Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

П.Нямцэрэн: Д амин дэмийн дутагдал хүүхэд болон том хүнд дараах байдлаар илэрнэ

П.Нямцэрэн: Д амин дэмийн дутагдал хүүхэд болон том хүнд дараах байдлаар илэрнэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 14
Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д амин дэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ. Дээр дурдсан эмгэгүүд нь Д-гийн дутагдлаас болж үүсч болзошгүй эмгэгүүдийн цөөн хувь нь аж. “Юнимед интернэйшнл” эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэнтэй витамин Д амин дэмийн дутагдлын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал гэж их ярих болжээ. Энэ юунаас үүдэлтэй юм бол?
-Монгол Улсад витамин Д амин дэмийн дутагдал нийгмийн тулгамдсан асуудал болсон. Манай хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан. Витамин Д дутагдахаар хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт хэлбэрээр илүү илэрдэг. Сүүлийн үед яс эрдсийн солилцоо алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна. Кальци, фосфорын солилцоо алдагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлт гарахаас гадна өсөлт нь саатдаг. Тухайлбал, хүүхдийн хавирга, үе мөчин дээр ясархуу эдүүд ургаж, булчин нь сулардаг. Булчин нь сулрахаар уян юм шиг болно. Үүнийг нь мэдэхгүй эцэг эхчүүд “Манай хүүхэд их уян” гэж ярьдаг. Мөн гэдэс нь шалхайдаг. Витамин Д-гийн дутагдалтай хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр олон дахин өвдөнө. Ханиад хүрэхээрээ хатгалгаа болж эдгэрэлт нь удаашрах эсвэл дахих нь бий. Энэ нь дархлаа суларснаас болж байгаа юм. Ер нь бол хүн хэд хэдэн аргаар витамин Д авдаг. Нэгд, нарны гэрлээс витамин Д арьсаараа дамжуулан авдаг.Гэвч манай орны хувьд витамин Д-гийн архаг дутагдалтай бүс нутагт харьяалагддаг учир нарны гэрлээс витамин Д хангалттай авч чаддаггүй. Зуны цагт ч нарны туяанд бидний арьсанд шингэх хэмжээний витамин Д байдаггүй. Харин хавар дөрөвдүгээр сард нарны туяанаас хамгийн их витамин Д-г авах боломжтой үе гэсэн судалгаа гарсан. Гэвч эрс дэс уур амьсгалын нөлөөнөөс хамаараад дөрөвдүгээр сард хүмүүс нүцгэн яваад арьсаараа витамин Д-г авах ямарч боломж байдаггүй. Хоёрт хоол хүнсээрээ дамжуулан авах боломжтой байдаг. Гэвч Монголд байдаг өргөн хэрэглээний хоол хүнс витамин Д-гээр баяжигдаагүй байгаа. Өндөг, загас, сүү, бяслаг гэх мэт хүнсэнд витамин Д агуулагддаг, тэгэхдээ маш бага хэмжээтэй. Тухайлбал, сүүнээс витамин Д-гээ нөхнө гэвэл өдөрт 12 аяга сүү, 16-20 ширхэг өндөг иднэ гэсэн үг. Тэгэхээр хоол, хүнсээр нөхөх боломж бага учраас заавал эмийн хэлбэрээр нэмэлтээр уух шаардлагатай. Хамгийн гол нь манайхан шинжилгээ өгөхгүй, эмийг замбараагүй, дур мэдэн уудаг. Тиймээс заавал эмчийн заавраар, тунг нь тааруулж уух нь чухал.
-Хүүхдэд витамин Д дутагдсаныг яаж мэдэх вэ?
 
-Бага насны хүүхдэд хамгийн анхны илрэх шинж тэмдэг нь их хөлрөмтгий, цочимтгой болно, шээс их хурц үнэртэй болдог. Энэ шинж тэмдгүүдийг тархины даралттай андуурагдаад байдаг. Ер нь бол хүүхдийг дөнгөж төрж гарсны дараа 14 хоногтойгоос нь эхлээд витамин Д-г урьдчилан сэргийлэх тунгаар өгөхийг өрхийн эмч нарт зөвлөдөг. Яагаад гэхээр хүүхэд эхээсээ төрөхдөө л витамин Д-гийн дутагдалтай төрж байдаг. Үүнээс гадна витамин Д дутагдахаар кальци бас дутагддаг. Кальци дутагдсанаас хүүхдүүдэд янз бүрийн таталт өгөхөөс гадна хоолой нь сөөдөг. 7-8 нас хүрчихээд сүүн шүд нь унахгүй байх, шүдний ургалт саатах, хэлбэргүй том жижиг  гажигтай ургах нь витамин Д-гийн дутагдлаас болж байна. Үүнээс болж шүд нь хэврэг, цоорно. Эрүү нүүрний гажигтай болно. Хүмүүс удмын шаамий эрүүтэй аав ээжийгээ дуурайсан гэж яриад байдаг. Тэгтэл энэ нь удам гентэй ямар ч холбоогүй эцэг эхийн аль нэг нь витамин Д дутагдалтай байсан гэсэн үг. Ер нь витамин Д-г нөхөхгүй болохоор урагт нөлөөлдөг. Мөн хүүхэд хичээлдээ идэвхгүй, уур уцаартай болдог.
-Тэгвэл насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал нь 200 гаруй өвчний суурь болж байна. Тухайлбал, зүрхний шигдээс, даралт ихсэлт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, ялангуяа, түрүү булчирхай, хөхний хавдар байна. Витамин Д-гийн цусан дахь хэмжээ улирлын байдлаас болж байнга хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл, зун, намар, өвлийн эхэн саруудад Д витамин хэвийн хэмжээндээ харин өвлийн адаг, хаврын улиралд харьцангуй багасдаг. Тиймээс хавар шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Мөн эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү бага хэмжээтэй байдаг болохыг судлаачид тогтоосон байна. Тухайлбал, олон төрсөн, хөхүүл ээжүүд илүү өртөмхий байдаг. Түүнчлэн биеийн жингийн илүүдэлтэй, ахимаг насны, суугаа ажил эрхэлдэг, биеийн ачаалал их авдаг, тамхи татдаг, нарны хамгаалалтын тос байнга хэрэглэдэг, элэг, бөөрний эмгэгтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүст витамин Д-гийн дутагдал элбэг байдаг.
-Витамин Д-гийн илүүдэл гэж байдаг уу?
-Витамин Д-гийн илүүдэл гэж байна. Шинж тэмдгийн хувьд хүүхдүүдийн хувьд дутагдсантайгаа адилхан шинж тэмдгүүд илэрнэ. Ерөнхий хордлогын шинж өгнө. Хоол, ундандаа дургүй болно. Витамин Д, кальци хоёр бол бие биенээсээ хамааралтай. Тийм учраас витамин Д-гийн илүүдэл үүсэхэд кальци ихэснэ. Кальцийн хэмжээ ихсэхээр бөөрөнд чулуу үүснэ.Тиймээс илүүдүүлж, дутуудуулж болохгүй, эмчийн заавраар ууна.
-Эмийн санд витамин Д-гийн олон эм байдаг шүү дээ. Энэ талаар?
-Д амин дэмийн төрлийн олон эм бий. Хамгийн гол нь цусан дэх Д-гийн хэмжээгээ тодорхойлуулах шинжилгээ өгөөд эмчийн заасан тунгаар уух ёстой. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд 500, өсвөр насныхан 1000, насанд хүрэгчид 2000 ОУН тунгаар ууна. Харин хөхүүл ээжүүд 5000-аас илүүг ууж болохгүй. Жирэмсэн ээжүүд 2000-4000 тунгаар эмчийн заавраар заавал уух ёстой. 0-4 хүртэлх настай хүүхдэд тосон Д өгч болохгүй. Яагаад гэвэл хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэй. Хүмүүст хандаж хэлэхэд дуслаар уудаг Д тунгийн алдагтай байдаг учраас шахмал Д-г сонгон хэрэглэх нь илүү үр дүнтэй. Витамин Д-г өглөөний цайны дараа өдөрт нэг удаа уух ёстой. Витамин Д-г тариагаар хийх нь буруу. Хүн эрүүл байя гэвэл жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдаж, витамин Д-гээ хэмжээнд нь барих хэрэгтэй. Дахин хэлье таамгаар, хаа хамаагүй хүний зөвлөснөөр витамин Д-г хүүхдэдээ болон өөртөө авч дур мэдэн хэрэглэх нь хий дэмий мөнгө үрж байна гэсэн үг. Тиймээс Д-гийн шинжилгээ өгөөд эмчийн зөвлөсөн Д-г заасан тунгаар хэрэглэвэл илүү үр дүнтэй.
-Ярилцсанд баярлалаа. 
Э.Мөнхзаяа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн