Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Форбес: Цаатнуудын ид шидийн мэт амьдралтай танилцсан аяллын тэмдэглэл

Форбес: Цаатнуудын ид шидийн мэт амьдралтай танилцсан аяллын тэмдэглэл
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 21
Дэлхийн нэр хүнд бүхий Форбес сэтгүүлд Монголын олон ястан, үндэсний нэг болох цаатнуудын аж амьдрал, амьдрах хэв маягийг үлгэрийн мэт болох талаар өгүүлэх нэгэн фото нийтлэл хэвлэгджээ. Ингээд Форбес сэтгүүлийн энэхүү нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.
Тайга дахь амьдрал тийм ч хялбар биш. Урьдчилан тааварлахын аргагүй цаг агаар, зэрлэг чонын сүргийн аюул занал дунд ямар ч харилцаа холбоогүй, алслагдан аж төрнө гэдэг амаргүй.
Гэхдээ тэндхийн ард түмний амьдрал үнэхээр онцлог бас гайхамшигтай. Монгол Улсын алслагдсан хойд хэсэг болох Хөвсгөлийн тайгад аж төрөх цаатнууд нь дэлхий дээр үлдэж хоцорсон хамгийн сүүлийн цаа буга маллаж аж төрөх овог аймаг юм. Энд ердөө л 44 айл уламжлалт амьдралын онцлог хэв маягаа хадгалан үлджээ. Тэндхийн айл бүрийн амьдрал ахуй нь ганцхан зүйлээс л шалтгаална. Сүүгээр нь цай чанах, нүүдэл суудалдаа уналга болгон ашиглах зэргээр цаатнууд өдөр тутмын бүхий л зүйлдээ цаа бугынхаа ашиг шимийг хүртэж амьдарна.    
undefined
Би өөрт хэрэгтээ зүйлсээ баглаад эх орноосоо гарахдаа яг ийм онцгой цаатан айлд саатан үзэсгэлэнт тайгын байгаль дунд тэдний өдөр тутмын амьдралыг дэргэдээс нь мэдэрч, өдөр бүр иддэг амтат талхаа хэрхэн барьдаг болохыг нь сурах зорилго өвөртөлсөн юм. Ингээд би Ганбат болон Отгонцэцэгийнх гэх айлд очив. Айлын хоточ нохой шөнө дөлөөр зэрлэг чонын дайралтаас цаа бугын сүргээ хамгаалах бөгөөд миний бие цаатан түмний амьдралд нэвт хутгалдаж, чадах чинээгээрээ тэдний нэг юм шиг байх болно гэж бодсоор амарлаа.
Би бүтэн хоёр өдрийн турш ЗХУ-ын үеийн фургон машинтай бартаат шороон замаар явж, дараа  нь дахин хоёр хоног монгол морины нуруун дээр явсаар энд ирсэн. Миний амьдралдаа өмнө нь огт хийж үзээгүй энэ бүх, итгэмээргүй хүнд хэцүү туршлага нь дэлхий дээр үлдэж хоцорсон хамгийн сүүлийн цаатны соёлтой танилцах хүслийг минь огтхон ч мохоосонгүй.
undefined
undefined
Ганбат гэх цаатан айлын ердийн өдөр гэрийн эзэгтэй өглөөний таван цагт эртлэн боссоноор эхэлнэ. Тэрээр халуун, тухтай хөнжлөөсөө босож Монголчуудын уламжлалт гэр сууцаас огт өөр урцаасаа гаран цаа бугын сүргээ саана. Өглөөний цаг агаар бараг л хөлдөөж алах шахам. Гэвч гэрийн эзэгтэй нүүдэлчин түмний уламжлалт дээлээ өмссөн тул хүйтнийг үл ажирна. Тэрээр өнөөдөр саасан сүүгээ бяслаг болгохоор төлөвлөх аж.
Хэдий эрт ч гэлээ намайг энд хүргэж ирсэн малчин айлын ах дүү гурав цаатан айлд хүрэлцэн ирж ахуйн ажилд нь туслалцан өөрсдийн морио тааваар нь бэлчээнэ. Өглөөний хүйтэн цаг агаарт ах дуу гурвын хэн нь ч халуун кофе уугаагүй хэрнэ нүдэнд нойрмоглосон шинж үл ажиглагдаж, аз жаргалтай инээмсэглэн харагдана. Тайгын нам гүмд 18 адуу бэлчиж харагдана.
undefined
Өглөөний 10 цагийн үед би Отгонцэцэгийн эмээгийнд зочиллоо. Тэр 80 хол давсан настан аж. Түүний хараа жоохон мууджээ. Гэвч морь унах чадвар нь түүнд нэвт шингэн үлджээ. Гэхдээ өндөр настан цаатан гэдгийг сануулъя. Тэрээр бидэнд тайгын тухай гайхалтай түүхүүд ярьж, тува хэл дээрх уламжлалт дуугаа дуулж үзүүлсэн юм. Монгол хэлнээс өөр өвөрмөц аялгаар ярьдаг олон үндэстэн, ястан Монголд бий.
Түүний дуу сэтгэл зүрхний минь хамгийн нарийн утсыг хөндөж, өөрийн эрхгүй нулимс асгаруулж байсныг нуухгүй. Өндөр настны залуу үеийнхэнд хандаж хэлсэн сургаалыг би хэзээ ч мартаж чадахгүй. Тэрээр ярилцаж байгаад хэсэг азнаснаа “Хэрэв хэн нэгэнд уналга хэрэг болбол морио өг. Сайн хүн буцаагаад л морийг чинь хөтлөөд ирнэ. Өөрт байгаа зүйлээрээ үргэлж бусдад өгөөмөр бай” гэсэн юм. Ямар гайхалтай мэргэн ухаан бэ. Энэ үгс цаатан түмнийг төгс утгаар илэрхийлж байв. Хэдий чамд тийм ч их байхгүй ч үргэлж өөрт байгаа зүйлээрээ бусдад тусалж, эелдэг хандах нь цаатан түмний ёс суртахуун аж. Энэ ёс суртахуун тэднийг олон зуун жилийн тэртээгээс хатуу ширүүн байгалийг гатлахад нь тусалж өнөөдөртэй золгуулжээ.
undefined
undefined
Өдрийн хоол үнэхээр сайхан үнэртэнэ. Бид өндөр настнынд зочилсон хойгуур Отгонцэцэг гайхалтай хоол бэлтгэжээ. Энэ бүх сайхан уур амьсгалаас нь тэд намайг өөрсдийн нэг мэт халуун дотно хүлээн авч буй нь мэдрэгдэнэ.  
Өнөөдрийн өдрийн хоол бол зэрлэг ногоог сонгинотой гамбир. Тэд сонгиныг цаатны отгоос холгүй харагдах талаас түүжээ. Цаатнууд огт газар тариалан эрхэлдэггүй. Учир нь тайгын намгархаг хөрсөнд ногоо, буудай тарина гэдэг боломжгүй зүйл. Тиймээс тэд онгон байгалиас цэцэг, ургамал түүж хүнс болон уламжлалт эмчилгээний арга технологидоо ашиглана.
Отгонцэцэг махаа борцолж гэрийн гурилтай шөл хийнэ. Хийхэд маш хялбар хэрнэ гайхалтай амттай. Тэрээр борцоо урцынхаа урдхан талд шууд гадаа хатаана. Бараг өдөр бүр л амттай гэрийн борцтой гурилтай шөлөө иднэ. Гэсэн ч би хэзээ ч уйдаж, бас татгалзахгүй.
undefined
undefined
Үдээс хойш би Ганбат болон өвөөгийн хамтаар түлээний мод цуглуулж ирэхээр явлаа. Бид бүгд тус тусдаа нэг цаа буга унан, ахин нэгийг хөтлөн тайгын хөндийгөөр явцгаана. Энэ үед л би цаа бугын ашиг тус, яагаад тэднийг уналга, эдэлгээнд ашигладаг болохыг ойлгож авсан юм. Тэд морийг бодвол туурайгүй учир намаг балчиг ихтэй тайгыг туулах чадвар сайтай, илүү бүтээмжтэй аж.
Бид бараг цаг орчим явсны эцэст ойн захад хүрч мод бэлтгэн гар дүүрэн түлээтэй отог дээрээ буцаж ирлээ. Бид тус тусдаа нэг цаа буга хөтөлж явсан нь түүн дээр түлээгээ сайтар бэхлэн тээж ирэх учиртай байжээ. Отогтоо эргэн ирэхэд өнөөдрийн бүх ажил шувтрах тийшээ ханджээ. Харин зөвхөн өвөөд л бугын сүргээ манах ажил үлджээ. Хэдий тэр өдөржин ажиллаж, орой түлээ бэлтгэсэн боловч огтхон ч ажраагүй харагдана.
undefined
Өглөөний саалийн дараа бугын сүрэг хөндийг тойрон бэлчээрлэхээр гарав. Тэд орой гэхэд бүгд өөрсдөө буцаад ирнэ. Харин хугаш буюу зулзаганууд отгодоо уяатай чигээр бүгд эхийгээ бодон үлдэнэ. Нүүдэлчдийн нэг өдөр ингэж л үргэлжилнэ.  
Өнөө оройн зоог бол бууз. Энэ нь яг л банш шиг харагдана. Отгонцэцэг үүнийг бүгдийг нь өөрийн гараар хийсэн бөгөөд хажуугийн урцад хөрш айлын охин нүд салгалгүй маш няхуур жигнэж болгосон. Гэхдээ оройн хоолоо идэхээс өмнө дуусгах ёстой нэг чухал ажил бидэнд бий. Бид малын эмчээс антибиотиктой тос авчирсан бөгөөд үүнийг цаа бугануудынхаа шархтай хэсгүүдэд түрхэх ёстой.
undefined
undefined
Энэ бол өдрийн төгсгөл. Би цаатнуудын хамт өглөө таван цагт сэрсэн. Гэвч огтхон ч ядрахгүй байна. Миний өдрийн турш хийж буй юм бүхэн надад маш их эрч хүчийг өгч байгааг би мэдэрнэ. Гэхдээ энэ бол цаатнуудын хувьд тийм ч онцгой зүйл биш. Энэ бол тэдний хувьд байдаг л жирийн нэг өдөр. Тэд биднийг ирэхээс өмнө өдөр бүр маш их зүйлийг хийж, идэвхтэйгээр амьдарсаар ирсэн. Энд саатсан хэдэн өдөр ч ийм байлаа. Бидний явсны дараа цаашид ч ийм л хэвээрээ үргэлжилсээр байх болно. Энэ бол огтхон ч хялбар зүйл биш. Гэхдээ л цаатнууд маань үүнээс өөр амьдралын хэв маяг мэдэхгүй. Хүсэх ч үгүй байх. Учир нь  дэлхийн өөр хаана ч ийм амьдрал байхгүй. Энэ бүхнийг нэгхэн үгээр илэрхийлбэл: Ид шидийн гэмээр.
Эх сурвалж: Forbes
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн