БНХАУ-ын дарга Си Зиньпинийн хамгийн ойрын зөвлөх, Коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Харвардын их сургуулийг эдийн засгийн ухаанаар дүүргэсэн Лю Хэ энэ удаагийн Бүх Хятадын Ардын Их хурлаар эдийн засгийн бодлого, санхүүгийн асуудал хариуцсан дөрвөн дэд сайдын нэгээр томиллоо.
Лю Хэ өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр Хятадын талыг төлөөлөн сүр жавхлантайгаар үг хэлж, анх удаа олон нийтийн өмнө гарсан юм. Түүний тухай мэдээлэл маш ховор бөгөөд Си Зиньпинтэй өсвөр наснаасаа нөхөрлөсөн найзууд гэх яриа ч байдаг юм. Ямартай ч тэрээр одоо БНХАУ-ын дарга Си Зиньпиний хамгийн ойрын зөвлөхөөр нэрлэгдээд байгаа юм. Түүнийг тус хариуцлагатай албан тушаалд томилсон гол шалтгааны нэг нь яах аргагүй Си Зиньпиний нөлөө байсан.
Тэрээр Давосын чуулган дээр гэнэт олон нийтийн өмнө гарсан бөгөөд тухайн үед дэлхий нийтээр Хятадын дэд даргаар сонгогдох шинэ хүн гэх таамаг гарсан юм. Лю Хэ Давосын чуулганы үер БНХАУ-ын эдийн засгийн бодлогын болоод 2050 он хүртэлх дэлхийн эдийн засгийн таамаг, хөгжлийн чиг баримжааны тухай гучин минутын илтгэл тавьсан юм.
Гэхдээ тэрээр олон нийтэд ил гарахаасаа өмнө аль хэдийнэ Хятадын толгой улс төрч, бодлого тодорхойлогч байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Коммунист намын улс төрийн товчооны 25 гишүүний нэгээр сонгогдож, гишүүд дотроо ч нэгдүгээрт буюу нам дотроо Си Зиньпиний дараахь хамгийн нөлөө бүхий хүнээр тодроод байсан юм. Мөн тэрээр Хятадын эдийн засгийн бодлогын хэтийн төлөвийг тодорхойлогч их тархи бөгөөд БНХАУ-ын эдийн засгийн гайхам амжилтыг бий болгосон хүн гэхэд хилсдэхгүй. Тэрээр эдийн засгийн удаан боловч, үр дүнтэй өсөлтөд хөтөлж, зээлээр эргэлдэх хөрөнгө оруулалт, экспортын өсөлтөөс илүү тогтвортой хэрэглээнд суурилсан өсөлтийг анхаарч үзсэн нь одоогийн Хятадын эдийн засгийг бий болгосон юм. Зорилгодоо хүрэхийн тулд зээл, өрийн хэмжээг багасгаж зах зээлийн санхүүжилтийг бий болгож, Хятадыг дэлхийн худалдааны томоохон түншүүдтэй нягт холбох гэсэн гол арга хэрэглэсэн аж.
Түүнчлэн энэ удаагийн Бүх Хятадын Ардын Их хурлаар хэд хэдэн албан тушаалын томилгоо хийж Хятадын үндэсний хууль тогтоох байгууллага шинэ Засгийн газрын алба хаагчдаа сонгов. Тодруулбал, Батлан Хамгаалах Яамны шинэ сайдаар хуучин БНХАУ-ын армийн Пуужингийн командлагчаар ажиллаж байсан Вей Фенгхе, харин дэд сайдаар Сюй Цилянг, Жан Юүзай нар сонгогджээ. Мөн Үндэсний Хяналтын хорооны даргаар Ян Сиадү сонгогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Эх сурвалж: FT.com, BBC, xinhuanet.com