Open iToim app
Бүтээгч | 6 мин уншина

Г.Ганбаяр: Бид Монголын өв соёлыг хадгалсан тансаг хийцтэй тавилга, авдрыг зөвхөн захиалгаар үйлдэрлэдэг

Г.Ганбаяр: Бид Монголын өв соёлыг хадгалсан тансаг хийцтэй тавилга, авдрыг зөвхөн захиалгаар үйлдэрлэдэг
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 13
Бид энэ удаагийн ярилцлагаараа үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон гэрийн тавилга тэр дундаа авдрыг уран нарийн хийцтэйгээр, өөрсдийн өвөрмөц хэв маягаар үйлдвэрлэж, олонд таниулж яваа “Байгалжин арт” компанийн үүсгэн байгуулагчдын нэг уран бүтээлч Г.Ганбаяртай ярилцлаа.
-Байгалжин арт компани хэдэн оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн вэ. Яагаад заавал уламжлалт гэрийн тавилга, тэр дундаа авдар урлах болов?
-Манай компани нь гэр бүлийн компани. Тодруулбал, би хоёр ахтайгаа хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хоёр ах мэргэжлийн уран зураач, дархан хүмүүс байдаг. Миний хувьд архитектур мэргэжилтэй, уран бүтээлч хүн. Гэр бүлээрээ хамтарч монгол үндэснийхээ уламжлалт тавилгын үйлдвэрээ ажиллуулаад найм дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Манай үйлдвэрийн гол зорилго бол уламжлалт тавилгыг орчин үед нийцүүлэн урлаж ард түмэндээ түгээх зорилготой. Бид хийж байгаа бүх бүтээгдэхүүнээ аль болох урлагийн хэмжээнд бүтээж урлаг болгохыг хичээн ажилладаг. Ах нар маань урлаг судлаач, түүх судлаач хүмүүс учир үйлдвэр байгуулагдахаас 10 гаруй жилийн өмнөөс энэ чиглэлээр судалгаа хийсэн. Тухайн үед уламжлалт гэр ахуйн тавилгыг хүмүүс тийм ч их урлаж бүтээдэггүй байсан. Тиймээс энэ төрлөөр явах болсон. Үүнээс гадна бид өөрсдөө уран дархны чиглэлээр уран бүтээл туурвих маш сонирхолтой байсан. Яагаад заавал хүмүүс европ тавилга тавих ёстой гэж, бид чинь өөрсдийн гэсэн өв соёл уламжлалтай ард түмэн учраас монгол тавилгыг орчин үеийн шийдэл оруулж урлая гэсэн сонирхолдоо хөтлөгдөн энэ үйлдвэрээ байгуулсан.
-Уламжлалт гэр ахуйн тавилга, авдар үйлдвэрлээд найм жил болжээ. Анх энэ чиглэлээр уран бүтээл хийхэд иргэд хэр хүлээж авч байсан вэ. Одоо иргэдийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн гэж та бодож байгаа вэ?
-Анх үйлдвэрээ нээж байхад иргэд нэлээд цочирдсон мэдээлэлтэй байсан. Яагаад вэ гэхээр тухайн үедээ иргэд маань уламжлалт гэр ахуйн тавилгыг сонирхохоо больж орчин үеийн европ гэр ахуйн тавилгыг илүү сонирхож эхэлж байсан. Тиймээс бид орчин үеийн шийдэлтэй уламжлалт тавилгуудыг хийж эхэлсэн. Үүний нэг жишээ нь гурван хос авдар. Гурван хос авдрын санааг манайх анх гаргаж байсан. Түүхий эд болох сайн чанарын улаан мод, царс гэх мэт сайн чанарын моднуудыг гадаадаас худалдан авч өөрсдөө гараагаа урлаж эхэлсэн. Бид зүгээр ч нэг энгийн авдар хийдэггүй, маш нарийн хийцтэй төрөл бүрийн тоноглолтой тансаг зэрэглэлийн авдар, тавилгуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Тоноглолын хувьд гууль мөнгө, алт гэх мэт зүйлүүдээр тоноглодог. Тухайн үед бид нар гурван хос авдраа 10-12 сая гэж үнэлэхэд хүмүүс маш их гайхаж байсан. Одоо найман жилийн дараа иргэдийн хандлага маш өөрчлөгдсөн.  Иргэд маань хүний хөдөлмөрийг маш их үнэлдэг, уламжлал өв соёлын нэг хэсэг болох авдрыг маш ихээр сонирхдог болсон. Тийм болохоор одоо бол тансаг хэрэглээ талаас нь ойлгож худалдан авалт хийдэг болсон байгаа.
undefined
-Авдрын загвар төрөл маш олон байдаг шүү дээ. Танай үйлдвэр ямар төрлийн авдрыг голчлон хийдэг вэ?
-Манай үйлдвэр нь бүх төрлийн авдрыг хийдэг. Монголд маш олон янзын хээ, угалз, дүрс байдаг учир авдрын загвар, хийц, зураглал, тоноглол гээд бүх зүйл нь хязгааргүй. Манай үйлдвэрээс голчлон гардаг авдар гэвэл гурван хос арслантай авдар, зоосон хээтэй авдар, түмэн наст хээтэй авдрууд гарна. Мөн цулгуй болон хүннү загварын авдар гардаг байгаа.
-Авдрын бэлгэдлийн талаар бидэнтэй хуваалцаач. Арслантай авдар хамгийн их гүйлгээтэй байдаг гэлээ. Арслан яг юуг бэлгэддэг юм бол?
-Авдар нь айлд буян тогтоож, эд баялаг дууддаг гэж монголчууд эртнээс ярьж ирсэн түүхтэй. Дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай амьдрахыг билэгдсэн сав бол авдар. Бид үнэ цэнэтэй бүхнээ хадгалж хоймортоо залах эрдэнэсийн авдар дээрээ арсланг тодотгон дүрсэлдэг нь монголчууд эдийн тэнгэрийн хамгаалагч хэмээн дөрвөн нүдтэй банхар нохойгоо үүднийхээ баруун хаяанд тэжээж, дөрвөн хүчтэний нэг арслангаар эд баялгаа хамгаалуулан авдар дээрээ зурж сийлдэг байсан.
Айлын хойморт аав, ээжийн хоёр авдар байх бөгөөд дээр нь нэг, нэг арслангийн дүрсийг гадагш харуулан дүрсэлж тохирох хээгээр хүрээлэн чимэглэнэ. Мөн хээ зураг чимэглэл нь тухайн айлын онцлогт тохирох билэгдлийг агуулсан байдаг. Мөн чандмань эрдэнэ, ам цагаан хулгана зэргийг билэгдэл болгон оруулж арслангийн аманд эдийн дээд хэмээн билэгдэн хадаг зуулгах эсвэл саварт нь эрдэнэ билэгдэж молор атгуулсан, үр удмаа хамгаалж байхыг билэгдэж гүеэг тэврүүлсэн гэх мэт олон янзаар дүрсэлсэн байдаг.
-Авдар хийхэд ашиглагддаг түүхий эд болох мод, чимэглэлүүдийг хаанаас авдаг вэ?
-Манай орон эрс тэс уур амьсгалтай орон учраас яг тавилга хийх төвшний хатуулаг шинж чанартай мод ургадаггүй. Ургадаг байсан ч Монголд боловсруулах үйлдвэр байдаггүй. Зөв ёсны хатаалт гэж байдаггүй. Мөн бид нар хийсэн бүтээлээ он удаан жил тухайн айлд хадгалуулъя гэсэн бодолтой байдаг учраас бид аль болох чанартай хатуулаг модыг өөр орноос авж хэрэглэдэг байгаа. Харин бусад зүйлийг нь Монголоосоо  авч хэрэглэдэг.
-Анх гарч ирэхдээ тавилгуудаа арцны үнэртэй, улаан мод гэх зэрэг гоёмсог моднуудаар хийдэг байсан гэсэн. Одоо эдгээр моднуудыг ашиглаж байгаа юу?
-Манай үйлдвэр ихэвчлэн орос царс модоор тавилгуудаа урлаж байгаа. Захиалагчийн хүсэлтээр тавилгаа арцны үнэртэй, улаан, ум зандан гэх зэрэг гоё моднуудаар хийж болно. Эдгээр моднуудаар хийгээд бараа бүтээгдэхүүнээ худалдъя гэхээр хэтэрхий үнэтэй болчихдог учраас царс модоор хийж байгаа. Орос царс маань өөрөө дутахааргүй маш сайн мод.
undefined
-Үйлдвэрээс гарч байгаа бүтээлүүддээ хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?
-Бид бүтээлээ тухайн хүний хоёр үеийг үзүүлэх юмсан даа гэсэн бодлоор бараа бүтээгдэхүүнээ урладаг байгаа. Гол түүхий эд болох мод маань өөрөө хөдөлгөөнтэй материал. Төмөр шиг хөдөлгөөнгүй материал биш. Мод чинь өөрөө амьсгална, агаар чийгт тодорхой хэмжээгээр хувирна, хөдөлнө. Тийм учраас ямар ч төрлийн мод он цагийн хувьд нэг удаа хагарч гэмтдэг. Тэгэхлээр энэ тохиолдолд бид хэдэн жилийн ч дараа хамаагүй үнэгүй засварлаж өгч болно.
-Манай улсад яг энэ чиглэлээр гэр ахуйн тавилга хийдэг маш олон компани, үйлдвэрүүд байгаа. Тэднээс ялгагдах гол онцлог нь юу вэ?
-Манай компанийг дагаж маш олон үйлдвэрүүд бий болсон. Бидний хувьд тэдгээр компаниудаас ялгагдах онцлог бол бид бүтээлүүдээ 100 хувь гараар гүйцэтгэдгээрээ онцлог. Бид өөрсдөө гурван үйлдвэр барьсан учраас авдрын цоожноос эхлээд бүхий л зүйлээ өөрсдөө гүйцэтгэж хийдэг. Үүнээс гадна бүтээгдэхүүний загварыг гаргадаг, хийдэг хүмүүс бүгд урлагийн  мэргэжилтэй мэргэжлийн уран бүтээлчид байдгаараа ялгаатай.
-Таны хувьд компанийнхаа яг юун дээр ажилладаг вэ?
-Ерөнхийдөө компанийнхаа менежер. Үүнээс гадна бүтээлүүдийнхээ зурган дээр ажиллана. Мөн металл дээр ажилладаг байгаа. Ер нь бүхий л зүйл дээр нь чадахаараа л ажилладаг даа.
-Нэг авдар бэлэн болоход хэдэн хоног шаардагддаг вэ?
-Хугацааны хувьд металл, хээнүүд дээр хамгийн их хугацаа шаардагддаг. Бид гурван хос авдрыг 15-20 хоногийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгадаг.
undefined
-Бүтээлийн үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Гурван хос авдрууд маань 6-11 саяын хооронд худалдаалагддаг. Үнэ нь хийц, материал, тоноглолоос шалтгаалаад өөр өөр байдаг. Хамгийн гол нь хийц байдаг учир уран нарийн хийцтэй байх тусмаа үнэ өсөөд явна. Түүнчлэн манай үйлдвэр арьсан авдар хийдэг. Арьсаа ямар ч тийм залгаагүйгээр сайхан сүлжээд маш сайн чанарын арьсаар бүрж хийдэг байгаа.
-Танай үйлдвэрт одоогийн байдлаар хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Дархнаа бол манай хамгийн том ах хариуцаад явдаг. Харин будаг, зургийг нь бага ах маань хариуцдаг. Хоёр мужаан ажилладаг, ингээд нийтдээ 7-10 хүний бүрэлдэхүүнтэй. Бид хүчин чадлаа нэмэх гэхээр сайн мужаан олдоход хэцүү болсон байна. Одооны залуучууд мужааны тал дээр сайн суралцаагүй ч юм уу эсвэл сургалтын  систем манай улсад дутмаг байгаад байна уу. Ер нь зар тавиад ажил авъя гэхээр ажилчин олдохгүй байгаа. Ер нь энэ төрлийн нарийн мужаан Монголд маш ховор болж байгаа нь харамсалтай байна.
-Жилд ер нь ойролцоогоор хэдэн авдар үйлдвэрлэдэг вэ?
-Энэ болгоныг тооцож үзээгүй. Манай компани нь бараа бүтээгдэхүүнээ олноор нь гаргаж үйлдвэрлэдэггүй. Зөвхөн захиалга авч үйлдвэрлэдэг. Бүтээлүүд маань уран нарийн, үнэтэй материал ордог учраас олноор нь үйлдвэрлэх боломжгүй. Бид бүтээлээ гар урлал урлаг талаас нь бүтээлүүдээ хийдэг учир их цөөхөн гардаг.
-Бүтээлээ гадаад орнууд руу импортлох талаар боддог уу. Гадаад хүмүүс маш их сонирхдог байх.
-Манай компанийн урчууд маань Халимаг, Тува, Буриад, Хөх хот, Өвөр Монгол гэсэн газруудад тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн. Тэдгээр улсууд манай компанийн авдар болон гүнгэрвааг маш ихээр сонирхдог. Мөн тэнд үйлдвэр бариад хамтран ажиллая гэсэн саналууд ирдэг. Ялан гуяа Хөх хотоос саналууд их ирдэг. Одоогоор энэ болгоныг арай эхлүүлж амжаагүй байна. Гэхдээ ирээдүйд хөх хотод үйлдвэрээ бариад өргөжих бодол байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн