Open iToim app
Нийгэм | 10 мин уншина

О.Саранчулуун: Ажиа Гэгээний 'Зөв' тэтгэлэгт 10 хүүхэд хамруулж, жилд таван сая төгрөгийн тэтгэлэг олгоно

О.Саранчулуун: Ажиа Гэгээний 'Зөв' тэтгэлэгт 10 хүүхэд хамруулж, жилд таван сая төгрөгийн тэтгэлэг олгоно
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 29
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, “Ахиллис”Монгол ОУБ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Ажиа Гэгээний “Зөв тэтгэлэг сан”-гийн зохицуулагч О. Саранчулуунтай ярилцлаа.
-Ажиа Гэгээний Зөв тэтгэлгийн зорилго, ач холбогдол, шалгуур үзүүлэлтүүд нь юу вэ?
-Ажиа Гэгээн бол Төвдийн Хөх нуур аймгаас гаралтай, Америкийн Индиана мужийн “Буддист соёлын төв”-ийн хамба лам юм. Тэрээр 2006 оноос Монголчуудад зориулсан, сайн үйлсийн ажлыг хийж эхэлсэн. Тухайлбал, цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барьж, 2014 онд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хүлээлгэн өгч байсан юм. Гэхдээ эдгээр сайн үйл хэргээ сүсэгтэн олныхоо дэмжлэг туслалцаагаар хийсэн. Энэ удаад Ажиа Гэгээн олон жилийн турш бодож, төлөвлөсөн “Хүүхэд, залуучуудад чиглэсэн сайн үйлсээ хэрэгжүүлж, “Зөв” гэх тэтгэлгийг зарлалаа. Энэхүү тэтгэлэг нь суръя гэсэн хичээл, зүтгэл байвч, суралцах боломж, нөхцлөөр хомс хүүхдүүдэд дөрвөн жилийн турш, сургалтын төлбөр, дотуур байрны зардал, ном сурах бичиг гэх мэт бүхий л зардлыг нь олгох юм. Энэ утгаараа Ажиа Гэгээний “Зөв” тэтгэлэг санг үүсгэн, түүний шавь болон дэмжигч нар Америк, Япон, Хятад гэх зэрэг улсуудаас  удирдах зөвлөлийн гишүүнийг байгуулан ажиллаж байна. Миний хувьд, тус сангийн тэтгэлгийн зохицуулагчаар ажиллаж байгаа. Энэ жил 17-18 насны арван хүүхдийг шалгаруулж авна. Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүд нийгмийн идэвх сайтай, спорт урлагийн авьяастай, сурлага сайтай, ээж, аав нь хүүхдээ дэмждэг байх гэсэн ерөнхий шалгуурыг тавьж байна. Энэ тэтгэлгээр дамжуулан, гэр бүлийн харилцааг ч илүү бат бэх болно гэж найдаж байгаа. Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд дөрвөн жилийн турш жил бүр таван сая төгрөг авна. Мөн найман удаагийн сургалт, нийгмийн ажилд оролцоно. Жилд хоёр удаа, улиралд нэг удаа гэсэн үг. Тэтгэлэгт хамрагдах хүүхдийн тоог жил ирэх тусам нэмэгдүүлнэ. Ер нь дотоодын олон тэтгэлгүүдээс хамгийн өндөр санхүүгийн дэмжлэгийн олгож буй тэтгэлэг юм.  
-Энэ жил тухайн тэтгэлэгт тэнцээд, дараа жил нь ахин хамрагдахын тулд ямар шаардлагыг биелүүлэх ёстой вэ?
-Сурлагын төвшин, нийгмийн идэвх нь буураагүй, эцэг эхийн дэмжлэг туслалцаа нь үргэлжилж байхад дараа жил нь дахин хамрагдах боломжтой. Мөн ёс зүй, зан харилцааны хувьд үлгэр жишээ  байх хэрэгтэй. Энэ жилийн арван хүүхэд тус тэтгэлгийн нүүр царай болж, дараа жилийн хүүхдүүдэд туслаад явах учиртай. Сонгон шалгаруулалтыг гурван үе шатаар явуулна. Эхний шатны шалгаруулалтаар өрхийн амьжиргааны төвшин, нэг гэрээс хэдэн хүүхэд сурдаг вэ гэх мэт хэд хэдэн зүйлийг голчилно. Материалыг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна. Сонирхож байгаа хүүхдүүд https://form.jotform.me/91764662257466 хаягаар материалаа өгөх боломжтой. Мөн бид зорилго, хүсэл, мөрөөдлөө тодорхойлсон эссэг бичүүлж байгаа. Эссэг бид уншихдаа тухайн хүүхэд яг хүсэж байгаа зүйлээ хийж байна уу, ирээдүйн төлөвлөгөө нь хэр бодитой байна вэ гэдгийг илүү харж байна. Нэгдүгээр шатны хариу наймдугаар сарын 7-нд гарна. Ингээд хоёрдугаар шатанд нийгмийн ажлууд хийлгэнэ, 14 хоног үргэлжилнэ. Гуравдугаар шат нь ярилцлагад дуудна. Ингэхдээ ээж, аавтай нь хамт ярилцана.
-Тэтгэлэгтэй холбоотойгоор Ажиа Гэгээний зүгээс ямар заавар, зөвлөгөөг өгч байна вэ?
-Ажиа Гэгээн их энэрэнгүй хүн. Нэг айлаас олон хүүхэд сурдаг бол, ядаж нэг хүүхдийнх нь төлбөрийг төлөх юмсан, зан араншингийн доголдолтой хүүхдийг хамруулаад, дэмжээд, засчих юм сан гээд олон зүйлд санаа тавьж байгаа. Учир нь Ажиа Гэгээний Америкт байдаг Монголын соёлын төв нь зун бүр бясалгалын хөтөлбөр, сургалт явуулдаг туршлагатай. Тэр ч хязгаарлахгүй, шашин шүтлэг заасан зүйлгүй, ялгаварлахгүйгээр хамран явуулна. Мөн шалгаруулах явцдаа бид сэтгэлзүйчид болон бусад мэргэжлийн хүнийг багтаа авч оролцуулна.

“Хамтдаа гүйцгээе” гэсэн жижигхэн facebook групп маань хожим олон улсын сайн дурын байгууллагын салбарын эхлэл болно гэж ерөөсөө бодоогүй

-Ямар ч тэтгэлгийн  хамгийн гол шалгуур нь нийгмийн идэвх, оролцоо байдаг. Тэр утгаараа оюутан, сурагчдын дунд сайн дурын байгууллагад элсэх сонирхол их. Ер нь “Ахиллис Монгол”-ыг анх хэзээ, хэрхэн, байгуулах болж байсан бэ?
-“Ахиллис Монгол” анх Facebook-ийн группээс эхэлсэн гэж болно. Монголд хамгийн анх 2014 онд Facebook хуудсандаа өөрийнхөө нэг хөлгүй зургийг тавиад, “Хамтдаа гүйе” гээд уриалсан юм. Тухайн үед Монголд өөрийнхөө хөлгүй зургийг тавих хүн ховор байлаа. Facebook-ээр зарласан гэхэд гүйлтэд маань 600 гаруй хүн ирсэн. Хүмүүсээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн саналууд маш их ирж байв. Тэгээд 2015 онд  Америкийн зургаан хотоор “Ахиллис Монгол” гэх байгууллагын салбарыг байгуулах гээд “Итгэл, Найдвар, Боломж” аянг өрнүүлсэн. Миний бие, Ч.Ганжавхлан, Г.Солонго, Э.Бат-Орших, Ө.Очбаяр гээд таван хүний бүрэлдэхүүнтэй аялаад, 1500 гаруй Монголчуудтай уулзан, 14000 гаруй ам.доллар цуглуулсан. Монголдоо ирээд түүгээрээ янз бүрийн төслүүд хэрэгжүүлэн, эргээд төслийнхөө үр дүнг танилцуулж, хандив босгон үйл ажиллагаагаа жигдэрсэн.
-Аливаа зүйл эхлэл маш хэцүү байдаг шүү дээ. “Ахиллис Монгол”-ыг байгуулахад ямар бэрхшээл тулгарч байв?
-Миний үндсэн мэргэжил нийгмийн ажилтан. АШУҮИС-д нийгмийн эрүүл мэндийн багшаар 14 дэх жилдээ багшилж байна. Надад төрийн бус байгууллага байгуулах туршлага, мэдлэг чадвар төдийлөн байгаагүй. Тиймээс “Ахиллис” интернешнл буюу Нью-Йоркийн төвөөс салбар байгуулах зөвшөөрөл авсан. Тэд бизнесийн газруудтай хамтарч хийх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байв. Тэгээд маш олон газартай холбоо тогтоох гээд майл илгээсэн. Тухайн үед “Ариг” банкны захирлаар ажиллаж байсан Д.Төмөрхүү гээд залуу хариу бичсэн юм. Ингээд “Ариг” банк биднийг дэмжин “Ахиллис”-ын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулсан. Монголын нэг банк, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд урт хугацааны үр дүнтэй, нийгмийн ажлыг түгээж болдгийг “Ариг”  банк үлгэрлэн харуулсан.  
-“Ахиллис Монгол” нь ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж, одоогоор хэдэн гишүүн, сайн дурын ажилтантай болсон байна вэ?
-“Ахиллис Монгол” нь хөгжлийн бэрхшээлээсээ болоод нийгмийн харилцаанаасаа тусгаарлагдсан зорилтот бүлгийн хүмүүст үйл ажиллагаа чиглүүлдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гээд спортод дуртай хүмүүс нэгдэн нийлж, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулсаар таван жил болсон байна. Гэрээсээ гардаггүй, тусгай сургуулийн хүүхдүүдэд зориулсан “Ахиллис хүүхэд” төсөл, “Ахиллис клуб” буюу насанд хүрэгчдэд зориулсан клуб, “Итгэл, Найдвар, Боломж” марафон,  марафон тур гэх  хөтөлбөрүүдтэй. “Ахиллис Монгол”-ын клубт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 40-50 орчим хүн бий. Эдгээр хүмүүс хагас сайн бүрт зохион байгуулдаг “Гайхамшигт Бямба гараг”-т ирж, хамтдаа уул руу агаарт алхдаг. Тэдэнд туслаад байнга хамт явдаг, сайн дурын ажилтнууд 100 гаруй байна. Сайн дурынхны хувьд, жилдээ 1500 гаруй хүүхэд  “Ахиллис Монгол”-д ажиллах өргөдөл өгдөг. Түүнээс шалгаруулаад 600 орчмыг нь авч,  нэг өдрийн үйл ажиллагаанд оролцуулах эсвэл тусгай  сургуулийнхаа хөтөлбөрт бүтэн улирлаар нь ажиллуулдаг. Мөн сайн дурын хүүхдүүдээ зохицуулаад явж байдаг, ахлагч нар гээд 20 гаруй хүүхэд бий. Хүүхдүүд сайн дураараа манайд яагаад ажиллах дуртай байдаг вэ гэвэл, ажилласан цагт нь тохируулаад сертификат, тодорхойлолт өгдөг. Бид биеэ авч явах чадвар, харилцаа зэргийг нь заасан сургалтад хамруудаг. Нөгөө талаасаа манайд ажиллахаар хөгжлийн бэрхшээлтэй олон хүнийг нэг дор харж, тэдэнд тусалж, олон зүйлийг эргэцүүлж ойлгодог.
-“Ахиллис Монгол”-д орж ажилласнаар хүүхдүүд ямар зан төлөвтэй болдог вэ. Та хувийн ажиглалтаасаа хуваалцаач.
-Хэцүү амьдралтай хүүхдүүд сайн дурын ажил хийе гээд ирэх нь ховор. Ихэвчлэн боломжтой айлын хүүхдүүд нийгмийн бодит асуудлыг харах гэж ирдэг. “Ахиллис”-т сайн дурын ажилтан хийхдээ уранхай өмд, өсгийтэй гутал өмсөж, нүүрээ тод будахгүй , үнэртэй ус түрхэхгүй, хумсаа авах ёстой, том ээмэг зүүж болохгүй зэрэг суурь зарчмуудыг тавьдаг. Зөвхөн пүүз, женс, “Ахиллис”-ын цаанаас нь өгсөн пудволкийг л  өмсдөг. Мөн хүн рүү харж инээхийг зааж өгнө. Манайд хүний өөдөөс харж чаддаггүй, инээж чаддаггүй хүүхдүүд их ирдэг. Тиймээс инээх дасгал хийдэг. Үнэнээсээ гоё инээ гэх мэт. Сургалтаараа яаж хүнд сэтгэлээ илэрхийлэх вэ, яаж хүнийг тэврэх вэ зэрэг зүйлсийг заадаг. Түүнд нь л хүүхдүүд их дуртай байдаг байх. Нөгөө талаасаа бодит орчинд хар бор ажлуудыг их хийлгэдэг.  Нөгөө хөөрхөн охид, хөвгүүд маань өдөржин гадаа зогсоод эсвэл ямар нэгэн зүйлийг заавал хийж дуусгаж байж л харина. Тэгэхээр өөрсөд нь их сорилт болоод “би ийм зүйл хийж чадахгүй ер нь ямар хүн бэ” гэх мэт өөрсдийнхөө тухай их боддог.  Зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гүйж, алхаж, өөрсдийгөө дайчилж байгааг хараад сэтгэл нь хөдлөөд уйлчихсан сууж байдаг юм. Маш олон хүүхдүүд манайд ажилласныхаа дараа хувийн сэтгэгдлээ бичдэг. Түүний заримыг нь уншихаар би өөрөө ч заримдаа уйлчих гээд байдаг юм. Ямар их зүйлийг бодож, тунгааж, ажилладаг гэж санана.
-Таныхаар сайн дурын ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Миний хувьд, аз жаргал гэх сэдвийн нэгээхэн хэсгээр эрдмийн ажил хийх гэж оролдож байгаа. Тухайлбал, хүний аз жаргалыг объектив болон субъектив гээд хоёр ангилдаг. Объектив нь болохоор хоол унд, хувцас гэх зүйлүүд орно. Харин субъектив гэхээр өөрийнх нь талаарх өөрийнх нь үнэлэмжийг хэлж байгаа юм. Олон улсад субъектив байдлаар аз жаргалыг өсгөдөг зүйл бол сайн дурын ажил гэж тодорхойлсон байдаг. Маш олон судалгаагаар сайн дурын ажил хийснээр аз жаргал нь субъектив байдлаар өсдөг. “Би аз жаргалтай байна” гэж бодохоор тухайн хүний амьдралын чанар нь сайжирч, нас нь уртсаад юманд эерэг хандан, зарим хүний өвчин нь хүртэл эдгэрдэг. Тэр талаасаа сайн дурын ажил хувь  хүнд өөрт нь маш их хэрэгтэй зүйл юм. Мөн маш олон зүйлийг хүнд сургаж, хэвшүүлж байдаг. Чамд нөөц бололцоо байвал бусдад туслах хэрэгтэй. Чадах зүйлээ хуваалцах үедээ хүн аз жаргалыг хамгийн их мэдэрдэг. Өнөөдөр нэг Монгол хүн гурван өөр хүний хийх ажлыг хийж чаддаг байх ёстой. Өөрийнхөө чаддаг зүйлсийг хобби, эсвэл сайн дурын ажил болгоод хийх хэрэгтэй. Сайн дурын ажил бол иргэн хүний хийх ёстой ажил мөн. Европ, Америкт "ямар нэгэн урамшуулал, татварын хөнгөлөлт авья" гэвэл тодорхой сайн дурын ажил хийсэн байх ёстой шаардлагыг тавьдаг.
-Та яагаад нийгмийн ажил гэх мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би багадаа хавдрын улмаас хөлөө тайруулсан юм. Тэгээд хавдар судлалын эмнэлэгт, олон жил эмчлүүлж явсан. Одоогоос 30 орчим жилийн өмнө тухайн эмнэлэгт нийгмийн ажилтан байдаггүй байлаа. Сувилагч өнөөдрийн  нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын үүргийг давхар хүлээж ажилладаг байв. Тухайн үед миний дотор “өвдөж, зовж яваа хүмүүст туслах юм сан” гэсэн ухамсаргүй  бодол бий болсон байх аа. Тэгээд арван жилээ төгсөөд, нийгмийн ажилтан гэсэн мэргэжил чинь яг л ийм хүмүүст  тусалдаг юм байна гэдгийг ойлгосон. Дараа нь МУИС-ийг нийгмийн ажилтан гэх мэргэжлээр 2005 онд төгсөөд,  АШУҮИС-д багшилж эхэллээ. Дараа нь Израйл болон АНУ-д очиж, нийгмийн ажлаар мэргэжил дээшлүүлсэн. Хэрвээ 16 нас хүрэхээсээ өмнө хөлгүй болоогүй бол би дээд сургуульд сурах боломжгүй байлаа. Учир нь манай гэр бүл санхүүгийн хувьд тийм ч тогтвортой биш байсан. Хэрвээ  би сургуульд сураагүй байсан бол өнөөдөр ажилтай, орлоготой явахгүй л байсан. Тэгэхээр өнөөдөр бол ядуу хүмүүс  маш их байна. Тэр хүүхдүүдэд тэгш боломж олгох хэрэгтэй. Нийгмийн  ажилтан гэх  мэргэжлийн мөн чанар нь өөрөө үүнд л оршино.  Нэг бодлын хүмүүст тусалж, асуудлыг нь хамтдаа шийддэг, нийгмийн эмч юм.
-“Итгэл, найдвар, боломж” марафоны 42 километрт хөгжлийн бэрхшээлтэй хүн гүйгээд барианд орж ирэхийг хараад үнэхээр бахархаж, сэтгэл хөдөлдөг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүмүүсээс хэд дахин илүү хөдөлмөрлөж амьдардаг байх тийм үү?
-Монгол 160000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн тоо байдаг. Тэдгээрийн 30 хүрэхгүй хувь нь ажил хөдөлмөр хийж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Үлдсэн нь бусдаас  хараат. Яагаад вэ гэхээр нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүнийг “Энэ юу ч чадахгүй дээ”, “Энэ надаас юм гуйх вий" гэсэн дутуу дулимаг харцаар хардаг. Жишээлбэл, би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Би ямар нэгэн зүйл хийгээд, хөдөлмөрлөөд явж байхад хүмүүс магтахдаа хүртэл “хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн” гэж онцолж, заавал ийм “шошго” нааж, ялгаварлан гадуурхдаг. Хүмүүс угтаа бол жижигхэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, сургууль барьж байгаа инженер  “Энэ хаалгаар, энэ шатаар хүн орж ирнэ” гэсэн сэтгэхүйгээр хандаж барих хэрэгтэй. Хүн гэдэг чинь тэргэн дээр байж болно, таяган дээр алхаж болно, мөлхөж явдаг ч байж болно. Тэгтэл манайхан хүнийг бодохдоо зөвхөн хоёр хөл дээрээ явдаг гэж бодоод байшингаа барьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс түүнээс болоод нийгмийн харилцаанд орж чаддаггүй. Жишээлбэл,  өнөөдөр миний нэг хөл хиймэл байна. Би тэгэхээр автобусанд суухгүй. Би автобусан дотор унаж байсан болохоор өлсөөд ч хамаагүй такси барьсан нь надад дээр. Үүнээс болоод би автобуснаас тусгаарлагдаж  байна. Энэ жишээнээс харахад,  Монгол  Улс хөгжлийн бэрхшээлтэй хүнд тийм ч ээлтэй улс биш. Тэгэхээр болохгүй, бүтэхгүй байна гээд суугаад байх биш, болдог бүтэх талаас нь бодож, хичээхээс өөр сонголт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст байдаггүй.
-Хоёулаа олон сэдвүүдээр ярилцлаа. Та уншигчдаа хандаад юуг онцолж хэлэх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй байна уу, эрүүл байна уу, хэн байхаас үл хамаараад,  хүн чаддаг зүйлээрээ хөдөлмөрлөн нийгэмдээ оролцоотой байх нь чухал. Ингэж байж л улс эх орон хөгжинө. Мөн  “Зөв” тэтгэлэгтээ материалаа илгээгээрэй гэж хүүхдүүдээ зөвлөх байна. Энэ бол маш том боломж юм шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн