Жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгож, эх орондоо хамгийн олон нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Бурханлиг гоо сайхан” ХХК захирал, “Гоо брэнд”-ийн үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэнтэй шинэ коронавирус бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
-Танай байгууллага нийт хэчнээн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна вэ?
-“Бурханлиг гоо сайхан” ХХК 2014 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар үйлдвэр, үйлчилгээний 50 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
-Засгийн газраас НДШ зургаан сарын турш төлөхгүй болгосон. Энэхүү арга хэмжээ нь танай байгууллагад эдийн засгийн бодит туслалцаа болж чадаж байна уу. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулахад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Хэрвээ НДШ заасан хугацаанд төлөхгүй байх нь үнэн бөгөөд энэхүү шийдвэр нь манай байгууллагад үйлчилбэл, мэдээж бидний үйл ажиллагаанд бага ч болов бодит хувь нэмэр болох болно. Гэхдээ одоогийн байдлаар энэхүү асуудал албан ёсоор батлагдаагүй, нарийн заавар журам, чиг үүрэг ирээгүй гэсэн тайлбарыг холбогдох байгууллагуудад нь хэлж байгаа. “Гоо брэнд”-ийн хувьд Монголдоо анхлан үндэсний гоо сайхны сүлжээ дэлгүүрийг бий болгосон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод өөрийн нэрийн 11 салбар дэлгүүр болон хоёр спа, хөдөө орон нутаг болон олон улсад борлуулалтын 20 гаруй сувагтай үйл ажиллагаагаа явуулдаг. Манай байгууллагын хувьд эдгээр дэлгүүрүүдийн түрээс хүнд тусч байна. Цөөн хэдэн түрээслүүлэгчид маань цаг үеийн байдлыг хүндэтгэн түрээсээ хөнгөлж байгаа ч нийгэмд өөрсдийн гэсэн байр суурьтай, томоохон хэд хэдэн молл, супермаркетууд түрээсээ одоог хүртэл бага ч болов хөнгөлөөгүй байна. Гэхдээ ЖДҮ эрхлэгчид бид ямар ч үед болохгүй байна, хүнд хэцүү байна гэж гомдлолгүй баялаг бүтээсээр л ирсэн. Одоо ч гэсэн асуудлуудыг даван туулсаар байна.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц хэр их байгаа вэ?
-Манай байгууллага Монголдоо хамгийн олон нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэдэг. Түүхий эдийн 80 гаруй хувийг дотоодоосоо нийлүүлдэг учир хомсдол үүсэх эрсдэл бага. Харин Монголд хийгддэггүй шил сав, дагалдах хэрэгслийн тасалдал үүсэх эрсдэлтэй. Гэхдээ бид нөөцөлсөн тул бүх бүтээгдэхүүн урьдын адил гардгаараа гарна. Мөн бид цаг үеэ өнөөгийн нөхцөл байдалд тохируулан гар ариутгагч санитол үйлдвэрлэн, зах зээлд амжилттай нэвтрүүлж чадсан.
-Ажилчдынхаа амрах хугацааг сунгах, цомхотгол хийх, цалин хөлс олгох, зээл төлөх зэрэгт хүндрэл учирч байна уу?
-Мэдээж борлуулалт өмнөх үетэй харьцуулбал буурсан. Энэ нь олон зүйлд нөлөөлж байгаа ч одоогийн байдлаар цаг үеийн байдал хэцүү байна гээд цалингаа тавихгүй, эсвэл хойшлуулсан тохиолдол нэг ч гаргаагүй байна. Мөн цомхтгол ч хийгээгүй. Ажилчдыг амраасан тохиолдол ч гараагүй байгаа. Харин хүргэлт, үйлчилгээний хоёр ажлын байр шинээр бий болгосон. Гарын санитол, сарнайн охьтой бүрдэл гээд хоёр шинэ бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүллээ. Мөн саяхан "Өнөр" хороололд өөрсдийн нэрийн салбараа нээсэн. Манай компанийн хувьд хэцүү байна гээд суухаас илүү, энэ цаг үед яаж үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг дээр төвлөрч, хэдхэн хоногийн өмнө шинэ салбараа нээсэн. Энэ цаг үед дэлхий нийтээр дижитал бизнесүүд илүү амжилттай явж байна шүү дээ. Энэ ч утгаараа томоохон онлайн дэлгүүртэй хамтрахаас эхлээд өөрсдөө үйлдвэрээсээ шууд хүргэх, албан байгууллагуудаас их хэмжээний гарын санитолын захиалгууд авах гэх мэтээр ажиллаж байна.
-Энэхүү хүнд нөхцөлд бизнес эрхлэгчид яаж ажиллавал эдийн засгийн хямралыг хамтдаа туулж чадах вэ?
-Мэдээж эрүүл мэнд, хүний аминаас чухал бизнес гэж байхгүй. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдалд бүхий л салбарынхан хоорондоо илүү их нэгдэж, бие биенийгээ дэмжиж, хүнлэг байж чадвал энэ хүнд цагийг аль аль нь амжилттай даваад гарах болов уу. Түүнээс биш аль нэгэн банк нь чи зээлээ төлөх л ёстой, чиний л асуудал, түрээслүүлэгчид танай борлуулалт муу байх бидэнд хамаагүй, төр засаг нь баттай шийдвэр гараагүй гээд, энэ хэвээрээ удаан үргэлжилбэл цаашдын олон арван энх цагт аль алиндхүнд байдалд байх болов уу.
-Шинэ бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрүүлээч?
-Гар ариутгагч санитол худалдаанд гарснаасаа хойш хэрэглэгчдийн сайшаалыг амсаад байгаа. Зуун настын ханд болон гааны эфирийн тостой тул нян бактери устгаад зогсохгүй гарын арьсыг маш сайн чийгшүүлдэг давуу талтай. Мөн хурц спиртийн оронд 100 хувийн органик гааны тааламжтай үнэр үнэртдэг тул сэтгэл санааг өргөх гээд олон давуу талтай. Харин сарнайн охьтой арьс арчилгааны бүрдэл нь жил гаруй хугацааны судалгаа, шинжилгээний эцэст хийгдсэн тул арьсыг эрүүлжүүлэхээс гадна өдөр тутмын нүүр будалтын өмнө, оройны нүүр цэвэрлэгээнд давхар ашиглаж болно. Сав баглаа боодлыг ч Монголдоо хийсэн байгаа.
-Та “Гоо брэнд” болон салбарынхаа ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
-Манай улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүх залуу, харьцангуй шинэ салбар. Өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүний 90 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчид бидэнд боломж их байгаа. Нөгөөтэйгүүр асар олон жилийн түүхтэй, хөгжлийнхөө дээд шатанд хүрсэн гадны брэндүүдтэй өрсөлдөх, тэднээс ч илүү сайн, онцлогтой бүтээгдэхүүн хийж чадах нь чухал. “Гоо брэнд”-ийн хувьд бүтээгдэхүүн бүрээ илүү шинэлэг, сонирхолтой, өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай байхаас гадна хамгийн гол нь Монголчууд бидний эртнээс хэрэглээд олон жилийн туршид үр дүнг нь үзчихсэн, уламжлалт анагаах ухаанд суурилсан, чацаргана, ганга, халгай, жамц давс, хонины сүүл зэрэг түүхий эдээр олон улсын чанар стандартад нийцүүлэн Монгол хүний ур ухаанаар, эх орондоо үйлдвэрлэдэг. Мөн энэхүү бүтээгдэхүүнээ зөвхөн Монгол бус дэлхийн олон орны бүсгүйчүүдийн арьс гоо сайхныг эрүүлжүүлж, ‘Бурханлиг гоо сайхныг’ нь сэрээх гэгээн зорилготой. Тэр ч утгаараа дэлхийн хэд хэдэн оронд бүтээгдэхүүнээ экспортод гараад эхэлсэн байна.
-Та ЖДҮ эрхлэх хүсэлтэй олон арван залууст юу гэж зөвлөгөө өгөөч. Энэхүү асуултаар ярилцлагаа өндөрлөе?
-Манай компани байгуулагдаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд “Гоо брэнд” Монголын анхны гэх тодотголтой олон арван гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэсэн. Тухайн үед урд өмнө нь ванны бөмбөлөг, ванны давс, сальфеткан маск, нүүрний скраб зэрэг наад захын органик гоо сайхны бүтээгдэхүүн хийгдээгүй байсан л даа. Үүнээс харахад ихэнх үйлдвэрлэлийн салбарт дотооддоо үйлдвэрлэдэггүй маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг. Тэр болгоныг олж хараад, маш хурдтайгаар хийж эхлэх нь чухал. Хийхдээ байдаг л нэг бус, өөрсдийн уламжлал, онцлогтойгоо холбоосон бүтээлч, шинэлэг зүйлсийг хийх хэрэгтэй. Ер нь аливаа зүйлийг нэгэнт хийгээд эхэлчих л юм бол цаашдаа маш олон боломжууд гарч, дараагийн шатууд нь цаанаасаа л нээлттэй болчихдог мэт санагддаг. Миний анзаарснаар манай залуучуудад олон төрлийн бизнес, төсөл санаа байна гэдэг ч Монголын зах зээл бага, гадаадад л гарчихвал, эсвэл Монголд бизнес хийх хэцүү төр засаг дэмждэггүй гэх зэргээр юу ч хийж эхлээгүй байж шалтаг тоочдог. Яг үнэндээ гадны өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэл дээд цэгтэй хүртэл хөгжөөд, өөрсдөө ДНБ-ээ цэвэр хангадаг, зай байхгүй шахуу. Харин Монголд эсрэгээрээ бүх л зүйлсээ гаднаас авч байгаа энэ үед импортын бараатай өрсөлдөөд, ДНБ-ын ганцхан хувийг л хангаж чадвал маш том амжилт болно шүү дээ. Тэгэхээр шалтаг тоочилгүй, мэдрэмжтэй, зоригтой, уян хатан, хурдан хийж эхлэх нь л чухал. Хэрвээ чи айгаад, шалтаг тоочоод хийхгүй байлаа гэхэд өөр бусад нь хийгээд амжилт олох нь цаг хугацааны л асуудал болно. Ер нь бол зах зээлд тэсрэлт хийх, шинээр гарч ирэх маш амархан. Харин түүнийгээ хэрхэн удаан хадгалах вэ гэдэг л хамгийн хэцүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.