Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цар тахлын дараа Европ тивийг худалдаа, эдийн засгийн хувьд АНУ болон БНХАУ-аас бага хамааралтай болгохын төлөө ажиллана гэж мэдэгдлээ.
Коронавирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор Франц улс найман долоо хоногийн турш хөл хорио хэрэгжүүлсэн. Цар тахлын хямрал нь Франц болон Европын бусад орнууд худалдаа нийлүүлэлтийн сүлжээний хувьд БНХАУ болон АНУ-аас хэт хамааралтай болохыг тодорхой харуулж байгаа талаар судлаачид дурдах болсон.
Эммануэль Макрон даваа гаригт ард түмэндээ хандан телевизээр мэдэгдэл хийх үеэрээ “Европын орнууд зарим төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд бусад орнуудаас хэт хамааралтай байгаа эмзэг байдлыг цар тахал ил болгосон. Энэхүү эмзэг байдал нь бидэнд өнөөдөр хүндрэл бэрхшээл, шинэ сорилтуудыг бий болгоод байна. Тиймээс бид уг явдлаас сургамж авах ёстой. Бусдаас хэт хамааралтай энэхүү эмзэг байдлаас гарах цорын ганц гарц бол ажиллах хүч, үйлдвэрлэлийг улам эрчимтэй нэмэгдүүлэхүйц шинэ эдийн засгийн загварыг бий болгох явдал юм” гэжээ.
Зөвхөн БНХАУ-д гарсан коронавирусийн дэгдэлтийн улмаас нийлүүлэлт тасалдаж, Европын тивийн автомашин, ухаалаг гар утас, технологи, эмийн үйлдвэрлэлийн салбарууд бүхэлдээ уналтад орж, зогсонги байдалд шилжсэн билээ. Хэдий Хятадад өвчлөл буурч, нийлүүлэлт аажмаар сэргэн, улс орнууд эдийн засгаа дэмжих яаралтай арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн ч АНУ дахь халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Европ тивийн эдийн засгийн өсөлт харьцангуй удаашралтай байгаа юм.
Цар тахлын улмаас Европ тивийн хоёр дахь том эдийн засагт тооцогдох Францын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн гүн хямралтай нүүр тулаад байгаа аж. Францын Засгийн газар 2020 онд тус улсын эдийн засаг 11 хувиар агших урьдчилсан тооцоог танилцуулсан. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цар тахлын хямрлын улмаас хүнд байдалд орсон компаниудын үйл ажиллагааг дэмжих, ажлын байруудыг хадгалах чиглэлд Засгийн газраас мөнгөн дэмжлэг үзүүлэхдээ татвар төлөгч өрхүүдэд хүндрэл учруулахгүй байх зохицуулалт хийхээ амласан байна.
Парис хотын ресторанууд даваа гаригаас дахин ажиллаж эхэлсэн. Гэсэн ч аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай тус улсын үйлчилгээний салбарт томоохон хямрал нүүрлэсэн хэвээр байгааг Эммануэль Макрон мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: Evening Standard