Манай улсад зүрх судасны шалтгаантай өвчлөл, түүний нас баралт нь сүүлийн 20 жилд тасралтгүй өсчээ. Ялангуяа зүрхний цочмог шигдээс буюу зүрхийг тэжээдэг титэм судасны өвчнөөр өвдөж, гэнэтийн нас баралт өндөр түвшинд байна.
Энэ төрлийн өвчнийг эх орондоо эрт үед нь оношлож, хямд зардлаар дэвшилтэт технологи ашиглан цаг алдалгүй бүрэн эмчлэх боломжтой болжээ.
Тодруулбал, ЭМЯ, БСШУЯ-ны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилтээр зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэд технологийг Монгол Улсад нутагшуулах “Цөм” технологийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зүрхний цочмог шигдээсийг эрт оношлож, эмчилгээний технологийг практик нэвтрүүлэх, зүрхний цочмог шигдээстэй 200 өвчтөнд эмтэй, эмгүй тэлэгч (стент) тавьж, эмнэлзүй-ангиографи- үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, эмчилгээний харьцуулсан үр дүнг баталгаажуулах, судсанд тэлэгч тавих үед атерэктоми буюу судсан дотуурх эмчилгээний шинэ аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлжээ. Мөн судсан дотуурх мэс заслыг 48 цагийн дотор хийх аргыг эмнэлзүйн практик нэвтрүүлж байгаа аж. “Цөм” технологийн төслийн талаар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэлтэй ярилцлаа.
-Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэд технологийг Монгол Улсад нутагшуулах “Цөм” технологийн төслийн талаар тайлбарлахгүй юу?
-Манай улсад зүрхний цочмог шигдээс өвчнөөс хамаарах нас баралт өндөр байна. Үүний гол шалтгаан нь эрт үеийн оношлогоо, эмчилгээ хийж чадаагүйтэй холбоотой. Зүрхийг тэжээгч титэм судас бөглөрвөл зүрх тэжээлгүй болж, шууд үхэлд хүргэдэг. Тиймээс зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтыг бууруулах үүднээс Цөм технологийн төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дэлхийн жишигт нийцсэн, судсан дотуурх мэс заслын оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм.
Судсан дотуурх мэс засал нь судасны хананд үүссэн өөхөн товрууг багажаар соруулж авах, цаашлаад шохойжсон товрууг өрөмдөж, судсанд цус нэвтрүүлнэ гэсэн үг.
-Цөм технологийн төсөл нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд хэчнээн оношлогоо, эмчилгээг хийсэн бэ. Зүрхний шигдээсийг оношлож, эмчлэх технологийг монгол эмч хэр эзэмшиж, нутагшуулж чадаж байна вэ?
-Цөм технологийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш манай эмнэлэгт зүрхний шигдээс өвчний оношлогоо болон судас тэлэх эмчилгээ хийлгэх хүний тоо өссөн. Жилд 2000 орчим оношлогоо хийж байна. Үүний 1200-1400 орчим нь Цөм технологийн дагуу судас тэлэгч тавих үйлчилгээ үзүүлж байгаа юм. Судас тэлэгч(стенд) тавих гэдэг нь нарийссан судсыг тэлэх зориулалттай цагираг тор тавьж, цус гүйлгэнэ гэсэн үг.
-Судасны нарийсал гэдэг нь судасны хананд өөхөн товруу үүсэхийг хэлэх юм байна. Гэтэл судасны нарийсал нь цус харвалт, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог. Тэгэхээр зүрхний шигдээс, цус харвалтыг багасгах технологи нэвтрүүлсэн гэж ойлгож болох уу?
-Төслийн хүрээнд таван чиглэлийн судалгаа хийж байгаа. Одоогийн байдлаар судалгааны үр дүн бүрэн дуусаагүй байна. Энэ оны арванхоёрдугаар сард үр дүнг тооцох ёстой. Гэхдээ зүрхний өвчлөл, цусны даралт ихсэх өвчний хүндрэл нь зүрхний шигдээс, тархины цус харвалт байдаг. Тэгэхээр зүрхний цочмог шигдээсийг оношлох, эмчлэх технологи нь зүрхний шигдээс, тархины цус харвалт өвчнийг тодорхой хэмжээгээр бууруулна.
-Зүрхний судсан дотуурх мэс засал нь зүрхний нээлттэй мэс заслаас ямар давуу талтай юм бэ. Аль мэс засал нь өвчтөн хор хөнөөл, хүндрэл багатай юм бэ?
-Зүрхний судас хэт нарийссан үед зүрхний нээлттэй мэс засал хийдэг. Энэ нь хагалгааны хүндрэл, зовиур ихтэй. Харин судсан дотуурх мэс засал нь маш богино хугацаанд хийхээс гадна хүндрэл багатай. Эмтэй судас тэлэгч нь судсан дотор үүссэн өөхөн давхаргыг хайлуулах үйлчилгээтэй учраас дахин судас нарийсах эрсдэл бага гэсэн үг.
-Судсан дотуурх мэс заслын эмчилгээ хийлгэсэн хүмүүс хэвийн амьдралдаа ороход хэр хугацаа шаардах вэ. Хориглох заалт бий юу?
-Судсан дотуурх мэс засал хийлгэсэн өвчтөн гурав хоногийн дотор эмнэлгээс гарч, хэвийн ажлаа хийгээд явах боломжтой. Мэдээж ажлын ачааллаа зохицуулах шаардлагатай. Судсандаа тэлэгч тавиулсан хүнд тамхи хор хөнөөлтэй байдаг.Тамхи хэрэглээд байвал судас бөглөрөх, судас дахин нарийсдаг. Яагаад гэвэл тамхи нь судсыг хатууруулдаг хамгийн гол зүйл нь болдог юм. Тиймээс судас тэлэгч тавиулсан хүнд тамхи татахгүй байх, цусаа шингэн байлгахын зөвлөдөг.
-Эмтэй, эмгүй судсан дотуурх мэс заслын ялгаа нь юу юм бэ?
-Эмгүй нь судас дахин нарийсах магадлалтай байсан учраас эмтэй тэлэгч тавих болсон. Судасны хананд үүссэн товруу, өөхлөг эдийг хайлуулах эмтэй судсан дотуурх мэс заслыг хийдэг болсон гэсэн үг.
-Судсан дотуур мэс засал хийнэ гэдэг маш нарийн ажиллагаа шаардана. Тэгэхээр уг мэс заслыг хийх эмч мэргэжилтнүүдээ хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Манай улсад судсан дотуурх мэс заслыг анх 2000 оноос гаднын эмч нар хийж эхэлсэн. Үүний дараа 2004 оноос монгол эмч нар өөрсдөө бие даан хийж эхэлсэн. Тухайн үед хөнгөн тохиолдолд хийдэг байсан. Харин одоо эмч нараа хоёр чиглэлээр бэлтгэдэг. Нэгд, судсан дотуурх мэс заслын эмчилгээ хийх эмч нарыг эх гадаадад буюу Франц, Япон, Солонгост сургаж байгаа. Сураад ирсний дараа гадаад багш нар нь монголд хагалгаа хийхэд хамт байж, гардан зааж өгдөг. Гадаад хуулийн онцлогоос шалтгаалан өвчтөнд гар хүрэхгүй харж сурдаг учраас монголд ирээд гадаад багшаараа гардан заалгаж, мэс засал хийж сурдаг. Одоогийн байдлаар манай эмнэлэгт судсан дотуурх мэс заслын эмчилгээ хийдэг 4-5 эмч бэлтгэсэн байна. 2018 оноос бусад эмнэлгийн эмч нарыг бэлдэж эхэлж байгаа. Бид өөрсдийн сурсан зүйлээ бусад эмнэлгүүдэд зааж өгвөл зүрхний цочмог шигдээс өвчний оношлогоо, эмчилгээ үйлчилгээг зөвхөн манай эмнэлгээс авах шаардлагагүйг болно. Эмчилгээ үйлчилгээний хувьд илүү хүртээмжтэй болно гэсэн үг. Одоогоор зарим нэг хувийн эмнэлгүүдэд судсан дотуурх мэс заслыг хийж байгаа ч эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй учраас төлбөрийн хувьд харьцангуй өндөр тусдаг.

-Зүрхний судсан дотуурх мэс заслыг улсын эмнэлгүүдээс танайх хийж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалаар мэс заслын хэдэн хувийг хөнгөлөх юм бэ?
-2005 оноос судсан дотуурх мэс заслыг өндөр өртөгтэй мэс засалд тооцож, эрүүл мэндийн даатгалаас 75 хувийг нь олгодог болсон. Ингэснээр эмэн эмчилгээгээр торгоохоос илүү судсан дотуурх эмчилгээг хийх боломжтой болсон юм. Гэхдээ хэдэн судсанд хэчнээн тэлэгч тавихаасаа хамаараад үнэ нь өөр өөр байдаг. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг болсноос хойш мэс заслын 25 хувийн зардлыг өвчтөн хариуцах болсон.
-Зүрхний нээлттэй мэс засал, судасны дотуурх мэс засал хоёр өртгийн хувьд хэр ялгаатай байдаг юм бэ?
-Зүрхний нээлттэй мэс заслын өртөг өндөр байдаг. Уг мэс заслыг хийхэд судасны нарийссан хэсгийг тасдаж аваад оронд нь хөлийн шагайн судас эсвэл хиймэл судас залгадаг. Энэ нь өвчтөндөө хөнөөл ихтэй. Шархны эмчилгээнд зарцуулах хөрөнгөнөөс эхлээд зардал их. Харин судсан дотуурх мэс заслыг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлсөн хэвээр байвал богино хугацаанд бага зардлаар хүндрэл багатай эмчилгээ болно.
-Зүрхний цочмог шигдээс өвчний оношлогооны төлбөр хэд байдаг юм бэ?
-Яаралтай тусламжаар ирэхэд төлбөр тооцдоггүй. Эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ор хоногийн төлбөр авна. Амбулаториор оношлуулахад хэдэн судас оношлохоосоо хамаарна.
-Ер нь судасны нарийсал нь зүрхний цочмог шигдээс болох нөхцөл болдог юм байна. Тэгэхээр судас нарийсаад байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ. Судсаа хамгаалах ямар арга байна вэ?
-Зүрхний шигдээс нь судасны нарийсал үүссэн үед бий болдог. Энэ нь аажмаар буюу урт хугацаанд бий болдог. Үүний гол шалтгаан нь судасны хатуурал юм. Хатуурал гэдэг нь судас дотор талаасаа хөгширч байна гэж ойлгож болно. Энэ нь буруу хооллолттой холбоотой байдаг. Тухайлбал, өөх тостой хоол, давсыг хэтрүүлэн хэрэглэх, өдөр тутам 20-оос илүү тамхи татах, хөдөлгөөний хомсдол зэрэг нь судас хатуурах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр судсаа хатууруулахгүй байхын тулд өөх тос, давс, тамхины хэрэглээгээ багасгаж, аль болох дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.