Open iToim app
Зочин | 6 мин уншина

Ш.Амгалан: Үг хэлэх эрхээ эдэлж, ТЕГ-ын даргыг шүүмжилсний төлөө шоронд хорилоо, гэр бүлийнхэнд минь халдлаа

Ш.Амгалан: Үг хэлэх эрхээ эдэлж, ТЕГ-ын даргыг шүүмжилсний төлөө шоронд хорилоо, гэр бүлийнхэнд минь халдлаа
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 14
ТЕГ-ын гадаад тагнуулын газрын дарга асан хурандаа Ш.Амгаланг энэ сарын 3-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан хэрэг гарсан. Энэхүү хэргийн талаар хурандаа Ш.Амгалантай ярилцлаа.
-Энэ сарын 3-ны өдөр ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж таныг баривчилсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Тавдугаар сарын 3-ны өдөр миний бие эхнэр, охины хамт төрсөн нутгийн зүг эдээ будаа өргөхөөр “Хүй долоо худаг”-ийн зүг явсан юм. “Хүй долоон худаг”-ийн эхний уулзвар өнгөрөөд явж байх үед гэнэт гурван машин шахаж замын хажуугийн жалга руу унагах дөхсөн. Тусгай үүрэг гүйцэтгэж байгаа хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээ өгч зогсохыг шаардах ёстой. Гэтэл зогсохыг шаардахгүйгээр хоёр минут гаруй хугацаанд биднийг маш аюултайгаар шахаж зогсоосон. Ингээд зогсоход толгойдоо хар маск зүүсэн, гав, гар буутай 20 гаруй залуу дайрч машинаас татаж буулгаж, толгойд хар уут углан микро автобус руу чихэж суулгасан. Мөн эхнэр, охин хоёрын биед халдаж машинд чихэн суулгасан байгаа юм.
Энэ үйл ажиллагааг эртнээс төлөвлөсөн байсан. Биднийг 3-ны өдөр Хүй долоо худагийн зүг явахыг эхнэр бид хоёрын гар утсыг чагнаж мэдсэн байсан. Тийшээ явахаа бид л хоорондоо утсаар ярилцаж байсан учраас мэднэ. Өөр гаднын хүнд хэлээгүй. Бид эмээлт өнгөрөөд явж байхад замын хөдөлгөөн гэнэт зогссон. Гэтэл гурван хар машин гарч ирээд жалга руу унагаах шахсан нь манай гэр бүлийг гэрчгүйгээр устгах даалгавартай явсан гэж би хардаж байгаа.
-Ямар үндэслэлээр баривчлах ажиллагаа явуулсан вэ?
-Биднийг баривчлан гэрт авчирсан. Ингээд манай гэрт хууль бус үзлэг, нэгжлэг хийж намайг 461 дүгээр анги руу авч явсан. Маргааш өглөө нь буюу тавдугаар сарын 4-ны өглөө би хавтаст хэрэгтэй танилцсан. Тэр хавтаст хэрэг дээр маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн өөр хүний хэрэг дээр намайг оролцуулан хэрэг үүсгэсэн байсан. Манай гэрт нэгжлэг хийх гэж, намайг хорих гэж ТЕГ-ын дарга Д.Гэрэл ажилтнуудаа шахан энэ хууль бус ажиллагааг явуулсан.
ТЕГ-аас тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хоёр удаа хэвлэлийн төлөөлөгч Т.Баярхүүгээр мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлдээ “ТЕГ-ын гадаад тагнуулын газрын дарга асан хурандаа Ш.Амгаланг гадаадын тусгай тагнуулын байгууллага, хувь хүнтэй хамтарсан хэргээр эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл ангиар шалгаж байна” гэж мэдэгдсэн. Ингэж үндэслэлгүйгээр хүнийг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр хүндэд халдаж болохгүй. ТЕГ-ын дарга Д. Гэрэл гэх хүний захиалгаар ийм болчимгүй мэдэгдэл хийсэн Т.Баярхүүг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн ерөнхий шүүх өгсөн байгаа.
