Эцэг эхчүүддээ зориулан Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Энхлэнгийн зөвлөмжийг хүргэж байна.
-Нярай болон бага насны хүүхдүүдийн хувьд сэтгэл хөдлөлөө уйлах болон инээх байдлаар эргэн тойрныхондоо илэрхийлдэг. Зарим ээжүүдийн хувьд хүүхдээ уйлахаар яахаа мэдэхгүй, яагаад уйлаад байгааг ойлгохгүй “Хүүхэд маань уйлаад, би дагаж уйлаад” гэх тохиолдлууд танд гарч байсан бол хүүхэд уйлах нь хэвийн үзэгдэл юм. Нярай хүүхдүүдийн хувьд ихэвчлэн өлссөн, халууцсан, живх нь норсноос болж, бие нь тавгүй байх үед уйлж өөрийгөө илэрхийлдэг. Нярай хүүхэд өдөрт ойролцоогоор 2 цаг уйлахыг хэвийн үзэгдэлд тооцдог ба харин хэт их буюу өдөрт 3 цагаас илүү хугацаанд уйлж байгаа тохиолдолд мэдээж өрхийн эмчдээ хандах хэрэгтэй шүү.
Бага насны хүүхдүүд уйлах нь өөрт нь таалагдахгүй нөхцөл байдал, үйл явдал болсноос уйлдаг бөгөөд энэ үед нь аав, ээжүүд уйлахаа болихыг шаардаж, загнах, дугтрах бус насанд нь тохирсон хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж тайвшруулах хэрэгтэй. Жишээ нь, та хүүхдээ гадагш дагуулан гарах гэж байхад хүүхэд таны гаргаж өгсөн хувцсыг өмсөхгүй хэмээн зөрүүдлэх үед хүүхэд өөрөө хувцсаа сонгон өмсөхийг санал болгоорой. Магадгүй хүүхэд тань цаг тохироогүй хувцас сонгосон тохиолдолд гадаа халуун байгааг хэлж солих нимгэн хувцсыг авч болно. Ингэж хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзан өөрөөр сонголт хийлгэх нь тухайн хүүхдийн ирээдүйн шийдвэр гаргах чадвар болон өөрийгөө илэрхийлэх байдалд тустай.
Хүүхэд яагаад зөрүүдэлдэг вэ ?
-Бага насны хүүхэд үгэнд орохгүй, зөрүүдлэх нь мөн л хэвийн үзэгдэл. Учир нь энэ насанд өөрийгөө бие даасан хүн болохоо ойлгож, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ, сонирхол хүүхдэд бий болдог. Энэ нь шийдвэр гаргахад суралцаж буй хэлбэр юм. Зөрүүдлэх үед хүмүүжлийн эерэг аргыг та хүүхдээрээ сонголт хийлгэх байдлаар хэрэглэж болно. Жишээ нь Таны хүүхэд хоолоо идэхгүй гэж зөрүүдэлдэг бол “Миний хүү/охин өнөөдөр бууз идмээр байна уу” эсвэл “Будаатай шөл идмээр байна уу” хэмээн идэх үү, идэхгүй юу бус шууд тухайн үйлдлийг хийх рүү чиглэсэн асуултыг асуух байдлаар харилцаж болно. Мөн зөрүүдлээд байгаа үед нь анхаарлыг нь өөр зүйлд шууд хандуулах байдлаар өөрчилж болно. Ингэх нь хүүхэд зөрүүдлэх байдал гаргахгүй байх давуу талтай бөгөөд хүүхэд өөрөө сонголтоо хийж, шийдвэр гаргахад суралцсаар байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ айлган сүрдүүлж өөрийн хүссэн сонголтоо хийлгэдэг. “Хурдан хоолоо ид, идэхгүй бол чамайг мангас аваад явна шүү” гэх мэтээр хүүхдийг сүрдүүлж ямар нэгэн үйлдлийг хийлгэх нь хүүхдэд айдас түгшүүрийг үүсгэдэг бөгөөд хүүхдийг аймхай, буруу шийдвэр гаргадаг болгох эрсдэлтэй.
-Бага насны хүүхдийн хувьд төсөөлөн бодох, дүрслэх бодох чадвар нь хөгжиж байгаатай холбоотойгоор хүүхэд харанхуйгаас айх, мангас, үлгэрийн сөрөг талын баатраас айх гэх мэт нөхцөлүүд цөөнгүй тулгардаг. Хүүхдийн хувьд төсөөлөл үү, бодит байдал уу гэдгээ ялгаж сурах хараахан болоогүй, түүнийг өөрийн сонссон/ах,эгчээсээ/, харснаараа/зурагтаар/ хүлээн авч айж буйгаа илэрхийлж байдаг. Айдас нь хүнд байдаг төрөлхийн мэдрэмж юм. Хүүхэд дээрхтэй холбоотойгоор айсан үед нь “бодит биш, байхгүй зүйл” гэдгийг сайтар тайлбарлан өгч, асуулт асуух тохиолдолд түүнд дэлгэрэнгүй хариулж, тэвэрч тайвшруулж байгаарай. Манай эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хажуудаа эсвэл өвөртөлж унтах нь их байдаг бөгөөд энэ нь хүүхдэд шөнө ч гэсэн аюулгүй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Ингэж тайлбарлаж, аюулгүй гэсэн мэдрэмжийг төрүүлэх нь хүүхэд айдсаа даван туулахад тусалж байдаг.
Нярай хүүхдийн хувьд мөн л адил аюулгүй гэсэн мэдрэмжийг аав ээжийнхээ хажууд унтахдаа авч байдаг. Энэ насны хүүхдийг аав ээжийнхээ хажууд гэхдээ тусдаа орон дээр унтуулах нь орноос унагаах, шахах, дарж унтах зэрэг учирч болох эрсдэлээс хамгаална.
Хүүхэд яагаад уурладаг вэ ?
-Уур бол хүн бүрт л байдаг сэтгэл хөдлөл юм. Уургүй хүн гэж байдаггүй бөгөөд харин уураа зөв илэрхийлж сурсан хүн гэж байдаг. Хүүхдийн хувьд нярай байхдаа тавгүй байгаагаа уйлж илэрхийлдэг байсан бол томрох тусам сөрөг сэтгэл хөдлөлөө уурлах, бухимдах байдлаар илэрхийлж эхэлдэг. Энэ нь хүүхэд сэтгэл хөдлөлөө зөв удирдахад суралцах шаардлагатайг харуулдаг. Та төрөхдөө л уураа сайн зохицуулдаг төрөөгүй, түүнтэй адил хүүхэд ч мөн адил уураа удирдахад танаас суралцаж зөвөөр сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь чухал юм. Хүүхэд уурласан үед нь “Яагаад байгаа юм?, Юундаа уурлаад байгаа юм?” гээд цохиж, зодох нь хүмүүжлийн буруу арга бөгөөд үүнээс болж хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, дотроо хадгалж, дардаг болж сурах эрсдэлтэй. Магадгүй уураа зөв илэрхийлж сураагүйгээс болж шилжилтийн насандаа буруу дадалтай болох, бусдыг гэмтээх, бусдыг буруутгах хандлагатай болох, уурлах үедээ ямар нэгэн зүйл цохих, эвдэх зэрэг үйлдлийг хийдэг болж ч болзошгүй. Тиймээс аав, ээжүүд хүүхдийнхээ хажууд бухимдах үе тулгарахад:
1. Уураа зөв илэрхийлдэг байх
2. Хүүхдийнхээ дэргэд ёс бус хараалын үг хэлэхгүй байх
3. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргалдахгүй байх
4. Хэн нэгнийг муу үгээр хэлж муулахгүй байх
5. Уурласан үед нь тайвшруулж, яагаад уурласныг нь асуух
6. Уураа ойлгож зохицуулах аргыг зааж өгөх
7. Хэрэгтэй үед нь туслахад бэлэн гэдгээ мэдрүүлэх
8. Уурлаж бухимдахад хүргэхэд асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай зааж зөвлөх үйлдлүүдийг хийж хүүхдээ эерэгээр хүмүүжүүлээрэй.
Хүүхдийг алгадах, цохих, гар хүрвэл...
- Зарим аав ээжүүд хүүхдээ ямар нэгэн байдлаар цохих, дугтрах, зодох зэрэг үйлдлээ сургамж өгч байна гэдэг үүднээс тайлбарладаг. Үнэн хэрэгтээ хүмүүжлийн сөрөг аргыг хэрэглэх нь хүүхдийн том болж биеэ даах, өсөж хөгжих байдалд сэтгэл зүй болон бие махбодын хувьд сөрөг нөлөө үзүүлдэг. Петит, Грегор, Кенет нарын 7 жилийн хугацаанд хийгдсэн хүмүүжлийн эерэг аргын тухай судалгаанд хүүхдэдээ элэгсэг дотно ханддаг, үлгэрлэн заах байдлаар сургадаг аав ээжүүдийн хүүхдүүд сургуульдаа амархан дасан зохицдог, сурлагын амжилт үзүүлэх нь зодож шийтгэх арга хэрэглэдэг аав, ээжтэй хүүхдүүдээс өндөр байсан байна. Зодож шийтгэх үед хүүхдэд айдас түгшүүр л үүснэ үү гэхээс биш таныг үнэхээр сайн ойлгоод, асуудлаа шийдэх чадварт суралцахгүй бөгөөд ийм байдлаар та хүүхдэдээ хандаад байвал хүүхэд тань насанд хүрсэн хойноо өөрийн үр хүүхдэдээ таны хэрэглэсэн зодож шийтгэх аргыг хэрэглэдэг болох хандлагатай тогтоосон судалгаанууд ч бий.Тиймээс та хүүхэдтэйгээ эерэгээр харилцах, ярилцах, асуудлаа шийдвэрлэхэд нь туслах, зөвлөх байдлаар харилцвал:
4. Өөрийн сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, илэрхийлдэг
5. Асуудал шийдвэрлэх чадвартай
6. Амжилттай, өөрийн үнэ цэнэ ээ мэддэг
7. Бусдыг хайрлаж чаддаг таны ирээдүйд ийм байгаасай хэмээн хүсэж, зорьж яваа “Бие хүн” болж төлөвших боломжтой. Тиймээс аав ээжүүд та бүхэн ирээдүйнхээ төлөө хүүхдээ хатуу гараар, муу үгээр хүмүүжүүлэх бус саруул ухаан, эерэг аргаар хүүхдээ хүмүүжүүлэн хүүхдээ сонсдог, ярих боломж олгодог, хүүхдийнхээ хамгийн сайн найз, итгэх хүн нь байж “үргэлж аав нь, ээж нь чиний талд” гэдгийг мэдрүүлдэг үлгэр дууриалалтай эерэг аав ээж байгаарай. Энэхүү зөвлөмжөөс та бүхэн нэг ч гэсэн зүйл мэдэж авсан бол бидний уриалж буй #ХайраарҮлгэрлэе аянд нэгдэн өдөр тутамдаа хэрэглэх хүмүүжлийн эерэг аргын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Save the children хуудсаар дамжуулан аваарай.