Монголын жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар өнөөдөр Зам тээврийн, хөгжлийн яамнаас мэдээллээ.
2016 оноос Зам тээврийн, хөгжлийн яам Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд Польш, Герман, Чех, Гүрж, Словак, Унгар, Литва гэсэн долоон улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцон, тээвэрлэлт хийх боломжийг бүрдүүлээд буйг ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга мэдээллийн үеэр онцлов.
Ингэснээр Монголын тээвэрчид ОХУ, БНХАУ,Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болж байгаа аж.
Энэ талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантогтох хэлэхдээ “2016 онд Европын улсуудаас Монгол Улс руу хийгдэж байгаа нийт ТИР тээвэрлэлтийн 1 хувийг Монголын тээвэрчид гүйцэтгэж байсан бол 2018 онд 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй явж байна. Өнөөдрөөс манай улсын тээвэрчид 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо. Түүнчлэн Монгол-Орос-Хятад хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийг 2019 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэлэлцээр далайд гарцгүй манай орны хувьд маш чухал ач холбогдолтой хэлэлцээр юм. Мөн Ази-Европын хооронд хийгдэх дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам тул манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэж тооцож байгаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд манай улсын тээвэрчид ОХУ-аас БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин боомт хүртэл авто тээвэрлэлт гүйцэтгэж эхлээд байгаа юм. Тухайлбал, “Туушин” ХХК-ийн дөрвөн тээврийн хэрэгсэл 2020 оны нэгдүгээр сарын эхээр ТИР карнейг ашиглан ОХУ-ын Эрхүү хотоос БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсэн” гэлээ.
Тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжид тавих шаардлагын талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам хэлэхдээ “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрээр Азийн авто замын сүлжээний АН3 буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжуулан БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, АН4 буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт хийх боломжтой болсон. Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д тавих шаардлагын хувьд БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой. Шаардлагуудыг бүрэн хангаснаар тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг Авто тээврийн үндэсний төв дээр олгоно. Монгол, Орос, БНХАУ хооронд эдийн засгийн коридорын Азийн авто замын коридор байгуулсантай холбогдуулан гурван улс харилцан тээвэр хийх боломжтой. Одоогоор 200 тээврийн хэрэгсэл нэвтрэхийг зөвшөөрсөн. Ингээд далайд гарцгүй Монгол Улсын хувьд үр ашигтай тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна” гэв.
Тус хэлэлцээрийн хамгийн эхний тээвэрлэлтийг гүйцэтгэсэн “Мон Транс Авто” ХХК-ийн захирал Д.Пүрэвдорж хэлэхдээ “Манай компани нь ОХУ-д үйлдвэрлэсэн “Байкал” цэвэр усыг тээвэрлэн арванхоёрдугаар сарын 27 нд ОХУ-аар дайран БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэсэн аж. Өмнө нь бид ачаагаа Эрээн дээр буулгаад хятадын компанидаа хүлээлгэн өгөхөд их хүндрэлтэй байдаг байсан. Энэ асуудлыг ЗТХЯ болон АТҮТ шийдвэрлэж өгч монгол жолооч олон улсын тээвэрлэлтэд оролцох боломж бүрдэж, олон улсад нэвтрэх тээврийн өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болсонд маш их баяртай байна”гэв.
Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчилэн байгуулсан аж. Уг шинэчлэлээр шилжүүлэн ачих боломжгүй овор хэмжээ ихтэй, аюултай ачааг БНХАУ-д бүртгэлтэй чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт хийх боломжтой болсон гэлээ. Тус шинэчилсэн протокол энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.