Монгол Улс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээж, олон улсын нислэгүүдийг хүлээн авах бэлтгэлийг хангах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Мөн энэ хүрээнд тусгай үүргийн нислэгийн энгийн горимд шилжүүлж, олон улсын нислэг үйлдэх хуваарийг ИНЕГ-аас баталсан байна.
Дөрөвдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ агаарын хилээ нээнэ гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр "Монгол Улс тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэд, зорчигчдыг оруулахаар Ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Агаарын хилээ нээх нь хоёр ач холбогдолтой. Нэгд, эдийн засгаа дэмжихэд хэрэгтэй. Хоёрт, Хөшигийн Хөндий олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахын тулд агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа ашиглалтад оруулах гэрээтэй. Тиймээс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээж, баяр наадмын үеэр шинэ нисэх буудалд гадаадын жуулчдыг хүлээн авах том зорилт тавьж байна. Тиймээс бид шинэ нисэх буудлаа Үндэсний их баяр наадмаас өмнө ашиглалтад оруулах шаардлагатай. Манай аялал жуулчлалын салбарынхан ч үүнийг гуйж, хүсч байгаа. Тиймээс тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээх шаардлагатай байгааг зөвөөр ойлгоорой" гэсэн байдаг.