Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

Харвардын оюутан Г.Ганчимэг: Сайн төлөвлөгөө, тууштай байдал тэтгэлэгт тэнцэх гол хөшүүрэг  болно

Харвардын оюутан Г.Ганчимэг: Сайн төлөвлөгөө, тууштай байдал тэтгэлэгт тэнцэх гол хөшүүрэг  болно
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 10
Америкийн нэгдсэн улсын Засгийн газрын “Фулбрайт” тэтгэлэг, Харвардын их сургуулийн HIID сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэгт шалгаран “Харвардын их сургууль”-д  Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалж байгаа Г.Ганчимэгтэй  тэтгэлэгт хэрхэн бэлдэж, тэнцсэн туршлагын талаар ярилцлаа.
-Та энэхүү тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ. Сонгон шалгаруулалтын үйл явцаас сонирхуулна уу?
-Сонгон шалгаруулалтын явц бараг жилийн турш үргэлжилдэг.Тэтгэлгийн эхний шатанд Англи хэлний шалгалтын оноо, эссэ, тодорхойлох захидал зэрэг бусад шаардлагатай материалаа бүрдүүлж хүсэлтээ илгээх, хэрэв тэнцсэн бол дараагийн шат буюу ярилцлагын шатанд орох болно. Ингээд үүнд тэнцвэл  цааш өөрийн суралцах сургуульд материалаа бэлдэж, тодорхой шалгалтуудыг (iBT, GRE...г/м) өгдөг. Энэхүү тэтгэлэгт өргөдлөө илгээхийг хүсэж байгаа залуустаа миний зүгээс дараах зүйлсийг санал болгомоор  байна. Хэрэв өргөдөл гаргаж байгаа бол хоёр зүйлсэд маш сайн анхаарах хэрэгтэй юм байна лээ.
Нэгд. Өөрийн тань чин зорилго: “Та энэ хөтөлбөрт яагаад хамрагдах хэрэгтэй вэ, яагаад АНУ-д тэр тусмаа өөрийн тань сонгосон сургууль, програмд  суралцах гэж байгаа вэ?” энэ асуултад өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Энэ асуулт хэдий энгийн сонсогдож болох  ч чухал асуулт юм шүү. Хариултыг өөрөөсөө асууж үнэн сэтгэлээсээ хариултаа бэлдэж, агуулгаа гаргах хэрэгтэй. Тухайн хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд сонгосон програм тань яаж дэм болох вэ? Хамгийн чухал нь таны зорьж буй үйл хэрэг тань нийгэм, хүрээлэн буй орчиндоо ямар ач холбогдолтой юм? ” зэрэг асуултуудад хариулах юм.
Хоёрт. Цагаа сайн төлөвлөх буюу аливаа зүйлийг цагийг тулгаж хийхгүй байх. Тэтгэлэг болон сургуульдаа ороход шаардагдах шалгалт бүрийн оноог авах хэрэгтэй. Богино хугацаанд ( жишээ нь сарын дотор ч юм уу) ялангуяа эрхэлж буй ажлынхаа хажуугаар бэлдэж хүссэн оноогоо авна гэдэг боломжгүй биш хэдий ч ярвигтай. Иймд цагаа сайн төлөвлөж, зорьсон оноогоо аваарай.
-Эссэний сэдэв бас агуулга чухал байдаг. Та ямар сэдвийг сонгон, агуулгаа хэрхэн сайжруулж гаргахыг зорьсон бэ?
-Миний хувьд эссэний бүтцээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Бүтцийн хувьд  эссэгээ хоёроос гурав хуваах хэрэгтэй болов уу. Жишээлбэл, яагаад гэдэг асуултад та хүрээлэн буй орчин, нийгэмдээ ямар нэг асуудлыг олж харж түүнийг сайжруулах талаас буюу үүнд шийдэл олох, гарц гаргалгааг олж харах гол үндсэн суурьтай байвал тохиромжтой санагдсан. Энэ нь таны яагаад гэх асуултын хариулт болж өгөх юм. Өөрийн олж харсан асуудлыг сайн тайлбарлаж, шийдвэрлэхийн тулд өөрт тань ийм нөөц бололцоо байгаа боловч энэ нь тухайн асуудлыг өөрийнхөө хүрээнд шийдвэрлэхэд хангалттай бус учир улам гүнзгийрч суралцах шаардлага тулгарч байгааг илэрхийлэх нь чухал. Улмаар ингэж суралцсанаар эргээд юу хийж, тухайн шийдэл нь буцаад олон нийтэд хэрхэн сайнаар нөлөөлөх зэргийг тодорхойлон гаргаж өгөх хэрэгтэй.
Миний хувьд хөгжлийн эдийн засаг хөтөлбөрийг сонгосон гол  шалтгаан нь зөвхөн манай гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрд тулгараад буй тэгш бус байдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлздэгтэй минь холбоотой. Жишээлбэл, хувь хүн ямар ч гэр бүл, яс үндэс, хүйс, орчинд төрснөөс үл хамаарч хүн өөрийн хүссэн боловсролоо эзэмшээд амьдралаа дээшлүүлэх чадамжтай байх ийм нийгмийг цогцлоох нь хөгжлийн эдийн засгийн бодлогын үндсэн нэг зорилт байдаг. Гэтэл манайд болон бусад улсад энэхүү зорилтыг тэр бүр хангаж чаддаггүй. Үүнээс болж нийгмийн олон асуудал урган гардаг. Жишээ нь “poverty trap” буюу “Ядуурлын хавх”. Иймд энэ байдлыг арилгах, улмаар сайжруулахын тулд юу хийх шаардлагатай, ямар шийдэл байх хэрэгтэй вэ гэх зэргээр эссэндээ гарган тайлбарлаж бичихийг зорьсон.
Түүнчлэн ярилцлагын шатны талаар товчхон дурдъя гэж бодож байна. Фулбрайт тэтгэлгийн ярилцлагын шат 15-20 минут орчим үргэлжилдэг. Тус шатанд ороход мэдээж бэлтгэлтэй байдал чухал. Үүнд:
1. Өөрөө өөртэйгөө ажиллах буюу энэ төрлийн асуулт ирж магадгүй гэх маягаар тэмдэглэл хөтөлж хариулан түүнийгээ сургуулилт хийж давтах.
2. Гол санаагаа шүүгч нарт ойлгомжтой, цэгцтэй байдлаар хүргэх.
3. Мөн тухайн шатанд орохын өмнө өөрийн өмнө өгсөн материал бүрээ нягталж суун хараарай. Учир нь шүүгчид таны материалыг харж тэндээс асуулт бас асуух болно. Жишээлбэл ажлын туршлага тал дээр байж болно. “Сүүлд ......  ажил дээр ажилласан юм байна. Тус ажлынхаа үүрэг, хийсэн зүйлсийн талаар бидэнд танилцуулна уу” гэх зэргээр асуух болно.    
-Ярилцлагаа Харвардын их сургуулийн талаар үргэлжлүүлье. Энэхүү сургуульд суралцахыг маш олон залуус зорьж, мөрөөддөг. Энэ хэрээр шалгуур маш өндөр байх. Таны хувьд энэ сургуульд өөрийгөө хэрхэн бэлдэж, ямар шалгалтуудыг өгсөн бэ?
-Бусад сургуулиудын л адил энэхүү сургуульд элсэх хүсэлтээ илгээхэд өргөдөл тань хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Шалгалтын оноонууд: IBT TOEFL оноо, GRE ( бизнесийн сургуульд өргөдөл өгч буй бол GMAT) зэрэг шалгалт багтана. Миний суралцаж буй хөтөлбөр математик, эдийн засгийн онол суурьтай учир ялангуяа GRE шалгалтын математикийн  хэсэгт  ач холбогдол өгч өндөр оноо авахыг зөвлөдөг. GRE буюу General Test шалгалт нь (i) математик /Quantitative Reasoning/, (ii) Англи хэл /Verbal Reasoning/, (iii) Бичих хэсэг /Analytical writing/ гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хоёр хэсэг нь нийтдээ 40 асуулттай. Онооны хувьд хамгийн багадаа 130-аас хамгийн дээд талдаа 170 оноо авах боломжтой. Манай програмд элсэхэд ихэвчлэн математикийн хэсэг дээр төгс оноо эсхүл хамгийн ихдээ 2-3 л алдах хэмжээний байхыг зөвлөдөг. Нэг ёсондоо алдах эрхгүй буюу дарамт ихтэй гэсэн үг.
Харин сургуулиас шаарддаг эссэний хувьд тус бүр нь 750 үгтэй  нийт гурван эссэ бичүүлдэг.  Эссэний сэдэв нь “Яагаад энэ програмд суралцах гэж байна вэ, Таны бодлоор хөгжлийн асуудал гэж юу вэ, тодорхой сэдэв авч бичнэ үү?” гэх сэдэв байсан. Үүнд өөрийн олж харсан нийгмийн асуудлаа (эрүүл мэнд, боловсрол зэрэг бид бүхний амьдралд нөлөөлдөг ямар ч сэдэв байж болно)  хөндөж авч тайлбарладаг.
Тодорхойлох захидал ихэвчлэн гурвыг шаарддаг. Эхний тодорхойлох захидлыг академик буюу өөрийн төгссөн сургуулийн багш, профессороос  авахыг зөвлөдөг бол үлдсэн захидлуудыг ажиллаж буй эсхүл ажиллаж байна байгууллагынхаа удирдлагаар  тодорхойлуулж бичүүлэх нь үр дүнтэй байдаг. Эдгээр захидлыг маш сайн гаргаж бичүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, захидлуудад “Энэ хүүхэд өмнө нь ийм, ийм хичээл, судалгааны ажлыг гүйцэтгэж байсан тул танай сургуульд амжилттай суралцаж чадна гэж бодож байна. Эсхүл “Учир нь тэрээр ийм ийм чадвартай бөгөөд ажиллаж байх хугацаанд ийм амжилтыг гаргаж байсан. Одоогоор энэ хүүхдэд нөөц бололцоо бий боловч, хийхийг зорьж, эрмэлзэж байгаа зүйлд нь хангалттай бус байгаа учир танай сургуулийг төгссөнөөр өөрийн зорьж буй үйл хэргийг гүйцэтгэх чадвар, потенциалтай болж ирнэ гэж дүгнэж байна. Иймд би .......-г сургуульд тань тэнцэнэ хэмээн үзэж байна” гэх маягаар бичигддэг. Мэдээж энэ бүх зүйлсийг ажлын хажуугаар амжуулна гэдэг яггүй тиймээс хүн бүрд өөр өөр хэмжээний цаг хугацаа шаардлагатай болох байх.
-Харвардын их сургуулийн талаар бидэнд сонирхуулна уу. Тус сургуулийн онцлог юу вэ?
-Харвардын их сургууль нь 1636 онд байгуулагдсан дотроо нийт 13 салбартай. Манай сургууль нь “Ivy League”-ийн найман сургуулийн нэг. Энэ ч утгаараа  нэр хүндтэй байдаг харин энэ нэр хүнд нь сургалтын чанар, багш эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлууд нь чиглэл бүрдээ тэргүүн эгнээнд явдагт оршдог болов уу. Салбар сургууль бүр өөр өөрсдийн онцлогтой бөгөөд манай сургууль нь төрийн бодлогын Харвард Кеннеди сургууль юм.
- Та өөрийн цагийг хэрхэн зөв зохицуулан бэлдэж байсан бэ. Түүнчлэн тэнцсэн хэмээх мэдээг сонсоод хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Ихэвчлэн ажлын дараа оройн цагаар эсхүл амралтын өдрүүдээр сууж шалгалтууддаа бэлддэг байсан. Миний хувьд дээрх материалуудыг ажлын хажуугаар дөрвөн сарын хугацаанд бэлдэж амжсан байгаа. Улмаар тэнцсэндээ баярлахын хажуугаар бүхий л цаг хугацаанд тусалж дэмжиж байсан аав ээж, мөн өргөдлийг минь амжилттай болоход нөлөөлсөн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархсан.
-Олон залуус гадаадад суралцахыг зорилгоо болгон улмаар тэтгэлэгт өөрийгөө бэлддэг. Гэвч тэтгэлэг авч чадахгүй, тэнцэхгүй байх тохиолдол бий. Таны зүгээс эдгээр залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Төлөвлөгөө маш чухал.  Тэтгэлэгт бэлдэнэ гэдэг зүгээр нэг хэсэгхэн хугацаанд бэлдээд болчих зүйл биш. Нэг жил, магадгүй хоёр жил бэлдэнэ. Иймд:
-Сайн төлөвлөх хэрэгтэй. Хэдий та маргааш өргөдөл, материалаа өгөхгүй ч жил эсвэл хоёр жилийн өмнө ч хамаагүй өөрийн орохыг хүсэж буй сургуулиа жагсаан бичиж, юу юуг өнөөдөр хийх шаардлагатай, ямар шалгуур үзүүлэлттэй зэргийг дэлгэрэнгүй харж танилцах хэрэгтэй. Тэгээд төлөвлөгөөгөө гаргаарай. Үүнд:
-Тухайн тэтгэлэгт тэнцсэн хүмүүсийн тухай судалгаа хийж, мэдээлэл цуглуулах. Мөн зөвлөгөө авах.
-Шантрахгүй, тууштай мөн дээрээс нь өөдрөг байдал чухал. Хүн болгон эхний удаа ороод шууд тэнцэнэ гэж байхгүй шүү дээ. Хоёр, гурав магадгүй дөрөв, тав ч орж болно. Ер нь хэд ч орж болно. Тухай бүрд шантралгүй алдаанаасаа суралцаж өөрийн чадварыг сайжруулж байх чухал.
 -Таны цаашдын зорилго юу вэ?
-Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийнхөө хэмжээнд нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэл мөрөөдөлтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн