Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Аудит: Эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тооцож, алдагдал байнга өсч байна

Аудит: Эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тооцож,  алдагдал байнга өсч байна
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 23
Үндэсний аудитын газраас эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифт аудит хийжээ. Аудитаар дараах дүгнэлтүүд гарсан байна. 
-Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх байгууллагын оролцоог хангаагүй, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй, бодлогын  хэрэгжилтийн  явцыг  өнөөгийн  үр  дүнгээр  хэмжихүйц, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүй байна.
-Нийт эрчим хүчний хэрэглээний 80.7 хувийг дотоодын эх үүсвэрээс хангаж бодлогын зорилтод хүрээгүй, импортоос хамааралтай хэвээр, эрчим хүчээр найдвартай хангах чадамж  алдагдсан,  бодит  өртөг,  ашгийн  зохих  түвшнийг  хангасан  үнэ  тарифын тогтолцоо бий болоогүй, салбарын хэмжээнд санхүүгийн тогтвортой байдал алдагдсан нь эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахааргүй болжээ.
-Урт  хугацааны  бодлогоор  тодорхойлсон  нийт  хэрэглээний 85  хувийг  дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадсан бол жилд 49.5  тэрбум төгрөгийн  зардал  хэмнэх боломжтой байсан.
-Нарны болон салхин цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хэрээр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчийн төлбөр нэмэгдэх нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын санхүү, эдийн засагт дотоодын үйлдвэрлэгчийн орлого буурах сөрөг нөлөөллийг үзүүлж байна.
-Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар хүйтний улиралд дулааны  хэрэгцээгээ  хангаж  байгаа  ч амьдралын чанар ялгаатай байгаа бөгөөд айл өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэхээр тооцоолол гарч байна.
-Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр ажиллаж буй төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 62.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнд: Нэгдүгээрт эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тогтоосон, Хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид, ТУЗ сайн засаглалыг бий болгоогүй, өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтаар үр дүнг дээшлүүлээгүй, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллаж чадаагүйтэй холбоотой байна.
-Эрчим  хүчний  салбарын  бодлогын  хэрэгжилтийг  хангах  тогтолцооны  тухайлбал, хөндлөн чиглэлийн шинжилгээгээр Сангийн, Барилга, хот байгуулалтын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Зам, тээврийн хөгжлийн яамд хоорондын уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь салбарын тулгамдсан  асуудлыг  үр  дүнд  хүрэхүйц  байдлаар дэмжиж  ажиллаагүй  зэргээр харилцан хамаарал алдагдсан байна.Эрчим  хүчний  үнэ  тарифыг  бүрэн  индексжүүлээгүй  нь төрөөс, тухайлбал Засгийнгазар “хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэхэд нөлөөлсөнтэй холбоотой байна. Үнэ тарифыг өртгөөс багаар тооцож байгаа тохиолдолд алдагдлыг татаасаар бүрэн санхүүжүүлэхгүй байгаа нь төрийн бодлогын цогц байдал алдагдсаныг харуулж байна.
Тайлангийн бүрэн эхийг ЭНД дарж уншина уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн