Засгийн газраас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад буй. Тус хуулийн шинэчлэлтэй холбогдуулж аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох Монголиан гаид тур ХХК-ийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа.
-Манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон нөлөө үзүүлэх хуулийг шинэчлэх гэж байна. Энэ салбарт ажилладаг хүний хувьд тус хуулийн шинэчлэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас 2023-2025 оныг дуустал аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд жуулчдыг татах тодорхой ажлуудыг хийж, хууль зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, визгүй орнуудыг нэмэгдүүлэх бодлого баримтлаад эхэллээ. Мөн электрон визийг шууд хил дээр олгох асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж байна. Ер нь Аялал жуулчлалын салбарын хуулийг шинэчлэх ажил 2017 оноос эхэлсэн байдаг.
2022 оны аравдугаар сарын байдлаар манай улсад ойролцоогоор 200 мянган жуулчин ирсэн гэсэн мэдээ байна. Энэ тоонд Засгийн газар ач холбогдол өгч аялал жуулчлал харьцангуй хурдан сэргэх төлөвтэй байна гэж үзээд манай салбарт анхаарлаа хандуулж байна гэж харж байгаа. Ямар нэгэн тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт дунджаар 5-6 жил явагдсан байдаг. Гэтэл энэ удаагийн ковид цар тахлын дараах аялал жуулчлал манай улсын хувьд хоёр жилийн дотор сэргэж байна гэж хэлж болохоор байна.
-Аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ. Тэдгээрийг асуудлыг хуулийн шинэчлэлд хэр сайн тусгасан байна вэ?
-Аялал жуулчлалын салбарт замбараагүй, хариуцлагагүй үйл явдлууд их байдаг. Тухайлбал, дотоодын аялал жуулчлал дээр мориноос унаж бэртэх, нуруу нугасаа гэмтээх эсвэл гадагш аялах чиглэл дээр мөнгөө төлчихөөд гадаад улс оронд хаягдах, хөтөлбөрийнхөө дагуу үйлчилгээгээ авч чадахгүй байх, гадаадын жуулчид Монголд ирчихээд мөнгөө төлсөн компаниа хайх асуудлууд гарсаар байна. Ялангуяа үйлчлүүлэгчийг хохироодог асуудал манай салбарт сүүлийн үед ихэссэн. Яг үнэндээ өнгөрсөн 30 жилд дүрэмгүй, чөлөөт зах зээлийн байдлаар явж ирсэн гэхэд болно. Тийм учраас хохирлын асуудлыг багасгах, эрсдэлүүдийг буруулах, “би чадна” гээд хэн дуртай нь аялал жуулчлал эрхлээд байгаа асуудлуудыг цэгцлэх үүднээс “тусгай зөвшөөрөл”-ийн асуудлыг тус хуульд оруулж ирсэн. Гэвч чанаргүй аялал жуулчлал үзүүлж байгаа зарим нөхөд энэ тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж олон нийтэд буруу ойлголт өгөөд байна. Маш том хөрөнгө оруулалтуудыг босгоод, жил бүр татвараа төлөөд, олон арван ажлын байр бий болгоод тогтвортой ажиллаж байгаа байгууллагууд цөөнгүй бий. Үүний хажуугаар татвар төлдөггүй, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг нэр төдий компаниуд ч их бий. Ямар нэг зүйлд түвшин, хэмжээ хязгаар, дэг журам гэж байх ёстой. Мөн аяллын үйлчилгээний төрөл дээрээ үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байвал бид гадаадын томоохон аялал жуулчлал компаниудтай хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм. Хөрөнгө оруулагчид биднээс "танайх албан ёсны гэдгээ батлах, мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгээ илэрхийлэх ямар нэгэн бичиг баримт байна уу" гэж асуудаг, мөн шаарддаг.
-Сүүлийн жилүүдэд гадаад руу аялж яваа хүмүүс их хулхидуулж, хохирсон мэдээлэл маш их гарч байна. Шинэчилсэн хуульд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан гэж үзэж байгаа вэ?
-Тусгай зөвшөөрлийг олгож бүртгэлжүүлснээр яг ямар компаниуд гаднаас жуулчин оруулж ирдэг, ямар нь гадагш аялуулдаг, ямар нь дотооддоо аялуулдаг болох нь тодорхой болно. Үүнээс гадна аялал жуулчлалын хяналтын тогтолцоог бий болгохоор байцаагч нарын асуудлууд яригдаж байна. Төр засгийнхан бүх газар нутаг, үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй учир аялал жуулчлалын салбарт 10-20 жил ажилласан зочид буудлын эсвэл жуулчны баазын, тур операторын захирлыг шууд улсын байцаагчийн эрхтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол журмаар зохицуулагдах асуудал.
Мөн түүнчлэн нэг хүн 50 тэрбум төгрөг гаргаад жуулчны бааз барьчихсан байхад хажууд нь 5 сая төгрөгтэй малчин ирээд гурван гэр барьчихаж болохгүй гэж үзэж байгаа. Хуульд Монгол Улсын иргэн гэр бариад жуулчин хонуулах нөхцөлөөр аялал жуулчлалын үйлчилгээнд оролцож болох тухай тусгасан байгаа боловч баазын дэргэд болохгүй гэдгийг дагалдах журмаар зохицуулна. Тусгай хамгаалалттай тусгай бүсүүдэд жуулчны бааз бариулахгүйгээр малчдын эко гэрүүдийг байрлуулах гэх мэтээр дэмжих боломжтой гэж үзэж байна.
-Шинэчилсэн хуульд жуулчид отоглох цэгээс бусад газар байрласан тохиолдолд торгох зохицуулалтыг оруулж өгсөн байна. Энэ шийдвэр хэр оновчтой гэж харж байгаа вэ?
-Энэ асуудал дээр хуулийн найруулгыг хэн хийсэн вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Энэ хуулийн найруулга дээр эхнээс нь дуустал нь хуулийн мэргэжлийн хүмүүс суусан. Хуулийн мэргэжлийн хүмүүс сууж ажиллахдаа найруулга зүйн алдаа хийсэн байх гэж үзэж байгаа. Цаад санаа нь бол “Аялал жуулчлалын бүс дэх отоглох цэгээс өөр газарт майхан барьж буувал торгуулна” гэх утга санаатай. Тэрнээс биш Монгол орны нутаг дэвсгэрт хаана ч хамаагүй майхан бариулахгүй гэх агуулгатай өгүүлбэр биш юм. Энэ найруулгын алдаатай зүйлийг зарим хэсэг бүлэг хүн өлгөж аваад мушгин гуйвуулж сэвсэн. Энэ найруулга зүйн алдааг засуулах ёстой.
-Энэ хуульд нэмэлтээр оруулж ирж байгаа зүйлүүд дээр таны хувьд санал зөрөлдөж байгаа асуудлууд байгаа юу?
-Гаргасан хуулийн төсөл дээр санал зөрөлдөж байгаа асуудал хэд хэд бий. Тухайлбал, аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд заавал элсэх ёстой гэсэн нэг заалтыг эсэргүүцэж байгаа. Аливаа хүн өөрийн сонголтын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, гишүүнээр элсэх нь чөлөөтэй байх ёстой атал “заавал гишүүнээр элсэнэ” гэж заасан нь буруу.
Түүнчлэн төрийн гаргасан шийдвэрийг яам ямар нэгэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ гэж хуулийн 27.1 дээр заасан байгаа. Миний хувьд тухайн мэргэжлийн холбоог сонгохдоо өнөөгийн бодит байдал ямар байгааг нь харгалзан үзэх ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, олон жилийн тасралтгүй үйл ажиллагаатай, салбарыг төлөөлж чадахаар хүлээн зөвшөөрөгдсөн, орон нутагт салбар холбоодтой, гишүүдтэй холбоонд тулгуурлаад явах ёстой. Шинээр холбоо үүсгээд явна гэвэл энэ асуудал маш хэцүү болно. Яагаад гэвэл энэ салбарт маш олон чадамжгүй, амбицтай хүмүүс бий. Хурал, цуглаан дээр ирээд том, том юм ярьдаг хэрнээ хэрэгжилт байхгүй, бас хоорондоо таардаггүй байсан нөхдүүд гараа барилцчихсан явж байна билээ. Ер нь яагаад энэ салбарын асуудал одоо болтол цэгцлэгддэггүй, үе үеийн сайд нарын үед ч салбарын бодлого хэрэгждэггүй, төсөв сайжирдаггүй вэ гэхээр дотроо эв нэгдэлгүй байдагтай холбоотой, мөн “би чадна” гэдэг дүрэмтэй ч чаддаггүй 88 мянган “бага хаадууд” байгаатай холбоотой. Тэгэхэд бусад салбар ерөнхийдөө учраа олоод чадалтайгаа хүлээн зөвшөөрөөд бага багаар ахиж урагшлаад явчихлаа.
-Хөдөө орон нутгийн жуулчлалыг хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарч эрх зүйн зохицуулалт хийх ёстой вэ?
-Аялал жуулчлалын тусгай бүсийн асуудал яригдаж байгаа нь маш зөв. Тусгай бүс заавал хотын ойролцоо байх албагүй, өөр бүс нутгуудад ч хөгжүүлэх боломжтой. Ямар ч жуулчид Хөшигийн хөндийгөөс хот руу орж ирэхийн тулд 2-3 цаг түгжрэхийг хүсэхгүй. Тийм учраас Хөшигийн хөндий орчимд эхний аялал жуулчлалын тусгай бүс байх ёстой. Тэнд жуулчны бааз, зочид буудлууд, худалдааны төвүүд, музей зэргийг байгуулах хэрэгтэй.
-Аялал жуулчлалын сангийн асуудлыг хуульд оруулж өгсөн байсан. Үүн дээр байр сууриа илэрхийлнэ үү?
-Казино, бооцоот морин тойруулга зэргийг байгуулж орлогын тодорхой хувийг санд оруулахаар зохицуулсан байгаа. Тус сангийн мөнгөөр дотоодын нислэгийг тогтворжуулах боломжтой. Монгол Улсаас бусад улс орнууд гадаадын жуулчнаас татвар авдаг. 2019 онд Монгол Улсаас гарч байгаа жуулчид 619 сая ам.долларыг гадаад орнуудад зарцуулсан байдаг. Бид хилээр гарч байгаа монгол, гадаадгүй нэг хүнээс 10 мянган төгрөгийг “хураамж” хэлбэрээр авахад л хэдэн зуун тэрбум төгрөг цуглуулж чадна. Тэр мөнгөөрөө бид засаж чадахгүй байгаа асуудал болсон зүйлүүдээ засаж сайжруулаад явахад л аялал жуулчлалын хөгжил харагдана. Ядаж л Мэлхий хад хүртэлх замаа засмал болгочихно биз дээ.