-Энэхүү гүйцэтгэх ажиллагааг явуулахад зөвшөөрсөн хуудсаа үзүүлээгүй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ бол хууль бус ажиллагаа. Сонгуулийн өмнө ингэж шоу хийж болохгүй. Цар тахлын энэ үед гэрт үзлэг хийхээр 16 хүн орж ирсэн. Ямар ч зөвшөөрөлгүйгээр оройн 23 цагийн орчим хүртэл үзлэг хийсэн. Ингээд үзлэг хийсний дараа намайг ТЕГ-руу баривчилж авч явсан. Би прокурорын зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад байхгүй байсан. Намайг баривчилсны дараа прокурорын зөвшөөрлөө хөөцөлдөн тавдугаар сарын 4-ны шөнө 01 цаг 48 минутад Бурмаа гэх прокурорын зөвшөөрлөөр 24 цаг саатуулах зөвшөөрлөө авчирсан. Тэрхүү зөвшөөрөл дээр “гэрт нь үзлэг хийхэд нотлох баримт олдсон тул зайлшгүй саатуулах хэрэгтэй” гэж бичсэн байсан.
-Энэхүү асуудлыг ТЕГ-ын дарга генерал Д. Гэрэлийн захиалга гэж хэллээ. Генерал Д.Гэрэл та хоёрын дунд ямар асуудал байгаа юм бэ?
-Бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй. Д.Гэрэл гэдэг хүн 1998 онд ТЕГ-ын гадаад тагнуулын албаны даргаар томилогдсон байдаг. Тэр үед С.Зориг нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн шалтгааныг одоо хүртэл олоогүй. Тиймээс би өөрийн твиттерт “Энэ хэргийн талаар тухай үеийн нөхцөл байдал ямар байсан талаар үнэнийг хэл, одоо хэлэх цаг нь болоогүй юу” гэсэн байдлаар хандан жиргэдэг. Мөн Д.Гэрэл нь БНСУ-д Элчин сайд  байхдаа “Хотгор шанага”-ын уурхайн наймаанд гар бие оролцсон. Энэ хэрэгт оролцсон Солонгосын эрх бүхий албан тушаалтнууд бүгд ял авсан байдаг. Харин Д.Гэрэл нь 66 настайдаа ТЕГ-ын даргын албан тушаалд томилогдсон. Энэ талаар жиргэхэд илт дургүйцдэг. Төрийн албаны хуульд төрийн албыг хаах насны дээд хязгаарыг 65 нас гэж заасан байдаг. Гэтэл Д.Гэрэл гэх хүн 66 насандаа энэ албан тушаалд томилогдсон. Энд ямар эрх ашиг явагдаж байна вэ, яагаад Тагнуулын байгууллагад байн, байн ирж наалдаад байна гэдэг нь сонин. Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томилогдсоны дараа Тагнуулын байгууллагын ажиллагаанд маш ноцтой хэргүүд гарсаар ирсэн.
-Хүн гүтгэх хуультай учраас та баримттай ярих хэрэгтэй шүү. Та жишээ, баримт дурдвал?
-Жишээ нь, хар тамхины хэргүүд маш их гарч байна. Хар тамхины асуудлаас болж Монгол Улс саарал жагсаалтад орсон Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хурал дээрээ Цагдаа, Тагнуул, Монголбанкныханд хандан “Та бүхний хүссэн бүхнийг хуульд орууллаа. Тиймээс яаралтай арга хэмжээ авч ажил, саарал жагсаалтаас гарч чадахгүй үлдвэл та бүгд хариуцлага хүлээнэ шүү” гэж тодорхой хэлсэн. Гэтэл ямар ч арга хэмжээ авч ажиллахгүй байсаар саарал жагсаалтаас гарах бус харин ч хар жагсаалт руу орчихлоо.
Мөн Төрийн тусгай хамгаалалтын газар болох төрийн ордонд гишүүн асан Батхүү нас барсан тохиолдол гарсан. Энэ хэрэг дээр Тагнуулын ерөнхий газрын дарга хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл Төрийн тусгай хамгаалалтын газар  нь Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх  байгууллага гэж явдаг. Гэтэл үүн дээр хариуцлага хүлээгээгүй. Үүний дараа ТЕГ-ын ажилчид хүн дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн ажилчид нь хоорондоо зодолдсон гээд маш олон хэрэг гарсаар байна. Удирдаж байгаа хүн нь байгууллагаа зөв удирдан чиглүүлээд цэргийн дарга хүн шиг байх ёстой. Энэ бүгдийг өөрийн цахим хуудсандаа Д.Гэрэлийг хурдан ажлаа өг гэсэн үүднээс бичиж оруулдаг. Эдгээр зүйлсийг бичлээ гэж өс санана ийм үйлдэл хийж байна гэж харж байгаа.
-Таныг ажлаа өгснөөс хойш дарамт шахалт, сүрдүүлэлт байнга ирдэг байсан гэсэн үг үү?
-Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 10 хоногийн дараа манай орцонд хүн дүүжлээд алчихсан байна. Тухайн хэргийг шалгаж байх үед асрамжийн газарт өссөн 19 настай Б.Амгалан гэх хүү болох нь тогтоогдсон. Тэр үед тус хэргийг шалгаж байсан цагдаа “Танай орцонд таны нэртэй хүүг дүүжлээд алсан байгаа нь их сэжигтэй байна” гэхэд надад маш хүнд туссан. Магадгүй намайг “дуугүй бай” гэсэн сануулгыг өгч байна уу гэж харсан. Ингээд Цагдаа, Тагнуулын байгууллагад энэ хэргийн шалгаж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн. Гэтэл энэ хэргийг аль ч байгууллагаас шалгаж дүгнэлтийг нь гаргаагүй.
Үүнээс гадна 2019 оны долдугаар сараас хойш над дээр гурван хэрэг үүсгэсэн. Хамгийн хэнийх нь  2019 онд долдугаар сарын 10-нд Тагнуулын байгууллага над дээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Үндэслэл нь Тагнуулын байгууллага болон Д.Гэрэл даргын нэр хүндэд халдаж жиргэсэн гэх утгатай. Харин энэ зөрчлийн хэрэгт прокурорын байгууллага хувь хүний үзэл бодлын асуудалтай холбоотой гэж үзэн зөвшөөрөөгүй. Дараагийн есдүгээр сарын 17-нд Тагнуулын байгууллагаас зөрчлийн хэрэг нээхийг хүсч Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргасан байсан. Үндэслэл нь өмнөхтэй адилхан. Үүнийг ЦЕГ-аас шалгаад зөрчлийн хэрэг үүсгэх боломжгүй, хувь хүн үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзсэн. Ингээд гурав дахь энэ хууль бус баривчилгаа болж байна.
-48 цагийн хугацаанд хорисон. Энэ хугацаанд биеийн байдал өөрчлөгдсөн үү?
-Баривчилгааны үеэр миний гуя рүү нэг тариа хийсэн. Яг юу хийснийг мэдэхгүй байна. Иймд 461 дүгээр ангид цусны шинжилгээг өгсөн. Шинжилгээний хариу гараагүй байна. Тэр шинжилгээн дээр юу гарахыг би мэдэхгүй. Даралт ихэсч, зүрх их өвддөг болсон. Биед учир битүүлэг тариа хийс учраас хордлого тайлах эмчилгээг хийлгэж байна.
-Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан гэж сонссон?
-Тийм ээ, Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан. Яагаад гэвэл Д.Гэрэл нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль бус ажиллагааг зохион байгуулсан. Мөн энэ хэргийг замын хөдөлгөөнийг хаалгаж байгаад гэрчгүйгээр үйлдэхийг оролдсон нь цагдаагийн нөлөө орсон гэж үзэн Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан. Түүнчлэн нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн комисст өргөдөл өглөө. Нийслэлийн ерөнхий Прокурорын газар, цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн.
Энэ 1937 он биш шүү дээ Д.Гэрэл дарга аа. Та миний болон гэр бүлийн минь хүмүүсийн амь наст халдах гэсэн ноцтой гэмт хэрэг хийсэн шүү. Үүнийг шалгуулахаар Монголын бүх шатны хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн байгаа. Энэ байж болохгүй зүйлтэй би тэмцэнэ. 

-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн