байсан үетэй харьцуулахад эдийн засгийн суурь эргээд тогтворжиж байна. Өнгөрсөн жилээс эдийн засгийн нөхцөл байдал эрчимжиж инфляци бага зэрэг өсч, Төв банкны зорилтот төвшин рүү дөхсөн. 2016 онд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны эцэст 3.1 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Макро эдийн засгийн эдгээр суурь үзүүлэлтээс харахад, Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байгааг Монголбанкныхан мэдээллийн эхэнд онцоллоо. Хүнээр бол 2017 он Монголын эдийн засаг сэхээний тасгаас энгийн тасагт шилжсэн жил байлаа. 
Санхүүгийн тайлангийн хувьд Монголбанк өнгөрсөн жилд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 2.8 их наяд төгрөг болж буурсан байна. Монголбанкны мэргэжилтнүүд хуримтлагдсан алдагдал гэдэгт юуг багтааж байгааг  тайлбарлаж өгснийг товчхон сийрүүлье. 
Хуримтлагдсан алдагдал гэдэгт 2012-2016 оны бодлогын үйл ажиллагаагаа, их хэмжээний мөнгө нийлүүлснээс үүдсэн алдагдлыг багтаж байгаа юм байна. 2016 онд Засаг солигдсоны дараа Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрснийг мэдээлсэн билээ. Тодруулбал, буруу бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн активуудын дахин үнэлгээ, хямд хүүтэй эх үүсвэр зах зээлд нийлүүлснээс үүдэлтэй хуримтлагдсан алдагдал юм. Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан үнэ тогтворжуулах болон "Сайн" нэртэй  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зах зээлээс хямд өртгөөр эх үүсвэр нийлүүлсэн нь Төв банкны баланс дээр алдагдал болон бичигдсэн байна. Зөвхөн зах зээлээс доогуур хүүтэй, хямд эх үүсвэр зах зээлд нийлүүлснээс 454 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэхүү хуримтлагдсан алдагдал Монголбанкны санхүүгийн балансад бодит бус гэж бичигдэж байгааг Монголбанкны Тайлан бүртгэлийн ахлах мэргэжилтэн П.Цогцолмаа хэлсэн. 
Цаашид Монголбанк төсвийн шинжтэй хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх бодлого барьж байгаа бөгөөд саяхан нэмэлт өөрчлөлт оруулсан Төв банкны тухай хуулиар Монголбанк Засгийн төсвийн шинжтэй нэг ч үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, түүнд зориулж мөнгө хэвлэхгүй байхаар тусгаад байгаа юм.
Дараа нь, сэтгүүлчдийн сонирхсон цаг үеийн асуултад Монголбанкны газрын захирлууд хариулт өглөө.
undefined
-Зээлийн хүү бууруулах чиглэлд  хэрхэн анхаарч байна вэ. Он гарснаас хойш тэтгэврийн зээлийн хүү л буурсан. Бусад зээлийн хүү буурах уу?
-Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Зээлийн хүү бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Зээлийн хүү буурах нь иргэн, аж ахуйн нэгжийн бизнес үйл ажиллагааг тэлэхэд чухал нөлөөтэй учраас зах зээлд нэлээд хүлээлт үүсгэсэн байна. Нөгөө талд зээлийн хүүг захиргаадалтын аргаар буулгах тухай асуудал ид яригдаж байна. Монголбанкны зүгээс зээлийн хүү бууруулах үндэсний стратегийн баримт бичгийг боловсруулж, холбогдох газруудаар хэлэлцүүлж байна. Удахгүй бодлогын баримт бичиг бэлэн болно. Зээлийн хүү бууруулахад гурван чиглэлд зорьж ажиллахаар тусгасан. Хамгийн түрүүнд, зах зээлийн эрсдэлийн төвшинг бууруулж, тогтвортой бодлого хэрэгтэй байна. Төсөв, мөнгөний бодлогын сахилга бат, макро эдийн засгийн урт хугацааны бодлого, түүний хэрэгжилт маш чухал нөлөөтэй. Хоёрт нь, дэд бүтэц, эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүүгийн зардлыг бууруулах  ёстой. Гуравт, системийн хэмжээнд зардал багатай менежментийн нэвтрүүлж шаардлага байна. Ялангуяа чанаргүй зээлийн асуудлыг шийдэх ёстой. Чанаргүй зээлтэй холбоотой шүүхийн маргааныг багасгавал зардал буурна. Эдгээр хүчин зүйл рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлбэл, дунд урт хугацаанд зээлийн хүү буурах боломжтой. Харин зээлийн хүүг хязгаар тогтоох нь тийм ч оновчтой  биш. Хязгаар тогтоосноос харин ч зээлийн хүү өндөр тогтож магадгүй. Учир нь, тухайн банк өөрийн эх үүсвэрээ тогтвортой төвшинд хадгалах үүрэгтэй. Зээлийн хүү эрсдэлийн үнэ дээр суурилдаг учраас эрсдэл өндөртэй төсөлд зээл олголт хумигдана. Эрсдэл өндөртэй төсөлд эрсдэлээ тооцсон хүүгээр зээл олгодог учраас тухайн төсөл санхүүжилт татдаг. Ийм нөхцөлд хязгаар тогтоовол санхүүгийн зуучлал л хумигдана.
-Энэ онд инфляци зорилтот төвшинд хадгалагдах уу. Сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээд өсөлттэй байна шүү дээ?
-Б.Баярдаваа: Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Улаанбаатар хотод инфляцийн төвшин 6.7, улсын хэмжээнд 6 хувь байгаа. Оны эхнээс инфялцийн  төвшинг авч үзвэл нийслэлийн хэмжээнд 4.2, улсын хэмжээнд 3.8 хувиар өссөн. Суурь инфляци оны эхнээс 1.8 хувиар өссөн. Энэ нь улирлын болон нэг удаагийн шинж чанартай хүчин зүйлсээс шалтгаалсан үнийн өсөлтийг илэрхийлдэг. Хатуу түлш буюу гэр хороололд худаалагдаж байгаа нүүрсний үнэ буурахгүй байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш үнэ нь 50 хувь өссөн байна. Энэ нь Улаанбаатар хотын 6,7 хувийн инфляцийн 1.7 хувийг хатуу түлшний үнийн өсөлт эзэлж байгаа. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа. Тиймээс Монголбанкны зүгээс инфляци зорилтот төвшин буюу 7-8 хувьд байна гэж харж байгаа.
undefined
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Хэдий хэмжээний санхүүжилтээр зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж байна вэ?
-Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оны нэгдүгээр сараас Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газарт шилжүүлтэл хөтөлбөрийн санхүүжилтийг таслахгүй байх зорилгоор Монголбанк ипотекийн үнэт цаасаар баталгаажсан бондын эргэн төлөлтөөс шинээр авах ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Энэ хүрээнд Монголбанкнаас сар бүр 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож байна. Мөн 2018 оны төсөвт тусгасан хүрээнд Сангийн яамнаас улирал бүр 30 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилт хэлбэрээр банкуудад олгож байгаа. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам, Монголбанк, Барилга хот байгуулалтын яам анхаарч ажиллаж байгаа. Сангийн яамнаас Татаасын журмыг боловсруулж, холбогдох байгууллагуудад танилцуулсан. Энэ асуудлыг ойрын хугацаад шийдэж, 2019 оноос мөрдөгдөөд явах болов уу. Уг журам хэрэгжсэнээр ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдэх тооцоо гарсан.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн