Open iToim app
Дэлхийн монгол | 9 мин уншина

П.Авралт-Од: Замыг сегмент бүрээр татваржуулах нь түгжрэлийг шийдэх хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ...

П.Авралт-Од: Замыг сегмент бүрээр татваржуулах нь түгжрэлийг шийдэх хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ...
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 28
Швейцарын Бернийн их сургуулийн судлаач, Дэлхийн Банкны зөвлөх П.Авралт-Одыг “Дэлхийн Монгол” буландаа урьж ярилцлаа. Тэрээр Дархан-Уул аймагт төрж, Сэлэнгэ аймагт арван жилээ төгсчээ. П.Авралт-Од 2002 онд МУИС-ийг төгсөөд Сангийн яаманд ажиллах саналаас татгалзан Санхүү Эдийн засгийн их сургуульд 10 жил багшилжээ. Учир нь, түүний аав, ээж, эгч гээд гэр бүлийнхэн нь бүгд багш мэргэжилтэй байсан учраас ийм шийдвэр гаргаж байснаа дурсаж байв. 
Ингээд мэдлэг боловсролыг үнэт зүйлээ болгон өдгөө дэлхийн хэмжээний банкинд ажиллан яваа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Дэлхийн банкинд ямар судалгаа, төслүүд дээр ажиллаж байна вэ. Монголтой холбоотой төслүүд дээр ажиллаж байгаа юу?
-Миний үндсэн ажил Швейцарын Бернийн их сургуулийн судлаач юм. Бид одоогоор Энэтхэгийн хар салхи болон хурдны замын өргөжилтийн талаар судалгаа хийж байна. Тодруулбал, тодорхой нэг хотоос бусад томоохон хотууд руу хүрэх хурдны зам хэрхэн тавигдаж, ямар хугацаанд аялах боломжтойг өнгөрсөн онуудын өгөгдөл ашиглан тооцоолж, улмаар далайн эрэг орчмын хот дахь далайн хар салхинд өртсөн аж ахуйн нэгжүүд дахин хөл дээрээ босох болон цаашдын үйл ажиллагаа, үр ашигт нь хэрхэн нөлөөлж буйг судалж байгаа юм.
Дэлхийн банкинд 2018 оноос Зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.  Би Төв Азийн орнууд буюу Узбекистан, Тажикистан, Казахстан, Киргизийн ядуурлын судалгааны багт ажилладаг. Жишээлбэл, тус улсуудын төрийн бодлого айл өрхийн аж амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа, иргэдэд нийгмийн үйлчилгээ хэр хүртээмжтэй байгаа болон өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг чухалчилж, дүн шинжилгээ хийдэг. Сүүлийн хэдэн сар цар тахлын нөлөөлөл болон иргэд вакцинд хамрагдаж байгаа байдал, тулгарах саад бэрхшээлийн талаар онцгойлон судалж байна.
Үндсэн ажлаас гадна Монголтой холбоотой хэд хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа. Үүнээс цухас дурдвал, ҮСХ-ны судалгааны багийг чадавхжуулах, мөн мал аж ахуйн салбарт эдийн засгийн судалгаа хийж байна. Бид бэлчээрийн даац, түүний тогтвортой байдалд дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж буй талаар судалж байна. Тодруулбал, сансрын хиймэл дагуулын зураг ашиглан манай орны ургамлын (бэлчээрийн) гарц, таван хошуу малын хөдөлгөөн, тархалт, нягтаршлыг орчин үеийн аргазүйг ашиглан тооцоолж байна. Миний бодлоор энэ бол маш чухал сэдэв. Манай улс гурван сая гаруй хүн амтай ч малын тоо нь 70 сая давсан. Монголын ирээдүйн хөгжлийн чухал суурь бол мал аж ахуй, газар тариалан. Гол нь үүнийгээ урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, орчин үежүүлэх сорилт тулгарч байна. Тиймээс ч малын тоо толгойг татваржуулах бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Харин хэдэн төгрөгний татвар ногдуулах нь оновчтой вэ гэдэг нь эдийн засгийн тооцоолол шаардсан судалгааны асуудал юм. Бид энэ чиглэлийн бодлого боловсруулах, цаашид тасралтгүй хянан сайжруулах, боловсронгүй болгох тал дээр суурь болох, үгүй юмаа гэхэд дэм болохуйц эдийн засгийн судалгаа хийхээр зорьж байна.
undefined
-Ажлын журмаар олон бүтээлийг гадаадын сэтгүүлд хэвлүүлж байжээ. Энэ дундаас БНХАУ-ын Бээжин хотын замын түгжрэлийн талаар хийсэн дата, судалгаа сонирхол татсан. Та энэ талаарх судалгаа мэдээллээ хуваалцахгүй юу?
-Энэхүү судалгааг докторын хоёрдугаар ангид байхдаа эхлүүлж байсан. Тухайн судалгаа нь нийт гурван хүний хамтын бүтээл юм. Уг судалгааны ажил 2004 оны Бээжин хотын 1500 замын цэгийн өндөр давтамжтай өгөгдөл дээр суурилсан юм. Гол судалгааны асуулт нь нэг машин замын хөдөлгөөнд нэмж оролцсоноор бусад машины хурдыг дунджаар хэдэн секундээр бууруулах вэ? Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийн бусад зорчигчид үзүүлж байгаа дам нөлөөг зам, цаг бүрээр нь тооцоолсон юм. Зам бүрийн ачаалал өдрөөр, цагаар өөрчлөгддөг динамик шинжтэй. Жишээлбэл, иргэн Түвшинжаргал жирийн ачаалалтай үед ажил руугаа явахдаа машинаар 30 минут зарцуулдаг гэе. Замын түгжрэлээс шалтгаалан 45 минут явбал нэмэлт 15 минут нь түүний цаг хугацааны алдагдал юм. Эдийн засгийн алдагдал нь энэ хугацаанд ямар ажил хийж, ямар орлого олох байснаар хэмжигдэнэ. Түүнчлэн, нийгмийн болон бусад алдагдал байж болно. Тухайлбал, гэр бүлтэй хамт өнгөрүүлэх мөч гэх мэт. Эдгээр нь тус тусдаа өртөг, үнэлэмжтэй. Бидний хувьд зөвхөн хугацааны алдагдлыг сонгож, эдийн засгийн өртгийг нь дундаж цалингаар үнэлсэн. Ингэснээрээ Бээжингийн замын ачааллыг харж байгаад аль замд ачаалал их байна түүнд хэдэн төгрөгийн татварыг хэдэн цагт ногдуулбал ачааллыг замуудын хооронд болон цаг хугацаанд жигд тархааж болохыг судалсан юм. Олон улсын жишигт зам төлбөржүүлэх олон арга бий. Жишээлбэл, Сингапур, Норвеги, Итали, Англи, Нидерланд, АНУ-ын зарим хотод та ямар төрлийн машиныг хэдэн цаг барьснаас шалтгаалан автоматаар мөнгө суутгадаг. Бидний судалгаа АНУ-ын эдийн засгийн ухааны шилдэг сэтгүүлийн нэг болох “American Economic Journal: Economic Policy ”-д хэвлэгдсэн бөгөөд өгөгдөл нь ховор байдаг тул чухал, ач холбогдолтой бүтээл болсон юм.
-Үе, үеийн Улаанбаатар хотын захирагч, албан тушаалтнууд түгжрэлийн асуудлын талаар ихээхэн ярьдаг. Мэдээж энэ асуудлыг ярих нь зөв, гэхдээ хангалттай шийдэл, гарц болсон зүйл үгүй. Сүүлд л гэхэд дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг барина хэмээн ярьж байна. Эдгээр төсөл түгжрэлийг бууруулах гарц байж чадах болов уу. Таны бодлоор замын түгжрэлийг шийдэж болохуйц ямар дорвитой арга зам бий вэ?
-Хөнгөн галт тэрэг, дүүжин тээвэр гэж ярьж байгаа. Яах вэ энэ боломжтой зүйл. Гэхдээ эдгээр нь хэдэн төгрөгийн зардалтай, манай улсад аль нь тохирох, хэр зэрэг түгжрэлийг бууруулах вэ гэдгийг судлах хэрэгтэй. Яагаад заавал агаарын дүүжин тээвэр барина гээд байгааг сайн мэдэхгүй байна. Энэ нь манай улсад хэрэгжсэнээр түгжрэлийг яг хэдэн хувиар бууруулах тооцоололтой байгаатай нь танилцаагүй учир сайн хэлж мэдэхгүй юм. Миний бодлоор бид бусад улсын тооцооллыг ашиглах бус өөрсдөө энэ талаар том зураглал гаргаж судалгаа хийх шаардлагатай. Жишээлбэл, хотыг дүүрэг тус бүрээр хувааж, ачаалал үүсгэж буй цэгүүдийг тодорхойлох хэрэгтэй. Өглөө хэдэн хүн хаанаас, хаашаа, ямар зорилгоор явж байгаагаа мэдэх нь эхний шат. Ийм наад захын хэмжилт хийсний дараа л ачааллыг хэдэн хувиар бууруулах эсэхийг ярих боломжтой. Тээврийн хэрэгслээр зорчиж буй хүмүүсийн хөдөлгөөнийг сайн мэдэж, хаана ачаалал байгааг зөв тодорхойлбол аль цэгт метро, хаана дүүжин тээвэр барихыг шийдэхэд дөхөм болно.
Замын түгжрэл бууруулах олон төрлийн бодлогууд байдаг. Жишээлбэл, дугаарын хязгаарлалт, замын татвар, автобусаар зорчигчдын төлбөрийг багасгах, бүсчилсэн татвар, метроны сүлжээг тэлэх зэрэг. Би докторын ажлын гуравдугаар сэдвээрээ энэхүү ялгаатай бодлогын хувилбарыг хооронд нь харьцуулж аль нь үр өгөөжтэйг Бээжин хотоор жишээлэн судалсан юм. Хүн бүр өөрийн гэсэн үнэлэмж, сонирхолтой. Ямар тээврийн хэрэгслээр явах нь тухайн хүний үзэл бодол, зан төлөвт суурилсан хувийн шийдвэр. Тэгэхээр хүн бүрийн зан төлөв, шийдвэр гаргалтын нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж,  ялгаатай бодлогын зорчигчид үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон юм. Судалгаагаар замын түгжрэлийн ачаалал бууруулах дээрх таван бодлогыг хооронд нь харьцуулахад хамгийн үр дүнтэй нь замыг сегмент бүрээр татваржуулах бодлого байсан юм. Энэхүү татварын бодлого дангаараа хэрэгжихэд хэцүү, мөн улс төрийн дэмжлэг авах талдаа ядмаг юм. Тиймээс уян хатан өөр бодлогыг хавсарган хэрэгжүүлэх ёстой. Манай орны хувьд иймэрхүү судалгааг одооноос эхлүүлэх хэрэгтэй юм. Үнэхээр л замын түгжрэлээ бууруулах зорилготой бол судалгаагаа нэмэгдүүлэх, өгөгдөл цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хүмүүсийн зан төлөвийг судлах хэрэгтэй. Ингэж байж хүн бүхэнд таарсан боломжит шийдэл гарах болно. Хот бүр өөрийн онцлогтой тул гадаадад хэрэгжүүлж буй бодлого харилцан ялгаатай, өөр юм. Тиймээс бид өөрсдийн оронд тохирсон судалгаа хийж, боломжит тооцооллыг гаргах нь зөв. Миний таамаглаж буйгаар явган хүний зам, дугуйн замыг нэмэгдүүлж, илүү сайжруулах хэрэгтэй. Энэ нь богино хугацаандаа үр дүн өгөх боломжит бодлогын нэг. Харьцангуй өртөг багатай, хурдан хэрэгжүүлэх боломжтой байдаг.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-Миний хувьд ажлаа 4-5 улсын цагийн хуваарьт тааруулж зохицуулдаг учир цаг хэмнэх нь их чухал. Иймд долоо хоногийн даваа гариг бүр хийх зүйлсээ төлөвлөдөг. Ажлын таван өдөр л ажиллана. Амралтын өдрийг 100 хувь амарна. Ингэснээр ирж буй долоо хоногт бүтээмжтэй ажиллах эрч хүчийг бий болгодог юм болов уу. Харин ажлаа хийхдээ төвлөрөн сууж, аль болох дахин засвар оруулахааргүй чанартай хийхийг зорьдог. Аливаа зүйлийг давтан хийх нь хамгийн их үрэлгэн зан юм уу даа.
undefined
-Та МУИС, Японы олон улсын их сургууль, АНУ-ын Аризона, Корнелл зэрэг шилдэг их сургуулиудыг төгсжээ. Багаасаа гадаадад суралцахыг зорилгоо болгосон уу?
-Социализмын үед өсөж торнисон учир хүүхэд байхдаа гадаад явна гэх мөрөөдөлгүй байлаа. Сумын төвөөр л амьдралыг төсөөлдөг байв. Орой зургаан цагт үндэсний телевиз гардаг, сонин, хэвлэлд ч энэ тухай тодорхой мэдээлэл байдаггүй тийм л хомс үе. Харин тавдугаар анги төгсөх жил сум хоорондын олимпиад болж, анх бусад сумын хүүхдүүд, шинэ орчинтой танилцах, улмаар аймгийн төв орох боломж олдсон. Амгийн төвийн хүүхдүүдийг харахад их мундаг, сайн санагдсан учраас аав ээжтэйгээ зөвшилцөн Сэлэнгэ аймгийн төв рүү шилжиж байлаа. Энэ хооронд мэдээлэлгүйн улмаас алдсан, одоо ч гэсэн харамсаж явдаг нэг зүйл нь Дархан хотын Монгол-Туркийн хамтарсан сургуулийн элсэлтийн шалгалтыг мэдэлгүй өнгөрөөж байсан явдал юм. Бидний үед мэдээлэл их хомс, хатуугаар хэлэхэд тодорхой мэдээлэл хаалттай байсан. Үүнээс болж цаг алдаж явсан үе бол маш олон. Үүнийг онцгойлон хэлмээр байна. Одоо бол эсрэгээрээ мэдээллээс их юм алга. Гадаадад тэтгэлгээр суралцах боломжтой юм байна гэдгийг хотод оюутан болж ирээд мэдэж, бэлдэж эхэлсэн. Улмаар Засгийн газрын тэтгэлгээр Япон явсан бөгөөд тухайн үед миний удирдагч багш нар надад АНУ тэр дундаа Корнеллийн их сургуулийн талаар мэдээлэл өгч, цааш докторт суралцах итгэл урам зориг өгсөн юм. Миний хувьд шат шатандаа л шинэ мэдлэг мэдээлэл олж авсаар докторын боловсролыг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл, Ерөө сум, Сүхбаатар хот, Улаанбаатар хот, Япон, АНУ, Швейцар гэсэн маршрутаар явж байна. Харин одоо цагт тэтгэлэгт хэрхэн бэлдэх талаар мэдээлэл элбэг болсон байна. Иймд хүн бүхэнд гадаадад боловсрол эзэмших боломж, бололцоо асар их болжээ. Гол нь шантрахгүй, тууштай байх хэрэгтэй. Хүний байгаа орчин өөрөө өрсөлдөөнийг бий болгодог. Тэр өрсөлдөөнийг даван туулж, хичээх тусам дараагийн шатанд дэвших юм. Хүн ямар ч орчинд байж болно. Гэхдээ тухайн орчиндоо хамгийн чадвартай, чанартай нь байснаараа дараа дараачийн боломжийг өөртөө нээх юм.
Миний хувьд боловсрол бол урт хугацааны хөрөнгө оруулалт. Чанартай боловсрол нэг талаас хувь хүний амьдралын баталгаа болно. Нөгөөтээгүүр, аливаа улс орны хөгжилд хүргэх гол хүчин зүйл бол боловсрол, эрүүл мэнд хоёр юм. Япон, Солонгос, Хятад зэрэг улс боловсролын зөв бодлого хэрэгжүүлж ирсэн, үр шимээ ч маш сайн өгсөн, одоо ч үр шимийг нь хүртсээр байна. Манай улсын хувьд боловсролдоо оруулж байгаа хөрөнгө оруулалт тун бага санагддаг. Тиймээс оюутан сурагчид илүү их чармайх шаадлагатай болж байгаа юм. Уул нь болдогсон бол уул уурхайгаас олж байгаа орлогын ихэнх хэсгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт цутгах хэрэгтэй. Үр шим нь урт хугацаандаа гарах нь дамжиггүй бөгөөд бусад салбарууд нь аяндаа тэтгэгдээд ирнэ.
-Боловсрол, ажлын туршлага гээд хувь хүн талаас өөрийгөө маш сайн боловсруулсан санагдлаа. Таны бодлоор орчин үеийн залууст хамгийн хэрэгтэй ур чадварыг юу гэж хардаг вэ?
-Хэд хэдэн чухал чадварууд бий. Үүнийг жишээлэн дурдвал:
  1. Хүмүүстэй харилцаа холбоо үүсгэх – Үүнийг хүүхэд байхаас нь зааж сургах хэрэгтэй. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох чадвар одоо үед их чухал болсон байна. Энэ нь амьдрал болон ажлын байранд ч нөлөөтэй.
  2. Зорилгоо зөв тодорхойлох – Юу хүсэж, юуг зорьж байгаагаа зөв тодорхойлж, түүндээ тууштай тэмүүлж чадвал амьдрал аяндаа боломжоор хангах болно.
  3. Ментортой болох – Ментортой байна гэдэг ажил, амьдралын карьерт их чухал нөлөөтэй. Зорьж, мөрөөдөж байгаа салбарын тогоонд чанагдан, туршлагыг олж авсан нэгнээс мэдэхгүй зүйлээ сонсож, зөвлөмж авах нь чамайг илүү хөгжүүлнэ.  
  4. Мэдэхгүй зүйлээ нэрэлхэлгүй асуух – Зарим оюутан залуус чадахгүй зүйлээ чаддаг юм шиг дүр эсгэх гээд байдаг талтай. Энэ нь их осолтой. Жишээлбэл, аливаа нэг оюутанд даалгавар өгөхөд 2-3 хоног алга болчихдог. Ингээд цаг дөхөж даалгавраа авах гэтэл дуусаагүй, гацчихсан байдаг. Хэрвээ болохгүй, гацсан бол тэр даруйд мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр цаг хугацаа ч хэмнэх болно.
  5. Аливаа ажлыг гал унтраах төдийхнөөр хийхийн оронд чин сэтгэлээсээ хийх буюу нэг ажлыг хоёр болгохгүй яс, чанартай гүйцэтгэх.
  6. Биеэ даах чадвартай, шинэ зүйлсийг эрэлхийлсэн хичээнгүй байдал амжилтад хүргэнэ.
-Амжилт гэж юу вэ. Амжилтыг та юугаар тодорхойлдог вэ?
-Амжилт гэдэг өөрөө субъектив ойлголт. Хүн бүр үүнийг өөр өөр өнцгөөс хардаг байх. Миний хувьд хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, аз жаргал мэдэрдэг хүнийг хэлнэ. Энэ өөрөө маш том амжилт юм.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Их сургуульд багшлах зорилготой. 
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн