Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.
Иргэдэд танилцуулж, иргэдээрээ дэмжүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулсан гэрээ гэж үзэж болно. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.
Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.