Анагаах ухааны доктор, иммунологич Д.Нямбаяр өөрийн нийгмийн сүлжээнд манай улсад ашиглаж буй Герман, Японы оношлуурыг алдаатай, лабораторийн тоног төхөөрөмж хоцрогдсон тухай мэдээллийг цуврал болгон нийтлэх болсон. Тэгвэл ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор Б.Дармаа түүний мэдээлэлд дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Д.Нямбаяр докторын бичсэн мэдээллийг харсан. Энэ хүн монгол дахь “Ковид-19” оношлогооны талаар санаа зовж байгааг ойлгож байна.
Нэгд, бидний авсан Япон улсын үйлдвэрлэсэн оношлуурын анхны загварт алдаа гарсан тухай мэдээлэл нэгдүгээр сарын 23-нд гарсан. Үүнийг гарсан даруйд нь Д.Нямбаяр гэдэг хүн над руу явуулсан. Харин бид Японоос нэгдүгээр сарын 26-нд оношлуураа авсан. Тэгэхээр манайд өгсөн праймер проб буюу оношлуур нь засварлагдсан хувилбар нь ирсэн гэсэн үг. Японоос ч нэг дараалалд засвар хийсэн шүү гэдгийг хэлсэн. Түүнээс хойш 36 мянган оношлуурыг ЭМЯ захиалсан юм.
Хоёрт, ДЭМБ Германд үйлдвэрлэсэн оношлуурыг бүх улс оронд нийлүүлсэн. Үүнийг ДЭМБ-аас баталгаатай хийгдэж байгааг нотолж, мэдэгдсэн. Тиймээс бид баталгаатай оношлууруудыг хэрэглэж байгаа учир санаа зовох хэрэггүй.
Гуравт, Тоног төхөөрөмжийн тухай Д.Нямбаяр доктор ташаа ойлголттой байгаа юм билээ. Үүнийг би буруутгахгүй байна. Яагаад гэвэл, нийгмийн эрүүл мэндийн лабораториудаар ажиллаагүй, гадаадад судалгаа хийж байгаа учир мэдэхгүй байгаа байх. Манайх гурван биш 10 пилтертэй бөгөөд унших ч чадалтай машинтай. Тэгэхээр лабораторийн тоног төхөөрөмж дандаа шинэчлэгдэж байдаг. Ийн шинэчилснээр шинээр гарч байгаа халдварыг оношлох хүчин чадлыг жигд сүлжээнд оруулсан. Мөн гурван PCR машин зэрэг ажиллаж байна. RNK, DNK ялгах машинууд бүгд автоматжсан байдаг. Тиймээс ч өдөрт 2000-3000 сорьцыг шинжилж үзэж чадна. Мөн Орхон, Дархан-уул, Дорнод аймагт энэ төрлийн төхөөрөмж ажилладаг. Одоо Дорноговь, Өмнөговь аймагт нэвтрүүлж үндэсний сүлжээг бий болгох боломжтой. Дөрөвт, Франц иргэний сорьцны шинжилгээ гуравдугаар сарын 10-нд батлагдсан. Энэ шинжилгээг Токиогийн оношлуураар хийсэн. Ямар нэгэн эргэлзээгүй гэдэг нь зөв дарааллын праймераар хийсэн гэдгээр нотлогдож байгаа юм. Анх-Отгон 56 настай, хоёр талын уушгинд нэвчтэст хатгаа ихтэй байсан. Тэр үед судалгаа хийж байгаад нэвчист хатгаатай, хүний уушгины өөрчлөлт цэрний шинжилгээнд вирусийн хэмжээ их гардаг юм билээ. Олон хоног гадуур явсан ч өвчин тараагүй байсан шалтгаан нь манай монголчууд дэг журамтай байж, амны хаалтаа тогтмол зүүж байснаас хамаарч байна. Мөн Анх-Отгон ч тогтмол амны хаалтаа зүүж байсан.
Түүнчлэн манай лаборатори гадаад сүлжээнд хамгийн идэвхтэйд тооцогддог. Би 2003, 2004 онд АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв /CDC/-д нэг жил ажиллахад дахин сэргэж байгаа халдварт өвчний талаар судалж, SARS, шувууны томуу, томуугийн цар тахлын үед ажиллах бэлтгэлийг хийж байсан юм. Би тэр үед молекул, биологийн шинжилгээг тогтворжуулах арга техникт суралцсан. 2007 онд дахин CDC-д зургаан сар ажиллаж, 2008 онд Токиогийн их сургуулийн хүрээлэнд ажилласан. Миний ажиллаж байсан газрууд бол ДЭМБ-ын томуугийн хамгийн гол лавлагаат төв юм. Тэгэхээр би хувийн болон хувьсгалын сүлжээгээр өдөр болгон мэдээлэл солилцдог. Мөн бид улирал тутамд гадаад хяналтын шалгалтыг тогтмол авдаг. Амьсгалын замын халдварыг үүсгэгчийг илрүүлдэг 21 төрлийн үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ, томуугийн болон шувууны томуугийн вирусийн шинжилгээ, вирус үсрүүлэх шинжилгээний сорьц авч, Австрали болон бусад орноос шинжилгээгээ хийж чадаж байгаа эсэхийг дүгнүүлдэг юм. Сүүлийн 10 гаруй жил 100 хувийн үнэлгээтэй байгаа. Харин коронавирус халдварын тухай гадаад хяналтыг Хонконгийн лабораториор хийлгэхээр гэрээ байгуулсан. Мөн энэ улс нь ДЭМБ-тай гэрээтэй юм билээ. Тус орноос 20 сорьц авсан бөгөөд одоо ялган дүйх шинжилгээг хийгээд явуулахад бэлтгэж байна. Үүний дараа манай улсад ажиллаж буй таван лабораторио бүгдийг нь шинжлүүлэхээр гадаад хяналтын хүсэлт авсан. Харин дотоодынхоо хяналтыг тогтмол хийж байгаа” хэмээн тайлбарлалаа.
Доктор Д.Нямбаярын мэдээллийг доорх зурагнаас харна уу.