Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаатай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн Банк Группын санхүүжилтээр Монгол Улсын гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан цахим порталыг нээсэн. Худалдааны нэгдсэн мэдээллийн сантай болсноор Монгол Улсад, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал боломжууд үүсч байгаа вэ?
-Энэхүү мэдээллийн санд гадаад худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл нэг дор багтаж байна гэсэн үг. Жишээ нь, би Сэлэнгэ аймгийн зөгийн бал үйлдвэрлэгч байлаа гэж бодъё. Би Европын зах зээл рүү зөгийн балаа гаргая гэхэд нэгдүгээрт, дотоодын талаасаа ямар хууль, дүрэм мөрдөх, Монголоос бүтээгдэхүүнээ яаж экспортлох вэ, ямар зөвшөөрөл авах вэ, ямар бичиг баримт шаардлагатай, декларацаа хэрхэн бөглөж өгөх, зөгийн бал Европ руу гаргахад ямар худалдааны нөхцөлийг хангах шаардлагатай вэ зэрэг бүх асуултын хариуг энэхүү цахим порталаас авахыг боломжийг бүрдүүлсэн. Заавал бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод ирж яам, тамгын газрын үүд хаалга тогшоод явахаас илүү байгаа газар орон нутгаасаа энэхүү онлайн сайт руу орж бүх мэдээллийг авах боломжтой болсон нь гол давуу тал. -Нэг талаараа маш их цаг, зав хэмнэх юм байна. Мөн төрийн байгууллагууд дээр үүсдэг давхардал багасах нь байна шүү дээ?
-Тийм. Энэхүү порталыг зөвхөн хувийн хэвшил гэлтгүй төрийн байгууллагын ажиллагсад өөрсдөө ашиглах боломжтой. Яам бүр л өөрсдийн хариуцдаг асуудлын хүрээнд тодорхой мэдээлэлтэй байдаг. Бүх яам гаалийн байгууллагын мөрдөгддөг журам дүрэм, стандартыг мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ порталаас цогц мэдээлэл авах учраас цаг хэмнэнэ, дээрээс нь хүнд суртал ч багасна. Зөвхөн бүтээгдэхүүнийхээ бүрдүүлэлтийг хийхэд олон материал шаардаж, үйлдвэрлэгчид ийш, тийшээ явах, чирэгдэл их гардаг. Олон удаа төрийн байгууллагуудын үүд сахиж сууна гэсэн ойлголт байхгүй болно.
-Төрийн бүх салбарууд порталд мэдээллээ байршуулах уу?
-Одоогоор 15 байгууллагын материал орсон байгаа. Долоон яам, хэд хэдэн агентлагийн мэдээлэл багтсан. Нийтдээ 400 гаруй төрлийн хууль, тогтоомж, дүрэм журам, арга хэмжээ, стандарт, лиценз, тусгай зөвшөөрлийн маягтууд багтсан. Худалдаа эрхлэхэд зөвхөн гаалийн байгууллагаас шаардагддаг 100 гаруй төрлийн бичиг баримт байдаг, энэ бүгдийг багтаасан. Мэдээллийн эрин зуунд бичиг цаасны асуудал багасгаж, аль болох түргэн шуурхай, онлайн хэлбэр рүү шилжих ёстой. Дэлхийн нийтэд тархсан цар тахал өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хэв маягийг тэр чигээр эвдэж байна шүү дээ. Мэдээллийг хаанаас түргэн шуурхай олж авах уу, тэр мэдээллээ хэрхэн яаж дотооддоо өөрийнхөө компани, байгууллагын нөхцөл тохируулж борлуулан авах уу гэдэг нь маш чухал байна. Тэгэхээр энэхүү мэдээллийн сан нь шинэлэг, цаг үеэ олсон ажил болсон гэж бид дүгнэж байгаа. Цаашдаа мэдээллийн сан онлайнаар экспортын зөвшөөрөл олгох чиглэлд нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг электрон цонхтой болоход дөхөм болно. Гадаад худалдаатай холбоотой олон улсын гэрээ хэлэлцээрүүд ч мэдээллийн санд багтах учраас иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгөөжөө өгнө.
-Танай группээс ийм хэлбэрийн цахим порталыг дэлхийн хэдэн улс оронд нэвтрүүлсэн бэ?
-Дэлхийн Банк Группын зүгээс дэлхий даяар 20 орчим улс орнуудад худалдааны мэдээллийн нэгдсэн санг нэвтрүүлсэн. Хамгийн гол нь мэдээлэл шинэ байхдаа үнэ цэнэтэй. Хууль, дүрэм журам нь өөрчлөгдсөн бол тэрийгээ байнга шинэчилж явах учиртай. Шинээр зөвшөөрөл шаардахаар бол тухай бүрт нь түргэн шуурхай оруулах, КОВИД-той холбоотой шинэ дүрэм журмууд, протоколууд цахим порталаар мэдээлж байх хэрэгтэй. Мэдээлэл нь байнга шинэчлэгдэж, амьд харилцаа байлгах нь чухал.
-Цаашдаа энэ порталыг хэн, ямар байгууллага хариуцаж ажиллуулах юм бэ?
-Гол хариуцаж явах байгууллага нь гааль. Тиймээс Гаалийн ерөнхий газар энэхүү порталаа амьд авч явах хэрэгтэй. Бусад байгууллагуудад порталд мэдээллээ дамжуулах ажилтнууд бий. Эдгээр ажилтнууд цаг тухайд нь мэдээллээ шинэчлэх хэрэгтэй юм.
КОМПАНИУД ЖИЖГЭРЧ, ГАДААД ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ НЬ БАГАСЧ, ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛДЭЭ ИЛҮҮ Л АНХААРЧ БАЙНА
-Сэдвээ бага зэрэг өөрчилье. Монгол экспортлогч орон болох зорилго тавьсан. Гэхдээ экспортлогч орон болоход хамгийн түрүүнд юунд илүү анхаарч ажиллах шаардлагатай вэ?
-Экспортлохын тулд гадаад зах зээлээ сайн судалсан байх хэрэгтэй. Гадаадын зах зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгаа, тухайн эрэлтийг хангах өрсөлдөж чадахуйц хэмжээний ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлж болох вэ гэдэг тооцоо судалгаа чухал. Үндэсний ялгарах бодлого гэдэг шиг дэлхийд гарах онцлог бүтээгдэхүүн юу байх вэ. Өнөөдрийн байдлаар Монголын экспортын өгөгдөл маш цөөхөн. Малын гаралтай уламжлалт бүтээгдэхүүн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн л гэж ярьдаг. Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсад уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө эргээд бүтээмжийг өсгөх, бусад салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэдэггүй, ихэнх нь бүтээмж муутай үйлчилгээний салбар руу шингэж байна гэсэн дүгнэлт гарсан.
Хоёрт, компаниуд нь өөрсдөө экспортын зах зээлээ сайн мэдэх хэрэгтэй байна. Зах зээлийн ямар сегмент дээр, ямар зүйлийг Монгол Улсдаа илүү өрсөлдөхүйц байдлаар үйлдвэрлэж, цаашлаад гаднын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох вэ гэдэг тал дээр судалгаа муу байна. Мөнгө санхүүжилтээс илүү Монголын үйлдвэрлэгч нар гадаад зах зээлтэйгээ хамтын ажиллагаа хэр вэ гэдэг асуудал гарч ирнэ. Юм болгоныг дангаараа үйлдвэрлэнэ, ганцаараа л хийнэ гээд байдаг. Гэтэл ганцаарчилсан байдлаар хол явахгүй. Бүх юмыг ганцаараа дагнан хийнэ гэдэг үе өнгөрсөн. А гэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд 20 төрлийн эд, материал орно гэж бодъё. Тэгэхээр тухайн 20 төрлийн зүйлийг бүгдийг нь нэг компани хийж чадахгүй. Бие биедээ ашигтай байдлаар хоршин ажиллах хэрэгтэй. Мөн экспортлохын тулд эхлээд импортолж сурах хэрэгтэй.
Дэлхийн Банкны судалгаагаар Монголын компаниудын инновац хийх чадвар, гадаад технологи нэвтрүүлэх чадвар буурсан байна. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ илүү дотоодын зах зээл рүүгээ анхаарлаа төвлөрүүлж, улам жижгэрээд байна. Бид дотоодоос хальж сэтгэж, дэлхийн стандарт, дүрэм журам нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байж экспортлогч болно. Төрийн зүгээс экспортын баримжаатай, уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн мөнгө, капитал биш, оюун ухаан, зах зээл, ноу-хау, тоног төхөөрөмж багтана шүү дээ.
-Монгол Улсын экспорт уул уурхайгаас хэт их хамааралтай явж ирсэн. Цаашдаа экспортоо төрөлжүүлэх ямар боломж, өгөгдлүүд байна гэж Та харж байгаа вэ?
-Экспортыг төрөлжүүлэх чиглэлд хэд хэдэн салбарыг онцолъё. Нэгд, аялал жуулчлалын салбар бол экспортод тооцогддог. 2019 онд 650 сая ам.долларын орлого олсон байна. Вакцин гарч, цар тахал намжсаны дараа Монголын аялал жуулчлалын салбар бэлэн байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Ковидын үеийг ашиглаад гэрийн даалгавраа сайн хийж, шинэлэг санаанууд гаргаж, цаашдаа тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Бидэнд давуу тал бий. Газар нутаг өргөн уудам, үзэж харах зүйл ихтэй. Үүнийгээ яаж нэмэгдсэн өртөг болгох вэ гэдэг тал дээр дорвитой шинэлэг санаанууд алга. Санаагаа яаж мөнгө болгох вэ гэдэг дээр ажиллаж, хөрөнгө оруулалт татах нь чухал юм. Үүнд мөн төрийн оновчтой бодлого хэрэгтэй, учир нь аялал жуулчлалын салбар ганцаараа ажиллаад хүч чадал нь хүрэхгүй. Төмөр зам, агаарын тээврийн компаниуд, зочид буудал, соёлын салбартайгаа хамтарч дорвитой шинэчлэл хийх шаардлагатай.
Хоёрт, хөдөө аж ахуйн салбар. Махны экспортын хувьд төрийн нааш, цаашаа савласан бодлого нь тус биш, ус болох талтай. Уг нь нэгдүгээр сараас хойш махны экспортыг зогсоохгүйгээр үргэлжлүүлээд явсан бол өдийд компаниуд боломжийн ашиг орлоготой байх байсан болов уу. Дотооддоо коронавирусийг алдахаас өмнө хэд хэдэн ачилт хийгдсэн нь сайн. Гэхдээ бид ирээдүйд экспортлогч орон болно гэж байгаа л бол бүх салбарт цогц бодлого хэрэгжүүлэх учиртай. Төр нь хэдэн баримт бичиг батлаад орхичихдог байж болохгүй. Өнөөдөр экспортыг төр хийхгүй, компаниуд хийнэ. Тиймээс төрийн баримталж байгаа бодлого компаниудынхаа өнөөдрийн нөхцөл байдалтай хэр уялдаж байгаа вэ гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ингэж байж л төрөөс баталсан хөтөлбөр, зорилт хангагдана.
Гуравт, Монгол Улс зөвхөн бараа материал экспортлохоос гадна оюун ухаан экспортлох боломжтой. Ингэхийн тулд манай улс боловсролын системээ чанаржуулж, сайжруулах ёстой. Өнөөдөр Монголын оюуны чадамжтай залуусын ихэнх нь гадаадад ажиллаж байна шүү дээ. Уг нь шилдгүүдээ гадаадад сургаад, эргээд сурсан зүйлигй нь ашиглаад улсаа хөгжүүлдэг зарчмаар явмаар байгаа юм. Цаашдаа IT, урлаг талаасаа оюун ухааны бүтээлүүдийг гадагшаа экспортлох тал дээр бодох хэрэгтэй.
Ковидын үед и-комерс үйлчилгээ хүчээ авлаа. Цаашдаа Алибабатай хамтарч ажиллая, Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Алибабагийн худалдааны платформ дээр тавихын тулд тус компаниас шаардаж байгаа эко орчныг Монгол Улсдаа бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа. Төлбөр тооцоо хийдэг механизмыг нь банкууд болон Монголбанк зөвшөөрөх ёстой ч гэдэг юм уу. Ер нь эрх зүйн талаасаа боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь шуудангаар гадагшаа явуулах учраас шуудангийн үйл ажиллагаа, гаалийн үйл ажиллагаа нэлээд түргэн шуурхай болгох.
Экпорт талдаа дотоодын үйлдвэрлэл, шинэ санаа гаргаж байгаа старт-апуудыг дэмжих нь зүйтэй. Өмнөд Солонгос, Дэлхийн Банкны хамтарсан Дэлхийн инновацын хөгжлийн талаарх том форум 2020 оны 12-р сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Үүн дээр старт апуудыг маш их эрэлт хэрэгцээтэй байна, том хэмжээний хөрөнгө оруулалт олж чадаж байгааг онцолсон. Учир нь, хамгийн их инновац шингээсэн бүтээгдэхүүнийг спарт апууд хийж байна. Жишээлбэл, Германы Benz, Audi, Deuche Telecom, Bosh г.м. том машин болон бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа олон асуудлыг старт апууд 100 хоногийн дотор шийдэж өгдөг “Plug and Play” хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Старт апуудыг дэмжихийн тулд, хажууд нь бүхэл бүтэн роботжсон технологитой үйлдвэрүүд гарч ирж байх жишээтэй. Мөнгө бол хэзээ ч багаддаггүй. Жишээ нь, 1 тэрбум ам.долларыг зөвхөн КОВИД-ын үед “Plug and Play”-д хөрөнгө оруулалт хийсэн байна. Гол нь хаана боломж, хурд байна тийшээ л мөнгө урсаж ордог. Цахиурын хөндийд байрладаг тус компани өөрийн платформоо Өмнөд Солонгост 2021 оны хоёрдугаар сард нээх гэж байна. Мөнгө багасчихлаа, хөрөнгө оруулагч нар тоохгүй юм гэдэг чинь мөнгөндөө биш, бидэнд хөрөнгө оруулагч нарыг татах, худалдаа наймаа хийх, түншлэгчээ олох, тэдэнд юу санал болгох вэ гэдэг дээр л Монгол Улс маань хоцроод байна.
МОНГОЛ УЛС ХУДАЛДААНЫ ШИНЭ ӨРСӨЛДӨӨНД БЭЛЭН ҮҮ
-Ковидын үед дэлхийн худалдааны нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөх хандлагатай байна. Энэ бүгдэд Монгол Улс бэлэн үү гэдэг асуулт гарч байна л даа?
-Төрийн бодлого талдаа худалдааны гэрээнүүдийг нэлээд зоригтой хийх хэрэгтэй байна. Монгол Улс одоогоор хоёр чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа. Нэмээд Өмнөд Солонгос, Хятад, Сингапур, Малайз зэрэг орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах шаардлага бий. Худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахдаа бид юу үйлдвэрлэж чадах билээ, яаж өрсөлдөх вэ гэдгээ нэлээд сайн судалж, үр дүнтэй бодитой гэрээ хэлэлцээр байгуулах хэрэгтэй.
Саяхан НҮБ-аас зохион байгуулсан хурлын үеэр дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалт 2022 онд буцаад сэргэнэ. Гэхдээ сэргэхдээ үндэстэн дамнасан корпорациудын нийлүүлэлтийн сүлжээ өөр болно гэдгийг онцолсон. Нийлүүлэлтийн сүлжээ одоогоор нэлээд урт замыг туулдаг, олон орноос татан авалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол цаашдаа үүнийг хумьж, бүс нутгийн худалдаа илүү идэвхжинэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмнө глобал түвшинд байсан худалдаа бүс нутгийн хэмжээнд ханган нийлүүлэлтийнхээ сувгийг бий болгоно гэсэн үг. Энэ нь худалдааны процессыг богинохон болгоно. Үүнийг дагаж өрсөлдөөн нэмэгдэх нь гарцаагүй. Тэгэхээр энэ өрсөлдөөнд Монгол Улс бэлэн үү гэдгээ бодох л ёстой.
Ер нь ковидын үед аливаа асуудлыг сараар нь, өдрөөр нь, цагаар нь шийдэх биш, секундээр хэмжээд эхэллээ. Бид нар өрсөлдөөнд ийм хурдтай байж чадах уу гэдэг том асуудал тулгарч байна. Монголын амьдралыг харахаар сонгуулийн дөрвөн жилийн гурав нь сонгуулиар амьсгалсаар байгаад нэгхэн жилд л ажлаа чадан ядан хийж байна шүү дээ. Тэгээд энэ хооронд төр нь хувийн хэвшилтэйгээ авцалдахгүй шийдвэрүүд их гаргана. Төр хувийн хэвшлийнхээ дуу хоолойг сайн сонсож, шийдвэрээ гаргах нь илүү эрүүл байдаг. Секундээр хэмжигдэж байгаа тохиолдолд хэн түрүүлж алхлах вэ гэвэл төр биш, хувийн хэвшил нь урагшаагаа гараад явж байгаа нь дэлхий жишиг шүү. Тэгэхлээр төр засаг нь хувийн хэвшилтэйгээ, гадаад зах зээлтэйгээ хоршиж ажиллаж л үр дүн бодитой гарна.
-Дэлхийн Банкнаас бас нэгэн сонирхолтой судалгааг гаргасан байна. Импорт болон экспортын бараа эцсийн хэрэглэгчдэд очих хүртэлх цаг хугацааны хэмжүүрийг гаргажээ. Энэ талын судалгааны дүнгээс дурдвал…?
-2012 онд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжаар цаг хугацааны хэмжилтийг хийсэн байдаг. Энэ хэмжилттэй харьцуулаад харахад 2019 оны судалгааны үр дүн бараг өөрчлөлт гараагүй. Энэхүү цаг хугацааны судалгаа нь бараа хилээр /вагон, машин, онгоцоор г.м/ нэвтэрч орж ирээд хилийн хяналт шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа эхэлдэг цэгээс эцсийн цэг буюу бараа нь эзнийхээ гар дээр очих хүртэлх процессын үе шат дамжлага болгоноор нь хэмжсэн.
Жишээ нь, Замын-Үүдээр бүтээгдэхүүн вагонаар ачигдаж ирээд боомт дээр процесс хэд хоног үргэлжилсэн, Замын-Үүдээс Улаанбаатарын хооронд хэдэн цаг тээвэрлэсэн, Улаанбаатарын “Ачиж Буулгах Тээвэр Экспедицийн Механкижсан анги” /АБТЭМА/ гүний терминал дээр ирэхэд хэр хугацаа зарцуулсан бэ гэдгийг тооцсон. Дундаж хугацаа нийтдээ дөрвөн өдөр 20 цаг 10 минут гарсан. Сүхбаатар өртөөнөөс АБТЭМА руу, Зам-Үүдээс АБТЭМА руу орж ирсэн барааны дундаж хугацаа гэсэн үг. Тус тусад нь аваад үзвэл Сүхбаатар өртөөнөөс АБТЭМА дээр ирэхэд таван өдөр, 19 минут зарцуулсан бол Замын-Үүдийн нарийн царигийн шилжин ачих ангиас АБТЭМА дээр ирэхэд дөрвөн өдөр, 16 цаг 18 минут явсан. Гэтэл Сүхбаатар өртөөн дээр цариг солигдохгүй хэрнээ таван өдөр 19 минут явж ирсэн байна. Сүхбаатараас Улаанбаатар хүртэл ойролцоогоор 300 км, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 660 гаруй км. Гэтэл Сүхбаатар өртөөнөөс хоёр дахин богино замыг вагоноор таван өдөр 19 минут явсан байгаа юм. Тэгэхээр хаана удааширсан, хаана гацалт үүссэн, юун дээр илүү их цаг алдаад байна гэдгийг гааль, мэргэжлийн хяналт болон бусад бүх оролцогч талууд энэхүү датаг харж байгаад дүгнэлт өгч, үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.
Авто замаар орж ирсэн бараа, бүтээгдэхүүн дээр мөн тооцоо гаргасан. Авто зам бол төмөр замыг бодвол арай хурдан. Улаанбаатарт Монгол транс гээд гүний терминал бий. Алтанбулаг-Монгол транс, Замын-Үүд-Монгол транс гэсэн хоёр чиглэлийг харьцуулсан. Дунджаар гурван өдөр 12 цаг 7 минут гэсэн тооцоо гарсан. Замын-Үүдийн 109-р точкогоос Монгол транс дээр ирэхэд гурван өдөр 47 минут болсон байна. Замын-Үүдийн чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмж точкогоос Монгол транс дээр ирэхэд гурван өдөр 8 цаг 37 минут болсон. Алтанбулагаас Монгол транс дээр ирэхэд зургаан өдөр, 17 цаг 7 минут болсон. Энд яагаад ийм урт хугацаанд явж байгаа вэ гэдэг мөн дүгнэлт хийх хэрэгтэй.
Тээвэрлэлтэд оролцож байгаа бүх оролцогч талуудын нийт хурдыг хэмжихээр машинаар ачигдсан бараа таваар Замын-Үүдээс Монгол транс дээр ирээд ачаа нь эзэндээ очих хурд цагт 8 километрийн хурдтай явсан байгаа юм. Алтанбулагаас Монгол транс хүртэл цагт 2.2 км-ийн хурдтай. Энэ бид нарын хүлээн зөвшөөрөх хурд уу, үгүй юү гэдгийг мөн бодолцох хэрэгтэй.
-Тэгэхээр энэ хурд нь бусад улс оронтой харьцуулахад ямархуу үзүүлэлт вэ?
-Шууд харьцуулах нь өрөөсгөл. Тээвэрлэлтийн нөхцөлүүд өөр шүү дээ. Энэ нь Монгол Улсын худалдаанд оролцож байгаа бүхий л оролцогч талуудын нийтлэг хурд гэж ойлгох хэрэгтэй. Энэ датанд суурилан талууд алдаа, давхардал, хүнд суртал, тээвэрлэлт зэрэг асуудлаа илүү боловсронгуй болгоход ашиглах хэрэгтэй юм.
Мөн өөр нэг сонирхолтой судалгааны үр дүнг дурдвал бараа таавар орж ирэх, гарах чиглэлд долоон өдрийн туршид судалгаа авсан. Тэгэхэд зөвхөн бичиг цаас баталгаажуулах, баримтжуулах хяналт шалгалтад нийтдээ есөн өдөр зарцуулж байна гэсэн тооцоо гарсан. Мэргэжлийн хяналтын цэг, гаалийн бүх ажилтнуудын үйл ажиллагаанд зарцуулсан хугацаа нийлбэр дүнгээрээ 9 өдөр гэсэн үг. Энэ есөн өдрийг бүтээмжтэй холбоод үзвэл Монгол Улсын нэг өдрийн дундаж бүтээмж 66 мянган төгрөг. Есөн өдөрт 594 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн хийх боломжоо алдсан гэсэн. Есөн өдрөө жилдээ хуваагаад үзвэл 24 сая төгрөгийн нэмүү өртөг бий болгох боломжийг зүгээр цаас үйлдвэрлэлд зарцуулж байгаа юм. Монгол Улсын бүтээмж бусад орнуудаас нэлээд доогуур байгаа. Дээр нь төрийн үйл ажиллагаа удаашралтай, хэрэгцээгүй давхардсан цаас бичгэнд зарцуулж байгаа цагаа бүтээмж рүү шилжүүлээд харахад алдагдалтай л ажиллаж байгаа нь харагдсан. Жилд 24 сая төгрөгийн нэмүү өртгөө цаас үйлдвэрлээд өнгөрөөж байна. Энэ нь зөвхөн мэргэжлийн хяналт, гааль гэсэн хоёрхон байгууллага дээр авч үзсэн тоо. Бүх байгууллага дээр авч үзвэл сонирхолтой л тоонууд гарна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.