Open iToim app
Соёл, урлаг | 6 мин уншина

Д.Отгонжаргал: Шинэ жилийн гоёлын даашинзны тренд өнгө улаан хүрэн, хар ногоон зонхилно. Загварын хувьд...

Д.Отгонжаргал: Шинэ жилийн гоёлын даашинзны тренд өнгө улаан хүрэн, хар ногоон зонхилно. Загварын хувьд...
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 11
Орчин цагийн загварын чиг хандлагыг тусгаж, гар аргаар нарийвчлан чимэглэсэн, дахин давтагдашгүй цор ганц хувь урладаг онцгой гоёлын даашинз бүтээгч, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалтай ярилцлаа. Бид энэ удаагийн ярилцлагаараа Монголын хувцас загварын хөгжил болон 2020 оны өдөр тутмын хувцасны чиг хандлага болоод түүний гайхалтай загварууд хэрхэн бүтдэг талаар ярилцлаа.
-Загвар зохион бүтээгээд удаж байгаа. Та хамгийн анх хэдэн онд анхны загваруудаа гаргаж байсан вэ? 
-Би багаасаа л загварт их сонирхолтой хүүхэд байсан. 1999 онд Урлах эрдмийн дээд сургуульд элсэн орсон цагаас хойш загвар зохион бүтээж байна. Хамгийн анхны загвараараа 2000 оны хаврын гоёл наадамд орж  байсан. Тэр үеэс эхлэн өөрийгөө сорьж уралдаан тэмцээнүүдэд их оролцож ирсэн. 2014 онд өөрийн хувцасны “O couture” брэндийг үүсгэн байгуулсан.
-Бусад загвар зохион бүтээгчдээс ялгарах таны онцлог юу вэ. Хүн бүрийн мэдрэмж өөр өөр байдаг шүү дээ?
-Тийм ээ. Аливаа зүйлийг хийхдээ хүн бүр тодорхой нэгэн онцлог,  өнцгөө тодорхойлдог. Тэр тусмаа дизайнер хүн өөрийн гэсэн чиг, шугамтай байх хэрэгтэй. Жишээ нь, торгоор дагнах ч гэх юм уу. Миний онцлог бол загвар дээрээ шигтгээ болгож янз янзын хээг угалзруулан гаргадаг. Хүмүүс дизайнеруудыг нэгэн хэвийн  загвар бүтээгээд байх юм гэдэг. Загвар зохион бүтээгч хүн нэг шугамаа барьж ажиллахгүй бол өөрийн гэсэн хэлгүй болно шүү дээ. Миний хувьд хаана ч явсан энэ Отгонжаргалын загвар байна гээд шууд танигдахуйц болтлоо энэ чиглэлээрээ загвараа хийнэ гэж бодож байгаа. 
-Өөрийн загвараараа дамжуулан хэрэглэгчдэд юуг ойлгуулж илэрхийлэхийг зорьдог вэ?
-Хувцас гэдэг нь өөрөө урлаг. Энэ урлаг маань ямар ч нийгэмд голлох байр суурийг эзэлдэг. Тэр ч утгаараа хувцас загвараараа дамжуулан нийгмийн нэг хэсгийг бүрдүүлж байхыг хүсдэг. Хүмүүс хувцас загварын ертөнцийг хэрэглээ, үйлдвэрлэгч, аж үйлдвэрлэл рүү оруулж боддог. Гэтэл энэ нь тийм биш, хувцас загвар бол харах урлаг. Би өөрийгөө урлагийг түгээгч гэж бодон өөртөө зорилго тавин ажилладаг. Хувцсаараа дамжуулан хүмүүс харааны болон гоо сайхны мэдрэмжийг мэдрүүлэхийг илүү зорьдог.
-Иргэдийн хувцас загварын талаарх мэдлэг маш өндөр болж байгаа. Тэр ч утгаараа дэлхий нийтийн жишигт тохирсон хувцсыг урлахад нэлээдгүй их хугацаа шаардагддаг байх. Ялангуяа таны бүтээл гар оёдол түлхүү ордог учир нэг бүтээлд  хэр их хугацааг зарцуулдаг вэ?
