Open iToim app
Парламент | 5 мин уншина

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан онцлох  25 заалт

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан онцлох  25 заалт
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 15
2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Ажлын дэд хэсгийн гишүүд мэдээлэл өглөө. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд үүнээс 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулжээ. Танилцуулсан мэдээллээс үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан онцлох 25 заалтыг танилцуулж байна.
1. Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн заалт нэмжээ.
2. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
3. Стратегийн орд бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар заана.
Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой заалт огт байдаггүй байсан байна. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намтай холбоотой гурван заалтыг Үндсэн хуульд заажээ. 
4. Үндсэн хуулийн 16 зүйлийн 10-т заасны дагуу улс төрийн нам байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
5. Улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн насны нийт хүн амын нэг хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна.
Уг хоёр заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчлэхээр журмын тухай хуульд тусгайлсан нөхцөлөөр хугацааг нь заажээ.
6. Улс төрийн намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно. /Уг заалттай нийцүүлж Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлах юм байна./
7. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас нэг жилийн өмнө УИХ Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.
8. Үндсэн хуулийн 25.1.7-д Улсын нийгмийн хөгжил, эдийн засгийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заажээ. /Өмнө огт ийм заалт байдаггүй байсан./
9. УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
10. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна. Улс төрийн намууд гарч ирээд Монголын Улсын хөгжлийн бодлогыг өөр өөрсдийнхөөрөө өөрчилдгийг болиулж, ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг байхаар Үндсэн хуульд тусгажээ.  
11. Үндсэн хуулийн 25.1.16-д Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, өөрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх, аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор Ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
12. Үндсэн хуулийн 26.1-д Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ. Үүн дээр нэмээд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно. /Өөрөөр хэлбэл, дур дураараа хууль санаачилдаг байдлыг зохицуулна гэж тооцжээ./
13. Үндсэн хуулийн 27.2-т УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. /Одоо 50-иас доошгүй өдөр чуулж байгаа юм./
14. Хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батална. Өөрөөр хэлбэл, 39-өөс дээш гишүүн дэмжиж байж хууль батлагддаг болно гэсэн үг.
15. Хуулийн биелэлтийг хангах зорилготой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөлөл оролцуулан уг хороог байгуулна.
17. Үндсэн хуулийн 29.3-т УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.
18. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийднэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоовол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
19. Үндсэн хуулийн 39.1-д Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн албан тушаалыг хавсарч болно.
20. Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
Тайлбар: УИХ зөвхөн Ерөнхий сайдыг огцруулж, чөлөөлж, томилно. Харин Ерөнхий сайд нь Засгийн газрын кабинетын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг болох юм байна.
21. Үндсэн хуулийн 30.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын угуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
22. Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Үндсэн хуулийн 33.4-т заасан хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ. Үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байх зохицуулалтыг Үндсэн хуульд суулгажээ.
23. Үндсэн хуулийн 49.5-д Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг нь шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт үйл ажиллагааны журам бүрэлдэхүүнд тавигдах   шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
24. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бус шийтгэл оногдуулах чиг үүрэг бий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнт тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
25. Үндсэн хуулийн 57.2-т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн  амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ.
-Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.
-Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой өнцөгт нийцүүлэн хуулиар тогтоож болно.
Энэ өөрчлөлтөөр 21 аймгийн төв, Дархан, Эрдэнэт хотууд улсын чанартай болон орон нутгийн чанартай хот болох боломжийг нээжээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталжээ. Энэ нь нэмэлт, өөрчлөлтөөр хийж байгаа 19 зүйл 36 заалт үйлчилж эхлэх ерөнхий хугацаа юм байна. Харин улс төрийн нам байгуулахтай холбоотой заалт нь тусгайлсан дагаж мөрдөх нөхцөлөөр 2028 оноос хэрэгжих аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн