Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

С.Наранчимэг: Сувилагчийн мэргэжил дутагдалтай байгаа цагт эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрахгүй

С.Наранчимэг: Сувилагчийн мэргэжил дутагдалтай байгаа цагт эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрахгүй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 12
Сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагын ёс зүйн асуудал маш их хөндөгдөх болсон. Энэ талаар АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш АУ-ны доктор,  профессор С.Наранчимэгтэй ярилцлаа.
-Эмч мэргэжлийн онцлогийг та юу гэж хэлэх вэ?
-Эмч мэргэжил бол өгөгдөлтэй төрсөн хүний хийх ажил гэж боддог. Үүнд энэрэн асрах сэтгэлтэй, хүнд тусалъя гэсэн эрмэлзэлтэй, шударга, зарчимч гэх мэт монголчуудад уламжлагдаж ирсэн зан чанарыг шингээсэн хүн л энэ мэргэжлээр ажиллаж чадна. Эмч хүн дайснаа ч эмчлэх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Монголчууд эрт үеэс эмчийг хүндэтгэж ирсэн. 1919 онд орос судлаачид Монгол Улсын хүн амыг тоолсон. Тухайн үед манай улс 645 мянга орчим хүнтэй байсан бол дундаж наслалт 32 байсан. Харин өнөөдрийн хувьд дундаж наслалт 71.8 хувьд хүрлээ. Үүнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан үе үеийн эмч сувилагч, мэргэжилтнүүд түүнийг бэлтгэн гаргасан багш нарын гавьяа.
-Тэгвэл эмч хүнд ямар чадвар хамгийн чухал вэ?
-Өмнө нь гараараа хийдэг зүйлийг чадвар гэдэг байсан бол одоо хамтран ажиллах, харилцах, сонсох, багаар ажиллах чадвар шаардлагатай болсон. Гэхдээ үүнээс өмнө эмч хүн эхлээд өөрөө хүн байх ёстой. Хоёрт, манай боловсролын тогтолцоо эмнэлгийн ажилтан бэлтгэхэд хангалттай байж чадахгүй байна. Өнөөдөр эмчийн үнэлэмж маш их унаж байна. Эмч бэлтгэхийг амархан гэж боддог ч юм уу. Өнөөдрийн байдлаар манай улсад 12 их, дээд сургуульд эмч бэлтгэж байна. Гэхдээ тухайн сургуулиудын хөтөлбөр, арга зүй, сургалтын тоног төхөөрөмж нь шийдэгдсэн үү, нэг стандарттай байж чадаж байна уу гэдгийг ярих ёстой. Манай улс 3.4 сая хүн амтай мөртлөө ийм олон сургуульд эмч мэргэжилтнийг бэлтгэж байгаа нь эмгэнэл юм. Үүнд бодлого хэрэгтэй. Эмч болох гээд АШУҮИС-д орж чадаагүй хувийн сургуулийг сонгож байгаа хүүхдүүдийн буруу биш. Энэ нь тухайн хүүхдүүдэд тусалж байгаа мэт боловч эрүүл мэндийн салбарыг асуудалд оруулахад хүргэж буй нэг шалтгаан юм.
-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүйн асуудал их хөндөгдөж байна. Үүнд таны бодол ямар байна вэ?
-Ганц хоёр эмчийн зан харилцааны алдаанаас болоод нийгэм тэр чигтээ эмч, эмнэлгийн ажилтнуудыг үл хүндэтгэх асуудал гараад удаж байна. Долоон жилийн өмнө АШУҮИС дээр Харилцаа хандлага ур чадварын тэнхим байгуулсан. Шинэ төгсөгчид харилцаа хандлагатай болоод гарч байгаа ч өмнө нь энэ хичээлийг үзээгүй хүмүүсийн нөлөө гарч байна.
Хүмүүсийн хувьд аль сургуулийг төгсөж байгаагаас үл хамаараад эмч л бол эмч гэж үздэг. Тиймээс нэг үхрийн эвэр доргихоор салбарын нэр хүнд хамт яригдана. Тэгэхээр бид бодлогын хүрээнд элсэлтээс нь эхлэн анхаарах цаг болсон. АШУҮИС-д элсэж байгаа төгсөгчдөөс хими, биологи, гадаад хэл гэсэн хичээлүүдээр шалгалт авдаг байсан. Харин өнгөрсөн жилээс монгол хэлний шалгалт авдаг болсон нь том боломж юм. Яагаад гэвэл өнөөдөр эмч мэргэжилтнүүд үйлүүлэгчидтэйгээ, тэдний ар гэрийнхэнтэй харилцаа тогтоохын тулд бичгийн харилцаанд шилжих цаг ирчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөнд зөвлөгөө өгөх, онош, эмчилгээг ойлгуулахын тулд заавал бичгээр харилцах ёстой. Эмч хүний харилцааны дөрвөн ур чадварын нэг нь бичгийн ур чадвар байдаг. Жишээ нь, АНУ-д эмчээр суралцах хүмүүст коллежид сурсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь суурь шинжлэх ухааныг олгох зорилготой юм. Тэгээд анагаахын сургуульд орохдоо эссэ бичдэг. Эсээ бичнэ гэдэг нь бодол санаагаа цаасан дээр буулгаж яг та эмч мэргэжлийг эзэмшиж чадахаар байна уу гэдгийг нь хардаг. Хэрвээ энэ шалгалтад тэнцэхгүй бол сургуульд элсэх боломжгүй юм. Гэтэл өнөөдөр I курсийн оюутнуудад хичээл ороход төлөвшиж чадаагүй, өөрийгөө ч ойлгоогүй эмч болох гээд сургуульд элсэн орж байна. Эдгээр хүүхдийг зургаахан жилийн дотор эмч болгож төгсгөнө гэдэг ямар хүндрэлтэй вэ гэдгийг улам л ойлгож байна.
Би л гэхэд сүүлийн 30 жилийн хугацаанд 17 дахь Эрүүл мэндийн сайдын нүүрийг үзэж байна
-Эрүүл мэндийн салбарын нийгмийн үнэлэмж, цалингийн талаар ярилцъя. Маш бага цалинтэй, асар их ачаалалтай ажиллаж байна. Тэгэхээр мэргэжилдээ хайртай, дуртай хүмүүс л энэ салбарт ажиллаж байх шиг?
-Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг маш чухал зүйл. Энэ нь эмч, сувилагчийг үнэлж байгаа үнэлэмж биш ард иргэдийнхээ эрүүл мэндийг үнэлж байгаа үнэлэмж гэж үздэг. Нөгөө талдаа эмч хүн алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүй байхаар бэлтгэгдэх хэрэгтэй. Гэхдээ цалин хөлс нийгмийн бүх асуудал нь хангагдсан байх ёстой.
Нөгөөтэйгүүр, нэг эмчид хэдэн сувилагч ногдож байгаагаар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай байна уу гэдгийг тодорхойлж үздэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэг эмчид дөрвөн сувилагч ногдож байна. Гэтэл манай улсын хувьд 1:1.19 байна. Ингээд бид сувилагч бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй болсон. Үүний үр дүнд сувилагч нар магистр, докторын зэрэг хамгаалж тэнхимийн эрхлэгч, байгууллагын удирдлага хүртэл дэвшин ажиллаж байна. Гэвч нөгөө харьцаа маань улам алдагдаж 1:09 болоод буурчихсан. Тэгэхээр эмч сувилагчийн харьцаа ихэнх эмнэлгүүд дээр ийм болчихоор эргээд тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломжгүй юм. Учир нь хүний нөөцийн бодлогодоо онцгой өөрчлөлт гаргаагүй цагт бид хэчнээн харилцаа хандлага яриад нэмэргүй. 
-Анагаахын салбартай холбоотой олон мэргэжил байдаг. Хүүхдүүд яагаад цөөхөн хэдхэн мэргэжлийг сонгож байна вэ?
-АШУҮИС-ийн хувьд 28 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Үүний нэг нь дараа жил анхны төгсөлтөө хийх “Шим тэжээл судлаач” гэх мэргэжил юм. Энэ олон мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа ч хүүхэд, залуус эмч болохыг л сонгож байна. Үүнд ээж, аав нь ч гэсэн зөвлөдөг, нөлөөлдөг. Манай улсад сувилагч бэлтгэдэг 15 их, дээд сургууль байгаа ч тухайн мэргэжлийг сонгох хүүхдүүдийн тоо дутагдалтай байгаа.
-Яагаад сувилагч болох хүсэлтэй хүүхдүүдийн тоо жил бүр буурч байна вэ?
-Сувилагчийн мэргэшсэн магистр, докторын зэрэг нэмэгдэх тусам хаана ажиллах вэ гэсэн эрх зүйн орчин тодорхой бус байгаа. Хэчнээн цол хэргэмтэй болчихоод буцаад л нөгөө диплом дээрх хийдэг ажилдаа баригдчихаар ингэж ажилласнаас эмч болсон нь дээр гэж үздэг болчихсон. Мөн миний харамсдаг нэг зүйл бол хувийн сургуулиуд сувилахуйн ухаан гэдэг тусдаа хөгжих ёстой сувилагч мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудал, эрх зүйн орчин дээр анхаарахын оронд хоёр, гуравдугаар курсийн чадвартай сувилагчийн  мэргэжлийн ангийг нь өөрчилж эмч болгож байна. Хөдөө орон нутгийн сургуулиуд ч гэсэн сувилагчийн мэргэжлээр элсэлт авахаас илүүтэй дандаа эмчийн ангийг нээж байгаа нь боловсон хүчний нөөцийг тэнцвэргүй болгож байна.
-Таны хувьд боловсролын тогтолцооноос юуг өөрчлөх хүсэлтэй байдаг вэ?
-Өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн салбартай холбоотой хэлэлцүүлгүүдийг маш их хийдэг. Манай улсад энэ маш ихээр дутагдаж байгаа. Жишээлбэл, манай сургууль нэг хичээлээ заахын тулд долоо хоног бүр хуралдаж асуудал, алдаа дутагдлаа ярьдаг. Гэтэл яагаад хүний нөөцийн тэнцвэргүй байгаа талаар хэлэлцээгүй. Би л гэхэд сүүлийн 30 жилийн хугацаанд 17 дахь Эрүүл мэндийн сайдын нүүрийг үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Дөлгөөн
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн