Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс дөнгөж сая Озэки Г.Ган-Эрдэнэд Ёкозүна цол олгох шийдвэр гаргалаа. Өчигдөр Ёкозүнагийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар 73 дахь Ёкозүна цолыг Г.Ган-Эрдэнэд олгохыг дэмжсэн юм.
Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ аварга Г.Ган-Эрдэнэ гэж хэн бэ
Гантулгын Ган-Эрдэнэ нь өдгөө 29 настай. Японы мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь, Монголын тав дахь Ёкозүна цолтон боллоо. Тэрээр 1991 оны 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотноо төрсөн, 192 см өндөр, 177 кг жинтэй.
Тэрээр багадаа Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын дор жүдо бөхөөр хичээллэж байгаад 17 настайдаа Япон улсыг зорьж, Жохокү ахлах сургуульд суралцсанаар сүмод хөл тавих боломж нь нээгджээ. Тэрээр анх Магаки дэвжээнд элссэн ч удалгүй тус дэвжээ нь хаагдаж, 2011 онд Исэгэхама дэвжээнд албан ёсоор элссэнээр түүний мэргэжлийн сүмогийн карьераа эхэлсэн түүхтэй.
2013 онд Жүрёо зиндаанд дэвшив
Г.Ган-эрдэнэ 2013 оны Макүшита зиндааны долдугаар сарын башёг 6-1 гэсэн амжилттайгаар өндөрлүүлснээр есдүгээр сарын барилдаанаас Жүрёо зиндаанд дэвшин барилдахаар болсон. Тухайн үед тэрээр Вакамишо гэх нэрээр барилдаж байгаад Жүрёо зиндаанд дэвшсэнээр нэрээ Тэрүнофүжи болгон өөрчилж байжээ.
2015 онд Озэки буюу Арслан цол хүртэв
Тэрээр 2013 онд дээд зиндаанд дэвшиж, жил гаруйн дараа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлснээр удаах башё болох 2015 оны долдугаар сард 24 насандаа Озэки буюу арслан цолыг хүртсэн. Түүнийг Монголын их аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэн Ёкозүна болно гэж олон хүн таамаглаж байсан нь өнөөдөр биеллээ олов.
2016, 2017 онд гэмтлийн улмаас зиндаа буурав
Г.Ган-Эрдэнэ 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдрийн барилдаанд мөрөндөө хүнд бэртэл авснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүнээс хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салсангүй. Улмаар 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авхуулснаар тамирчин хүний хувьд хамгийн хүнд цаг үеийг туулж өнгөрүүлсэн билээ. Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул хоёр жилийн хугацаанд зиндаа буурсаар Жонидан зиндааны 48 дугаарт бичигдэж байв. Гэсэн ч тэрээр бууж өгсөнгүй.
Г.Ган-Эрдэнэ гэмтлээ бүрэн эдгээснээр 2019 оны гуравдугаар сард сүмогийн дэвжээнд эргэн ирэв. Тэрээр амжилттай барилдсаар Жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван түрүүлж, тэр эрчээрээ Санданмэ, Макүшита, Жүрёо зиндаануудад дараалан түрүүлснээр эргэн Макүүчи буюу дээд зиндаанд эргэн ирсэн юм.
2021 онд Ёкозүна цолны болзол хангав
Тэрээр 2020 оны долдугаар сарын нагоя башёд Макүүчи зиндаанд барилдаж, дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдоо түрүүлэн сүмогийн ертөнцийн бахархал болж байв. Түүний дөрвөн жилийн хугацаанд туулсан тамирчны уналт, босолт нь мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлтүүдийн нэгд тооцогдох нь гарцаагүй.
Тэрүнофүжи 2000 оны нэгдүгээр сард Сэкивакэ цолтойгоор дээд зиндаанд түрүүлсэн нь Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд Озэки Мүсояамагаас хойших анхны, Жүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн гурав дахь, Макүүчи зиндаанаас Жонидан хүртэл чансаа буурч, эргэн дээд зиндаандаа ирж, түрүүлсэн сүмогийн 2000 жилийн түүхэн дэх цорын ганц бөх болсон юм.
Тэрээр 2021 оны долдугаар сарын башёд амжилттай сайн барилдсанаар Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх 73 дахь, Монгол Улсаас төрөн гарсан тав дахь их аварга боллоо.