-Манайх үндсэн хоёр чиглэлээр ажилладаг. Үйлдвэрлэлийн хувцас буюу худалдаанд зориулагдсан, захиалгат хувцас гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Захиалгат үйлчилгээ бол хамгийн их хугацаа шаарддаг. Дан ганц хувцасны загвар дээр ажиллахгүй захиалагчтайгаа тулж харьцаж хүсэл сонирхол, хийдэг ажил болон тухайн хүний биеийн онцлогийг судлах гээд бүхэл зүйлийг нь тодорхойлсны дараа захиалагчийнхаа хүссэн загварыг гаргадаг. Тэглээ гээд үйлчлүүлэгчийг хүлээлгээд байж болохгүй. Тиймээс маш хурдтай ажилладаг. Нэг бүтээл дээр 15-20 хоногийг зарцуулагддаг.
-Таны загварууд хэрхэн бүтдэг вэ. Бүтээлийн санаа орж ирэх тодорхой цаг, орчин байдаг болов уу?
-Уран бүтээлч хүн бүрт онгод гэж байдаг. Тэр онгодоо хөглөх хэрэгтэй. Тэгж байж ямар нэгэн сайхан, мэргэн санаа төрдөг. Ингэж хөглөхийн тулд ажилдаа шунаж, дурлаж, бүр орох ёстой. Ажлаа зогсолтгүй хийсээр л байх юм бол ар араасаа загварууд, бүтээлүүд төрөөд л байдаг. Юм хийх тусам хүний оюун ухаан хөгжиж, сэтгэж байдаг шүү дээ. Ер нь бодож сэтгэж байхад хүний санаа шавхагдана гэж юу байхав дээ. Ачаалалтай байх тусмаа л надад олон загварын санаа төрдөг. Орчны хувьд гэвэл би өөрөө их дотогшоо дуугүй хүн. Тийм ганцаараа байхдаа л шинэлэг загваруудыг гаргадаг. Одоо бол бүх ажлуудаа хийхээ больсон. Өмнө нь загвараа гаргах, оёх гээд бүх зүйлээ өөрөө хийдэг байхдаа ихэвчлэн шөнөөр сууж загваруудаа гаргадаг байсан. Энэ нь надад их тухтай шинэлэг загвар гаргах боломжийг олгож өгдөг байсан.
undefined

2020 онд минимал хэв маягийн хувцаснууд тренд болно

-Удахгүй шинэ он гарлаа, шинэ жилийн уур амьсгал орсон байна. Энэ үед бүсгүйчүүд маань гоёлын даашинз сонгох тал дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс бүсгүйчүүддээ зориулан зөвлөгөө өгөхгүй юу. Энэ жил ямар төрлийн гоёлын даашинз илүү тренд болж байгаа вэ?
-Бид загварын чиг хандлага трендийг тодорхойлохдоо гадаадын томоохон загвар зохион бүтээгчдийн бүтээлүүдийн загвараас хардаг. Дэлхий дахинд загварын чиг хандлага маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ нь өдөр тутмын хувцас загвар дээр харагддаг. Тэгвэл гоёлын хувцасны загвар дээр энэ нь харьцангуй тогтвортой байдаг. Тэгэхдээ өнгө, хэлбэр, материалын шинж чанараараа чиг хандлагаа нь өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, өнгө хүнд хамгийн анхны сэтгэгдлийг өгдөг хамгийн чухал зүйл. Энэ жилийн гоёлын даашинзын тренд өнгө бол тод цоглог өнгөтэй мөртлөө үнэ цэнтэй харагдуулах өнгөнүүд багтаж байгаа. Жишээ нь улаан хүрэн, хар ногоон, бор, номин ногоон гэх мэт ассан юм шиг хэрнээ бууралттай хүнд өнгөнүүд ихээхэн тренд болж байгаа. Саяхан хийсэн “Есөн эрдэнэ”-ийн орон загварын шоунд гарсан бүх өнгөнүүд энэ жилийн тренд өнгө болж байгаа. Хэлбэрийн хувьд гэвэл өмнө жилийн хувьд маш энгийн шулуун эсгүүртэй загварууд моодонд орж байсан. Тэгвэл энэ жил хэлбэрээр тоглосон загварууд моодонд орж байна. Мөн сул хэлбэрийн тэр дундаа бүр маш сул, нэвсгэр хэлбэрийн загварууд моодонд орж байна.
-Хүмүүс хувцас сонгохдоо тухайн жилийнхээ трендийг анхаарах хэрэгтэй байдаг уу, эсвэл өөрийн биеийн онцлогт тохирсон, сонирхолдоо нийцсэн хувцсыг сонгох хэрэгтэй байдаг уу. Ер нь аль нь илүү чухал вэ?
-Монголчууд өөрсдөө гоо сайхны маш өндөр мэдрэмжтэй хүмүүс. Дэлхий дахинд ямар зүйл моод болж байна тэр бүгдийг цаг алдалгүй судлаад мэдчихсэн байдаг. Тренд гэдэг нь тухайн хувцасны загвар моодыг тодорхойлж байгаа учраас тренд бол заавал байх ёстой. Түүнээс биш надад зохидог гээд эртний хувцас өмсөөд яваад байж болохгүй. Ялангуяа манай эмэгтэйчүүд моод сайн дагадаг. Хамгийн гол нь трендээ өөртөө зохицуулах нь хамгийн гол асуудал юм. Тэгэхгүй бол зарим хүмүүс хэт тренд дагаад өөрт тохирохгүй хувцсыг өмсөөд байдаг нь буруу зүйл. Тухайн хүний сонгох хувцсанд тренд болж байгаа өнгө болон хэлбэр аль нэг талаараа орсон байхад л хангалттай. Өөрийн биеийн онцлог хэлбэрт тохирсон хувцсыг трендтэй хэрхэн хосолж байгааг л анхаарах хэрэгтэй. 
-2020 оны өдөр тутмын хувцасны чиг хандлага ямар байх вэ?
-2020 оны өдөр тутмын хувцасны чиг хандлага нь маш энгийн минимал байх болно. Тийм ч учраас дизайнерууд олон талын үүрэгтэй, биед эвтэйхэн, авсаархан хувцас хийх тал дээр илүү ажиллаж байна. Өнгөний хувьд нэлээн тод цоглог өнгөнүүд тренд болно.
undefined
-Загварын салбарын өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Манай улсын хувьд загварын салбар маш хурдацтай хөгжиж байна. Жилээр биш өдөр өдрөөр хөгжиж байна. Гайхалтай мэдрэмжтэй зохион бүтээгч мундаг залуус гарч ирж байна. Тийм учраас загвар зохион бүтээгч нарын хувьд бол их сонирхолтой өрсөлдөөнтэй болж байна. Нэгнээсээ урам зориг авч илүү ихийг хийхийг зорьж байна. Энэ утгаараа гадаад дотоодын олон арга хэмжээнд загвар төдийгүй, загвар өмсөгчид их танигдаж амжилт гаргаж байгаа нь хөгжиж байгаагийн нэг илрэл юм.
-Загварын талаар шүүмжүүд тасардаггүй. “Монгол дээлний хэлбэрийг эвдлээ” гээд л цахим ертөнцийн шүүмж болон соёл судлаачдын дүгнэлт яригддаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?
-Дэлхийн загварын ертөнц хаашаа эргэж байна, түүнийг харж байж бид загвараа бүтээдэг. Энэ нь дэлхийн зах зээл, чиг хандлагатай хөл нийлүүлж ажиллаж байгаа хэрэг. Тэр тусмаа монгол дээлнийхээ үндсэн загварыг тусгаж, загвар бүтээх нь бидний гол имиж байдаг. Бусдаар зүгээр нэг энгийн дээл хийгээд хэн сонирхох юм бэ. Намайг ч гэсэн  шүүмжилсэн шүүмж хар мянгаараа  ирж байлаа. Би нэг их ач  холбогдол  өгөөд тоогоод байдаггүй. Дизайнер хүн өөрийн үзэл бодлоороо загвараа гаргаад хийж байна. Өчнөөн хүн таалж байхад хэсэг нь голоод шүүмжилж байдаг. Гэхдээ шүүмж, судалгааг сонсох, унших хэрэгтэй. Түүнээс авах зүйлээ авч болно.
undefined
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Э.Мөнхзаяа 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн