Иргэн С “Жилийн өмнө манайх гэр бүлээрээ БЗД-т хашаа байшин түрээсэлдэг байсан. Сарын түрээс нь 120 мянган төгрөг, нэг жил амьдарсан. Түрээсийн хугацаа энэ сард дуусаж байгаа тул өөр байшин түрээслэхээр эрэлд гарлаа. Гэтэл өнгөрсөн жилийн ханшаас хоёр дахин нэмэгдсэн байна. Дундаж байшингийн үнэ бидний түрээсэлж байгаатай адилхан байдаг юм. Ямар учраас ингэж нэмэгдсэнийг мэдэхгүй байна” гэв. Иймд бид түрээсийн байшингийн үнэ ямар учраас өссөн, хэчнээн төгрөгөөр нэмэгдсэнийг сурвалжиллаа.
Юун түрүүнд Үнэгүй.мн зарын сайтаас түрээсийн хашаа байшингийн үнийг судлав. Ингэхэд өрөөний тоо, байршил, шинэ хуучнаас хамааран үнэ нь өөр өөр байв.
Түрээсийн хашаа байшингийн үнийн тухайд:
Дээрхээс харахад хашаа байшингийн түрээс 300 мянган төгрөгөөс сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Иймд зарим түрээслүүлэгчтэй холбогдож түрээсийн үнээ нэмсэн эсэх талаар тодрууллаа.
Түрээслэгч 1: Байшингаа 350 мянган төгрөгөөр түрээслүүлнэ. Засвар хийсэн учраас үнээ 100 мянган төгрөгөөр нэмсэн. Засвар хийснээс гадна бид түрээслүүлээд олдог байсан мөнгөөрөө авч чаддаг байсан зүйлсээ авч чадахаа больсон. Энэ байшинг түрээсийн зориулалтаар ашиглаад таван жил болж байна.
Түрээслэгч 2: Байшингийн түрээсээ 70 мянган төгрөгөөр нэмээд 400 мянгаар түрээслүүлж байна. Үнээ нэмсэн нь бүх юм үнэд орсонтой л холбоотой. Түүнээс гадна зуны улиралд байшин зардал багатай байдаг учраас дулааны улиралд үнээ нэмдэг. Харин өвөл 20-30 мянгаар хямдруулдаг. Энэ жишгээрээ л нэмсэн.
Түрээслэгч 3: Байршил нь төвтэй ойр учраас үнээ нэмсэн. Дээрээс нь түрээсийн орон сууцны үнэ өссөөр байгаа учраас хашаа байшин хавраас эрэлтэд орсон. Эрэлт их, нийлүүлэлт бага бол зах зээлийн зарчмаараа үнэ өсөж л таарна. Энэ чинь бас нэг төрлийн бизнес шүү дээ. Цаашид орон сууцны үнэ өссөөр байвал байшингийнхаа түрээсийн үнийг нэмсээр л байх болно. Миний хувьд түрээслүүлж ашиг олдог гурван байшин бий.
Түрээслүүлэгч 4: Улаанбаатар хот төвдөө шигдээд байгаа учраас орон сууцуудын үнэ ямар нэг барилгын материалаас үл шалтгаалан өсөж байна. Орон сууцны түрээс өндөр байвал хашаа байшингийн үнэ дагаад л өснө. Юманд уялдаа холбоо гэж байдаг. Ялгаагүй л ашиг орлогоо бүрдүүлж байгаа хүн үргэлж л үнээ нэмэхийг боддог. Гэхдээ цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж огцом өсгөөгүй. Гурван өрөөтэй байшинг 600 мянган төгрөгөөр түрээслэх үү эсвэл 600 мянган төгрөгөөс хашаа байшинд тааваараа амьдрах уу гэдэг хүний сонголтын асуудал. Өвөл байшингаа 500 мянган төгрөгөөр түрээсэлж байсан.
Түрээслүүлэгчдийн хэлж байгаагаар үнээ нэмсэн гол шалтгаан нь түрээсийн байрны үнэ нэмэгдсэнээс гадна түрээслүүлээд олдог байсан мөнгөөрөө авдаг байсан зүйлээ авч чаддаггүй болсон байгаа гэж тайлбарлаж байлаа. Мөн хашаа байшин түрээслүүлэгчдийг орон сууц түрээслэгчтэй харьцуулахад төлбөрийг уян хатан нөхцөлтэй буюу сар сард нь авч болох талаараа зарын сайтад онцолжээ. Цөөн тохиолдолд төлбөрийг 3 болон 6 сараар авч байгаа аж.