Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролоос нэгдүгээр ангид элсэн суралцах бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн зохиолч, сэтгэл судлаач А.Найгалмаагийн зөвөлгөөг хүргэж байна.
-Шинээр сургуульд орж байгаа зургаан настангуудын хувьд шинэ орчинд орж байгаа учраас сэтгэл санааны хувьд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
-Цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд сургуулийн орчинд амархан дасдаг. Харин цэцэрлэгт огт явж байгаагүй хүүхдүүд сургуульдаа дасан зохицохдоо хүүхдийн хувийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Зарим хүүхэд хичээлдээ маш дуртай байх бол зарим нь айна, уйлна. Гэр бүл дотроо хүүхэд гэхээсээ илүү сургуулийн сурагч гэсэн байр суурьтай болж байгаа шүү дээ. Тиймээс юу хүсч байна түүнийгээ л хийж, тоглож явдаг хүүхэд сургуульд ороод аажмаар "юу хийх хэрэгтэй вэ" гэсэн бусдын шаардлагатай тулгарч эхэлдэг.
-Эцэг эхчүүд болон багш нар энэ насны хүүхдүүдтэй хэрхэн ямар арга барилаар харилцах ёстой вэ?
-Эцэг эхчүүд хүүхэддээ “чи сургуулийн сурагч болсон” гээд гэнэтхэн өндөр шаардлага тавих нь буруу. Хүүхдийн сургуульд бэлтгэсэн байдал хангалттай бол багшийн болон эцэг эхийн ачаалал харьцангуй бага байдаг. Тиймээс эцэг эхчүүд багшид болон хүүхэддээ өндөр шаардлага тавихаасаа өмнө би хүүхдээ сургуульд хэрхэн бэлдсэн билээ гэдгээ өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хангалттай бэлдэж чадаагүй бол хүүхэдэдээ биш өөртөө шаардлага тавиад хүүхэдтэйгээ байх цаг хугацаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд сургуульд ортлоо гартаа харандаа цөөн барьсан бол эхлээд харандаагаа зөв барихаас эхэлнэ гээд бод доо. Ядаж л эцэг эх нь тогтмол ном уншиж өгдөг байсан хүүхдүүд бусдаасаа түрүүлж бичиг үсгээ сурдаг, амархан уншдаг болдог.
-Хүүхдийн боловсрол, төлөвшлийн төвшинд эцэг эхийн үүрэг оролцоо хэр чухал вэ?
-Хүүхдийн боловсрол болоод төлөвшлийн хувьд эцэг эхийн эхийн үүрэг оролцоо хамгийн чухал, бүр хамгийн чухал шүү. Тухайн хүүхэд хэн болох вэ гэдэг нь эцэг эхийн анхаарал, хайр халамж, хоорондын харилцаа, эцэг эхийн боловсролын төвшин гээд олон зүйлээс хамаардаг. Нялх байхаасаа эцэг эхийн найдвартай хамгаалалт, хайрыг мэдэрч өссөн хүүхэд сэтгэл санааны хувьд амгалан, тайван, орчиндоо итгэх итгэлтэй байдаг. Тухайлбал ингэж өссөн хүүхэд сургуульд нь хүргэж өгөхөд уйлах нь ховор, уйлсан ч амархан тайвширч, аав ээж минь удахгүй буцаж ирж авна гэдэг итгэлтэй байдаг. Ингээд бодохоор та хүүхдийнхээ бага насанд хэр их цаг гаргана тэр хэмжээгээрээ хэн болох суурийг нь бэлдэж өгсөн гэсэн үг. Түүнээс биш өрөө дүүрэн тоглоом худалдаж авснаар та сайн аав, сайн ээж болдоггүй. Түүний оронд ганцхан ширхэг үлээдэг бөмбөлөг аваад хагартал нь хамт харилцаж тоглодог байвал та хүүхэддээ цаг гаргаж байна гэсэн үг. Хэчнээн ажилтай ч орой хүүхдээ унтахад нь богинохон нэг шүлэг, үлгэр уншаад өгдөг бол та сайн аав. Хүүхдийнхээ яриаг анхаарч сайн сонсдог бол та сайн аав, ээж...
-Эцэг эхчүүд дан ганц хичээлийг нь л давтуулаад шахаад байдаг. Энэ нь хэр үр дүнтэй арга юм бол. Энэ тал дээр та ямар зѳвѳлгѳѳ ѳгѳх вэ?
-Манай эцэг эхчүүдэд нэг буруу зуршил байдаг. Хүүхдийнхээ хичээлийг манаж хийлгэнэ. Тэгээд хүүхдээсээ ч тэвчээргүй удаан хийлээ, муухай бичлээ, буруу бодлоо гээд хажуунаас нь загнана, үглэнэ.
Нэгд, ингэж манахаа болих хэрэгтэй. Хугацаа өгөөд биелэлтийг шалгадаг байвал хүүхэд бие дааж даалгавраа хийж сурдаг. Таныг ажлаа хийж байхад хэн нэгэн дэргэд чинь манаад, үглээд бүр загнаад байвал та яах бол?!
Хоёрт, цэвэрхэн бич, зөв бод гэдэг шаардлага одоо арай эртдэнэ. Эхлээд зөв сууж сурах хэрэгтэй. Дараа нь үзгээ зөв бариад сурах хэрэгтэй. Нуруу нь чилж, бяцхан гар нь ядарч байгаа шүү дээ. Суугаад анхаарлаа төвлөрүүлээд сурчихвал хичээлээ богино хугацаанд цэвэр, нямбай хийж чадна. Гол нь суурийг нь сайн бэлдээд хүүхдэдээ итгэ.
-Бага ангийн тэр дундаа нэгдүгээр ангид шинээр элсэж орсон сурагчдад маш их даалгавар ѳгдѳг гэсэн эцэг эхийн шүүмжлэл маш их байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна. Энэ нь хүүхдийн сэтгэл санаанд хэрхэн нѳлѳѳлдѳг вэ?
-Сүүлийн жилүүдэд даалгаврын хэмжээ багассан шиг санагддаг. Даалгавар бага байх тусмаа л хүүхдийн хийх чадвар нь сайжирдаг. Залхаадаггүй гэсэн үг. Ийм их юм яаж хийнээ, дээрээс нь ээж, аавд яаж загнуулнаа гэхээс л зүрхшээж эхэлдэг. Ингээд даалгавар өгөөгүй гэж аажмдаа худлаа хэлж эхэлнэ. Эцэг эхчүүд маань зургаан настай хүүхдийнхээ онцлогийг сайн мэдэж аваасай. Зургаан настангууд цовоо сэргэлэн, бас их хөдөлгөөнтэй байдаг. Сурч танин мэдэх сонирхол нь энэ насанд маш өндөр, сониуч зантай. Анхаарлын төвлөрөлт, тогтворжилт нь бага. Аливаад уриалгахан хандаж, амархан баярлаж, амархан гомдоно. Өөрийн хийсэн зүйлээ бусдаар зөв үнэлүүлэхийг хүсдэг. Тэгэхээр хэт дөвийлгөсөн худал магтаалыг ялгаж чаддаг гэсэн үг шүү. Та өөрийнхөө хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах хэрэгтэй. Бусдын хүүхэдтэй бүү харьцуул. Хэрвээ тэгээд л эхэлвэл хүүхэд тань өөрийгөө голно. Хичээлээ удаан хийлээ гээд "залхуу" гэж хоч зүүлгэх хэрэггүй. Тэгвэл харин ч залхуурч эхэлнэ.