Монголын эрүүл мэндийн үүсгэл буюу MHI НҮТББ-ын Харвардын стандартын дагуу Монгол Улсад хэрэгжүүлсэн "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны ажлын хаалтын үйл ажиллагаа боллоо. Энэхүү судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид танилцуулсан бөгөөд удахгүй эрдэм шинжилгээний бүтээл болох юм байна.
Төслийн үндсэн судлаач, санаачлагч Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Др. Д.Ганмаа “Монголчуудын хоол шим тэжээлийн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын хэв маяг ”,“Далд өлсгөлөн гэж юу болох, түүнээс хэрхэн сэргийлэх ”, “Сүрьеэгийн халдвар-Дархлааг дэмжиж тэмцэх нь” сэдвээр илтгэл тавьж, хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл өглөө. Уншигчдын эрүүл мэндийн боловсролд нэмэр болох үүднээс профессор Др.Д.Ганмаагийн илтгэлийг тоймлон хүргэж байна.
Харвардын эрүүл хооллолтын зөвлөмж
Харвардад эрүүл хооллолт гэдгийг хүнсний ногоо уураг хоёрыг хамгийн их хэрэглэ гэж заасан байдаг. Шинжлэх ухаан хөгжиж, амьдралын хэв маяг сайжирснаар хүмүүс урт насалдаг болсон. Тиймээс урт наслахын тулд бид эрүүл уураг, аминдэмээр баялаг хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй гэдгийг Харвардад заадаг. Эрүүл уураг гэдэг монголчуудын хамгийн их хэрэглэдэг улаан мах багтана. Гэхдээ их хэмжээгээ өдөрт 2-3 удаа хэрэглэхийг хэлээгүй шүү. Мөн махнаас гадна бүхэл үрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.
Цагаан хороос татгалз. Цагаан будаа, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг тайлбарлаж өгье. Энэ нь элсэн чихэр буюу цагаан хортой адилхан үйл ажиллагаа үзүүлнэ. Гаднаас хүний биед ороод маш хурдтайгаар инсулиний хэмжээг нэмэгдүүлдэг учраас чихрийн шижин өвчинд нэрвэгдэх магадлал өндөр болдог. Тиймээс хоол хүнсэндээ бүхэл үр хэрэглэхийг чухалчилъя. Мэдээж ус, цай, кофе бол хүний эрүүл мэндэд тустай. Харин элсэн чихэр агуулсан ундаа, жүүснээс татгалз. Хоол хүнсэндээ аль болох масло, маргарин зэрэг тос хэрэглэхээс татгалзаж, ургамлын гаралтай, оливын тос хэрэглэхийг илүүд үз. Үүний хажуугаар биеийн хөдөлгөөн дасгал байнга хийж, биеийн тамираар хичээллэж бай.
Зүрх судасны өвчний 72 хувь нь буруу хооллолтой холбоотой
Шим тэжээл нь хүн эрүүл, зөв сайхан амьдрахад нөлөөлдөг учраас маш чухал. Хүн агаартай адил өдөр тутамдаа хоол хүнсээрээ дамжуулж шим тэжээл авч байх ёстой. Монголд нас баралтын төвшингөөр өндөр байгаа зүрх судасны өвчний 72 хувь хоол шим тэжээлийн буруу хэрэглээ, зохисгүй хоол хүнснээс болж байгааг олон улсын судалгаагаар нотлогдсон. Манай улсын иргэд шаардлагатай шим тэжээлээ хоол хүнснээсээ авч чадахгүй, зөв хооллож чадахгүй байгаагаас өвчлөл, нас баралт өндөр байгаа.
Манай судалгааны багийнхан шим тэжээлийн дутагдлын шалтгааныг судалж үзсэн. Монгол Улс дөрвөн бүст хуваагддаг. Дөрвөн бүсийн найман аймагт Үндэсний шим тэжээлийн судалгааг хийсэн. Хот, хөдөөгийн насанд хүрсэн хүн өглөө босоод, орой унтан унтталаа юу идэж, уудаг тэр бүхний шим тэжээлийг тооцоолон гаргасан. Үүнээс гадна гаднаас орж ирж байгаа шим тэжээл нь цусанд ороод ямар шим тэжээл болж хувирдаг, юунд анхаарах ёстой вэ гэдгийг судлахын тулд бид дөрвөн жил зарцуулж үр дүнгээ танилцуулсан.
Манай улсын иргэд макро шим тэжээл буюу нүүрс ус, уураг, магнийн хэмжээгээрээ дэлхийн хөгжингүй орнуудтай энэ зэрэгцэн явна. Иргэд хоол хүнсэндээ малын гаралтай, сайн чанарын уураг хэрэглэж байна. Гэхдээ эсийн төвшинд хэрэгтэй бичил шим тэжээлээ авч монгол хүн эрүүл, урт удаан амьдарч чадна. Бичил шим тэжээлд зайлшгүй хүний бие шаардлагатай минерал, ислэг, витаминууд агуулагдаж байдаг. Хүний биед хэрэгтэй олон бичил шим тэжээл байдаг. Тэдэн дундаас фолийн хүчлийг аваад үзье. Жирэмсэн эхчүүдэд фолийн хүчил хангалттай байж хүүхэд эрүүл төрдөг. Дэлхийд хүн дунджаар 400 нанограмм фолийн хүчил хэрэглэх хэрэгтэй гэж үздэг бол манай Монголд эрэгтэй, эмэгтэй, хийж байгаа ажил, боловсролын төвшнөөсөө үл хамаарч хоёр дахин бага хэмжээтэй хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Дээр нь монголчуудын дунд Д аминдэмийн дутагдал 99 хувьтай гарсан. Мах махан бүтээгдэхүүн сайн хэрэглэдэг учраас хүн амын дунд төмрийн дутагдал, бусад шим тэжээлийн дутагдал гайгүй гарсан.
Монголын хүн амын шим тэжээлд асуудал үүсгэх гол дутагдал нь Д аминдэм. Хүн амын дунд Д аминдэмийн дутагдал өвлийн улиралд 99, зуны улиралд 38 хувийн дутагдалтай байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс хүн амын дунд дахь Д аминдэмийн дутагдлыг хэрхэн нөхөх, ирээдүй хойч үе болсон үр хүүхдээ Д аминдэмийн дутагдалгүй хэрхэн эрүүл өсгөх вэ гэдгийг судалсан.
Д аминдэмийн дутагдлыг ямар эх үүсвэрээс нөхөж болох вэ
Монголд Д аминдэм агуулсан хүнсний бүтээгдэхүүн тун хомс байдаг. Д аминдэм загасанд хамгийн их агуулагддаг. Тиймээс Д-гээр баяжуулсан хоол хүнс хэрэглэх нь чухал. Ихэнх улс сүү болон сүүн бүтээгдэхүүнээ Д аминдэмээр баяжуулсан байдаг. Өдөрт биеийн ихэнх хэсгээ 30-аас дээш минут наранд шардаг бол Д аминдэмийн дутагдалд хэзээ ч өртөхгүй. Гэхдээ Монголын нөхцөлд наранд биеэ шараад Д аминдэмийн дутагдлаа нөхөх боломжгүй. Далайн орон биш учраас хоол хүнсээрээ дамжуулж авах боломж ч хомс байгаа. Тиймээс цаашдаа нэмэлтээр хэрэглэх шаардлага зайлшгүй бий.
Д амин дэмийн дутагдлаа нөхөхгүй бол ямар эрсдэлтэй вэ
Хамгийн түрүүнд сульдаа өвчин, яс сийрэгжих, яс зөөлрөх өвчин хүрнэ. Д аминдэм нь хүний дархлааг дэмжигч гол аминдэм юм. Хүн ам цангахад ус ууж нөхдөгтэй адил Д аминдэм дутагдаад нөхөхгүй байвал дархлааны систем доголдоно. Дархлаа доголдвол бид гаднаас ирж байгаа бактери, нянтай тэмцэж чадахгүй. Ингэснээр өвчлөлд өртөх эрсдэл нэмэгдэж, өвдсөний дараа хүндрэл үүснэ. Д аминдэмийн дутагдлаас үүдэж амьсгалын дээд замын үрэвсэл, сүрьеэ, халдварт бус өвчин, сэтгэл гутралын хам шинж, зүрхний титэм судасны өвчлөл, чихрийн шижин, дааврын гаралтай хорт хавдрууд ихэснэ гэдгийг олон улсын эрдэмтэд нотлоод гаргаад ирсэн.
Манай судалгааны багийнхан Д аминдэмийн дутагдлын талаар 2015 оноос судалж байхад “та нар яагаад Д аминдэмийг судалдаг юм бэ, энэ чинь сульдаа өвчин шүү дээ” гэж зарим хүн ярьдаг байсан. Монгол Улс нарлаг орон байтал яахаараа Д амин дэм дутагдалтай байдаг юм бэ гэдэг асуултууд ч гардаг.
Монгол Улс нарлаг орон мөн. Зуны улирал үүлэн бүрхүүл нь нарын гэрлийг хаадаг. Зун Д аминдэмийн дутагдлаа бүрэн нөхөж чаддаггүй. Нарны шууд тусгалыг авдаггүй учраас Д аминдэмийн дутагдалд орох магадлал ихэсдэг.
Монголуудын өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнснээс Д аминдэмийг авах хоёр бүтээгдэхүүн байна. Энэ нь үхрийн элэг, өндөг. Гэхдээ клиникийн зайлшгүй шаардлагатай Д аминдэмийг авахын тулд өдөрт 1.2 кг үхрийн элэг эсвэл 12 ширхэг өндөг идэх хэрэгтэй. Гэтэл амьдрал дээр бидэнд ийм боломж байгаа юу. Тэгэхээр монголчууд нарнаасаа ч, хоол хүнснээсээ ч Д аминдэмийг авах боломж алга. Иймээс хүн амын дунд Д аминдэмийн дутагдал өндөр байгаа. Байх ёстой юмыг нөхөж өгөхгүй байгаа нь өөрөө хүний эрхийг зөрчсөн асуудал.
Д аминдэмийн дутагдлыг нөхвөл олон өвчнөөс урьдчилан сэргийлж болно
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нас баралтын төвшнөөр өндөр байгаа 10 өвчлөлийн долоог нь Д аминдэмийн дутагдлыг арилгаснаар урьдчилан сэргийлж, хамгаалах боломжтой гэсэн судалгааны дүн гаргасан. Д бол хүний биед зайлшгүй хэрэгтэй амин дэм. Дэлхийн нийтэд 50, 60 жил Д аминдэмийг нөхөх аргыг хэрэглээд, зайлшгүй байх ёстой шим тэжээл гэж үзэж байна. Ирээдүйд хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд Д аминдэмийн асуудалд улсаараа анхаарч, бид ч цаг, хөрөнгө гаргаж судалгааны ажлыг ар араас нь хийсэн. Шийдвэр гаргагчдад үндэслэлтэй, тооцоотой бодлого шийдвэр гаргуулахын тулд ажиллаж байна.
2015 онд Д аминдэмийн дутагдлыг хэмждэг лаборатори Монгол Улсад байгаагүй. Сургуулийн насны хүүхдэд Д аминдэмийн дутагдал ямар төвшинд байгааг тогтоохоор судалгаа хийж эхэлсэн. Судалгааны үр дүнг товчхон дүгнэвэл Д аминдэмийг нь хэмжиж үзэхэд 76 хувь хэвийн төвшинд хүрэхгүй буюу дутагдалтай гарсан. Харин америкийн Д аминдэмээр баяжуулсан сүүг энэ судалгаанд зориулж авчраад, судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд ганцхан сар уулгахад Д аминдэмийн дутагдал 7 хувь хүртлээ буурсан. Д аминдэмээр баяжуулсан сүү өгсөн юм чинь дутагдал нь буурах ойлгомжтой. Буураад ямар үр нөлөө үзүүлсэн гэхээр монгол хүүхдүүд америкийн хүүхдүүдээс өндөр жингээрээ нэг насаар гүйцэхгүй явж байсан. Монголын 10 настай охид, хөвгүүд америкийн 9 настай хүүхдүүдийнх шиг жин, өндөртэй байсан. Ази болохоороо жижиг байгаа юм биш шүү. Яагаад гэхээр 28 хоног Д аминдэмээр баяжуулсан сүү уухад хүүхдүүд нэг, нэг см өсөж, америк хүүхдүүдтэй зэрэгцэж, хэвийн хэмжээндээ очсон. Сургуулийн насны 750 хүүхдэд судалгаа хийхэд өвлийн улиралд 99 хувийн Д аминдэмийн дутагдалтай, хэвийн хэмжээнээс бараг 3 дахин бага байсан. Хөгжингүй орнуудад хүүхдэд ийм шинж илэрвэл шууд шинжилгээнд хамруулдаг. Эдгээр хүүхдүүдэд баяжуулаагүй монгол цэвэр сүү уулгахад гурван сарын дараа жин болон өсөлтийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Дараа нь монгол сүүгээ Д аминдэмээр баяжуулаад, Д амин дэмийг уулгахад гурван сарын дараа хүүхдүүдийн Д аминдэмийн хэмжээ хэвийн болж, дутагдал 41 хувь хүртлээ буурсан. Дараа нь энэ судалгааг нөхөн үржихүйн насны ээж нарт хийхэд хүүхдүүдтэй адилхан дундаж хэмжээ бага, 99 хувийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан. Энэ төрлийн маш олон судалгааг эрэгтэй эмэгтэй, өндөр настан хүүхдэд сүүлийн 15 жил хийлээ.
Судалгааны үр дүнд Д аминдэмтэй сүү уулгах эсвэл Д аминдэмийг нөхөж уулгаснаар өвлийн улирал амьсгалын замын халдварт өвчин, хатгаа, томуу, томуу төст өвчин 50 хувиар буурсан. Мөн диатезтай хүүхдэд Д аминдэм уулгаснаар дахин өвчлөх магадлал буурч байгааг тогтоосон. Энэ бол маш сайн үр дүн. Өвдөхөөс урьдчилан сэргийлж болохоор үр дүнгүүд. Боломжтой гэдгийг бид нотолгоонд суурилаад гаргаад ирлээ. Одоо үүнийг шийдвэр гаргагчид хэзээ бодлогодоо хэрэгжүүлж эхлэх вэ гэдгийг харах хэрэгтэй.
Д аминдэмийн нөлөө ба сүрьеэгийн өвчлөл
Сүрьеэ өвчний халдварыг хоёр янзаар тодорхойлох боломжтой. Нэг нь арьсны сорил. Эхний судалгаагаа арьсны сорил дээр суурилж хийсэн. Судалгаанд 120 гаруй хүүхдийг хамруулж, зургаан сар дагаж судалсан. Үр дүн нь монгол хүүхдүүдэд Д аминдэм өгснөөр цусан дахь Д аминдэмийн хэмжээ ихэсч сүрьеэтэй буюу амьсгалын замын гоц халдвартай тэмцэх гол уураг болох бактерийн эсрэг үйлчилгээтэй "Cathelicidin"-ий хэмжээ өндөр гарсан. Үүн дээр нэмээд Д аминдэм уулгасан хүмүүсийг арьсны сорилоор тодорхойлсон сүрьеэгийн халдварыг 59 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн. Гэхдээ монголчууд сүрьеэгийн вакцин хийлгэдэг. Вакцин хийлгэсэн хүмүүст арьсны сорил тавихаар андуу эерэг гардаг. Тиймээс дараагийн судалгаануудаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цуснаас шинжилгээ авч, сүрьеэгийн халдварыг илэрхийлэх аргыг ашигласан.
ХӨСҮТ-ийнхэнтэйгээ хамтран сүрьеэгээр өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст Д аминдэмийг нэмэлтээр өгч, ямар үр дүн гарч байгааг судалсан. Цэрийн өсгөврийг хурдасгаж, өвчтөний цээжний рентген зураг буюу өвчлөлийн процесс нь хурдан эдгэж, үрэвссэн дархлааны тогтолцоог тогтворжуулж байна гэсэн үр дүн гарсан. Монголоос гадна бусад улс орны эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийхэд яг ижил үр дүн гарсан учраас энэ ажил батлагдсан журмын дагуу явсныг илтгэнэ.
Дараа нь бид төрийн холбогдох байгууллагуудын шийдвэрийн дагуу нийслэлийн зургаан дүүргийн 18 сургуулийн нийт 8851 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулахад хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар тийм өндөр гараагүй. Дэлхийн дундаж бол гурван хүн тутмын нэг нь сүрьеэтэй гэдэг. Үүнтэй жишвэл монгол хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар 10 хувь буюу арван хүүхэд тутмын нь нэг нь халдвартай байна. Энэ сайн мэдээ. Гэхдээ идэвхтэй сүрьеэгийн халдвараар өвчилсөн 120 гаруй хүүхэд илэрч, эдгээр хүүхдийг эмчилгээнд хамруулж, эмчлээд эрүүл саруул болгосон.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд судалгаанд хамрагдсан бүх хүүхдэд Д аминдэм уулгаж, Д аминдэмийг нөхсөнөөр сүрьеэ болон бусад халдварт өвчнийг бууруулах боломжтой гэдгийг батлаад, энэ судалгааны ажил дууслаа. Энэ ажлыг амжилттай явуулахад тусалсан эцэг эхчүүд, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдадаа талархал илэрхийлж байна.
Одоо бодлого тодорхойлогч нарын хийх ажил үйлдсэн
Нийгмийн эрүүл мэнд яах гэж байдаг, яах гэж эрдэм шинжилгээний судалгаа хийдэг вэ. Хамгийн гол нь эрсдэлт хүчин зүйл байна уу гэдгийг тогтоох юм шүү дээ. Эрсдэлт хүчин зүйл бол тухайн улс орон хүн ам, газар нутгийн хувьд янз бүр байдаг. Орос, Америк, Хятадад хийсэн судалгааны эрсдэлт хүчин зүйлийг аваад Монгол Улсад хэрэгжүүлбэл бидэнд хэзээ ч тохирохгүй, таарахгүй. Үр нөлөөгөө өгөхгүй, сүрьеэ буурахгүй, үр дүн гарахгүй. Тиймээс ч бид улс орныхоо эрсдэлт хүчин зүйлийг тогтоохын тулд эдгээр судалгааг хийсэн.
Монголд сургуулийн насны хүүхдүүдэд сүрьеэгийн халдвар авах гурван эрсдэлт хүчин зүйл байгааг тогтоосон. Нэгд, бид нарын таамгийн дагуу Д аминдэмийн дутагдал халдвар авахад нөлөөлж байна. Д аминдэмийн дутагдал өндөр байгаагаас сүрьеэгийн халдвар 23 хувиар өсч байна. Дам тамхидалт буюу хүүхдийнхээ хажууд тамхи татаад байвал 19 хувь, хоёр хүн татаад байвал 30 хувь гээд эрсдэл нь нэмэгдэж байна. Сүрьеэгийн өрхийн хавьтал буюу сүрьеэ хүнээс хүнд халдаг. Гэр оронд нь халдвартай хүнээс халдвар дамжих тохиолдол 14 хувь байгаа бол 86 хувь нь олон нийтийн дундаас халдвар авдаг нь нотлогдсон.
Энэ бүх судалгааны ажил батлагдаж, нотлогдож эрдэм шинжилгээний бүтээл болсны дараа бодлого тодорхойлогчид эдгээр эрсдэлт зүйлийг бууруулахад чиглэсэн бодлого явуулбал Монгол Улс даяар сүрьеэгийн халдварын 26.3 хувь алга болно, цаашлаад сүрьеэгээс бүрэн ангижрах боломж байна. Энэ бол нотолгоонд суурилсан баримт.
Эрдэм шинжилгээ судалгааны ажил үнэн байдаг. Үнэн хэзээд ялдаг. Магадгүй хоёр, гурав жилийн дараа энэ үйл ажиллагаа үнэн, зөв бодитой гэдгийг хүлээн зөвшөөрнө, авч хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд олон дайралт, гүтгэлэг ирсэн. Бид шантраагүй, бууж өгөөгүй. Учир нь Монголын ирээдүй хойч үед хэрэгтэй цагаан замтай сайхан ажил хийсэн гэдэгтэй итгэлтэй байна гэснээр илтгэлээ өндөрлөсөн юм.