УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа. 22.00 цаг болж санал хураалт дуусахад 18 дугаар тойрог буюу Хэнтий аймаг 34.29, 28 дугаар тойрог буюу СХД 39 хувийн ирцтэй өндөрлөлөө. СХД-ийн 59 хэсгийн хорооны нэгэнд ч ирц хуульд заасан 50 хувьд хүрээгүй бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас бусад бүх суманд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл үүслээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар ирц хүрээгүй хэсгүүд дээр нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор явуулна. Маргааш СЕХ хуралдаж үүнийг шийдвэрлэх юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 2000 гаруй төрийн албан хаагч ажилласан юм.
Хэнтий аймгийн 89 хэсгийн хороонд 94 төхөөрөмж байна. Зарим сумын сонгуулийн саналын дүн дөрвөн цагийн дараа ирүүлнэ гэдгийг СЕХ-оос мэдээлсэн.
СХД-ийн 26 хорооны иргэд нөхөн сонгуульд саналаа өгсөн. Тус тойрогт 59 хэсгийн 118 төхөөрөмж байна.
Урьдчилсан мэдээллээр Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт эхний гуравт
МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат-11305
АН-аас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар-3067
Бие даагч М.Чингис хаан-485
СХД-ийн 28 дугаар тойргийн санал хураалтын урьдчилсан мэдээллээр эхний гуравт
МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар-21954
Зөв хүн элоктрад эвслээс нэр дэвшигч Б.Найдалаа-4784
АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл-4508
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд:
78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.
78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.