Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж хэв гажилтын заадас засварын ажил хийхээр болсон байна. Тодруулбла, Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29 буюу өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаах юм.
Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 1983, 2004 онд их засварын ажлуудыг хийж байсан. Харин энэ удаад хэв гажилтын заадас засварын ажлыг хийнэ.
Тус замыг хаах болсонтой холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орох юм.
Дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийлээ. Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.