Судлаач, эрдэмтэн Б.Оюунтай банкны салбартай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр системийн хэмжээнд 513 тэрбум төгрөгийн өрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. Энэ хүрээнд Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг УИХ хаалттай хэлэлцэж байна. Гэхдээ олон нийтийн дунд төрөөс банкуудын дутагдсан хөрөнгийг санхүүжүүлэх юм шиг ойлголт гараад байгаа. Нөгөө талд банкны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хуулийн төсөл гэж тайбарлаж байгаа л даа. Таны хувьд уг төсөлтэй танилцсан уу?
-Ерөнхийдөө танилцсан. Эхлээд банкны өөрийн хөрөнгийн дутагдал гэдгийг тайлбарлая. Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь төлбөрийн чадварыг сайжруулахад зориулагддаг. Банкинд итгэх итгэл, банкны төлбөрийн чадварыг сайжруулахын тулд өөрийн хөрөнгөө үнэлдэг. Нийт активаа эрсдэлээр нь жигнээд, нэг, хоёрдугаар зэргийн хүрэлцээ зэргээр тодорхой шалгуурыг тавьсан байдаг. Үүнийхээ дагуу бүх банк өөрийн хөрөнгийн шалгуураа хангасан байх ёстой. Саяны шалгалтаар илэрсэн 513 тэрбум бол нийт системд нөлөө үзүүлэх эрсдэл биш л дээ. Энэ дутагдлыг төр биш , банкууд өөрсдөө л үүрнэ. Төр гарч болох эрсдэлийг тооцож, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргийнхээ хүрээнд уг хуулийн төслийг хэлэлцэж байна гэж харсан.
Манай санхүүгийн тогтолцоо банк төвтэй, санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын нийт активын 95 хувийг арилжааны банкны салбар эзэлдэг. Банкны үйл ажиллагаа сайжирвал санхүүгийн зах зээл чадавхжина, санхүүгийн зах зээл өргөжвөл иргэдэд үзүүлэх үйлчилгээ нэмэгдэнэ. Ийм гинжин хамааралтай. Эсрэгээрээ банкны үйл ажиллагаа доголдвол нөгөө банк төвтэй санхүүгийн зах зээл сул дорой болно. Тиймээс банкийг чадавхжуулах нь эдийн засагт чухал ач холбогдолтой.
-Арилжааны банкууд л өндөр хүүтэй зээл олгож, хамгийн их ашигтай ажилладаг гэх ойлголт бий. Мөн банкуудын чанаргүй зээлийн өртөг, эрсдэлийг төр, иргэд үүрч байна гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ талаас нь харвал өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудыг төр дэмжиж байгаа биш үү?
-Банкууд хадгаламж хэлбэрээр мөнгө татаж, эргээд хэрэгцээтэй газар нь дамжуулж өгдөг санхүүгийн зуучлагч шүү дээ. Банк энэ үүргээ биелүүлэх ёстой. Зээлийн чанар муудаж байгаа ч иргэдээс татсан хадгаламжийн эх үүсвэрээр үүргээ биелүүлж зээл олгоно. Энэ талаас нь харвал, банкууд төрийн болон иргэдийн мөнгийг үрэн таран хийгээд байна гэж шууд ойлгож болохгүй, зохицохгүй. Банк зээл олгохдоо аль болох эрсдэлээ тооцож олгодог. Зээлийн эрсдэлд хамгийн их нөлөөлдөг зүйл бол эдийн засгийн ерөнхий төлөв байдал. Эдийн засаг ерөнхийдөө муудаад ирэхээр зарим салбарт олгосон зээл мууддаг. Зээл авсан аж ахуйн нэгж зээлээ төлөхөд бэрхшээл тулгардаг. Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг хоёр зорилготой гэж харж байгаа. Нэгд, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр зээл өгөх боломж нь нэмэгдэнэ. Хэр хэмжээгээр зээл өгнө, тэр хэмжээгээр орлого олж, ДНБ өсч, эдийн засаг тэлэх боломжтой. Хоёрт, муу зээл ихэслээ гэхэд эрсдэлээс сэргийлсэн хамгаалах сан хүчтэй байх ёстой. Иргэдийн хадгаламжийг авч, зээл өгөөд, өгсөн зээл нь муудлаа гэхэд тухайн хүмүүсийн хадгаламжийг буцааж өгөх чадамжийг нь дээшлүүлдэг сангийн үйл ажиллагааг бэхжүүлнэ. Энэ нь зээлийн эрсдэлийн сан юм. Зээлийн эрсдэлийн санг сайжруулна гэдэг нь хадгаламж эзэмшигч нарыг хамгаалж байгаа арга хэмжээ гэж ойлгох ёстой.
Ер нь хөрөнгөжүүлнэ гэдэг чинь бэлэглэж байгаа бэлэг биш шүү дээ. Хөрөнгө оруулсан бол эргэж авах, тэр хэмжээгээр эдийн засаг дахь үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж өгч байгаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс банкуудыг дэмжиж, сайжруулаад байна гэж шууд ойлгож болохгүй л дээ.
Үнэхээр зээлийн хүүгээ бууруулмаар байвал хадгаламжийн хүүгээ бууруулах хэрэгтэй
-Эдийн засгийн нөхцөл байдал муу байсантай холбоотойгоор системийн хэмжээн дэх чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн.Чанаргүй зээлийн чанараа сайжруулахад банкууд ямар менежмент барьж ажиллах юм бэ?
-Аливаа зээлийн эрсдэлийг хоёр чиглэлээр тодорхойлдог. Нэгд, макро төвшинд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаагаас хамаарна. Хоёрт, тухайн зээлдэгчийн өөрийнх үйл ажиллагаа ямар байгааг судалж, үүний дараа банк зээл олгодог. Зээлээ муутгахгүйн тулд судалгаа шинжилгээгээ сайтар хийхээс гадна эдийн засаг дахь банкуудын үүрэг чухал. Банк судалгаагаа сайн хийж, зөв хүнд нь аж ахуйн үйл ажиллагааг дэмжээд зээл олговол эдийн засаг дагаад сайжирна. Эдийн засгийн суурь нөхцөл сайжрахаар муу зээл гарах нөхцөл багасна. Эрсдэлээс айж, болгоомжлоод зээл олголтоо зогсоовол эсрэгээрээ эрсдэлтэй зээл улам л нэмэгдэнэ.
-Санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаараа банкны салбар эзэлж байна гэж сүүлийн 28 жил ярилаа. Цаашид санхүүгийн зах зээлийн банкнаас хараат байгаа байдлыг бууруулж, зөв гольдролд нь оруулах боломж байна уу?
-Энэ нь төрийн явуулах бодлогоос л ихээхэн хамаарна. Нөгөө талд банкны гол өрсөлдөгч нь үнэт цаасны зах зээл. Үнэт цаасны арилжаа нь урт хугацааны мөнгөн дээр ажилладаг бол банк богино хугацаатай мөнгөн дээр ажилладаг. Санхүүгийн зах зээл дэх банкны эзлэх хувийг бууруулна гээд банкуудыг хаах, тоог нь багасгах ёстой гэсэн ойлголт огт байж болохгүй. Банкны салбарын тогтвортой байдлаа хадгалахын хажуугаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, дэмжих бодлого явуулах ёстой. Банкны салбарыг зогсоож байгаад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлье гэж ярих нь зохимжгүй юм. Хоёуланг зэрэг л хөгжүүлэх арга хэмжээг авах ёстой.
-Зарим өөрийн хөрөнгийн дутагдалтай, үйл ажиллагаа нь доголтой байгаа банкуудын нэрийг зарлах хэрэгтэй гэж иргэд, олон нийтээс шаардаж байна. Гэтэл банк өөрөө хадгаламж эзэмшигч дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэрийг нь зарлах нь нэг талаараа маш эмзэг гэдэг. Ер нь хөрөнгийн дутагдалтай банкийг зах зээлд зарлачихвал ямар эрсдэл үүсэх вэ?
-Банк бол итгэлцэл дээр тогтож, үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Банкинд итгэж хүмүүс мөнгөө хадгалуулдаг, банк нь иргэд, ААН-дээ итгэж зээл олгодог. Тиймээс хөрөнгийн дутагдалтай банкийг ил тод зарлана гэдэг нь банкны хувьд эрсдэл өндөртэй. Тухайн нэг банкинд эрсдэл гарвал хадгаламж эзэмшигчийг хамгаалж Хадгаламжийн даатгалын корпораци үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь маш том хамгаалалт. Банк нь итгэлцлийн эмзэг байгууллага учраас эрсдэлтэй процесс ярих нь тухайн банкаа унагаахаас гадна эдийн засгаа дагуулаад татчих аюултай. Банкны эдийн засагт нөлөөлж байгаа үүрэг нь их учраас банк сайн ажиллаж байж л эдийн засаг хөгжинө.
-Банкны салбарт яригдаж байгаа дараагийн гол асуудал бол зээлийн хүү. Зээлийн хүүг бууруулна, бууруулахгүй гээд маргаад байгаа. Эдийн засагч хүний хувьд харахад, өнөөгийн нөхцөлд зээлийн хүү буурах орчин бүрдсэн юм уу?
-Миний хувьд зээлийн хүү бууруулах орчин бүрдээгүй байна гэж хэлнэ. Мөн захиргаадалтын аргаар бүхнийг шийдэх нь буруу. Байж болох ганц арга нь зээлийн хүүг бүрдүүлдэг хадгаламжийн хүүг бууруулах чиглэлд анхаарч ажиллах ёстой. Монгол Улсын хадгаламжийн хүү дэлхийд хаана ч байхгүй өндөр. Манай улс зээлийн хүүгээ бууруулмаар байгаа бол эхлээд хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Хадгаламжийн хүү буурснаар хүмүүс хадгаламжаас мөнгөө авч төсөл, хөрөнгийн зах руу оруулна. Хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа хувьцаа, бондыг худалдан авснаар эргээд хөрөнгийн зах зээл хөгжих суурь болно. Ийм өндөр хүүгээр хадгаламж татаж байгаа нь эдийн засгаа уналтад л оруулна. Энэ чиглэл төрөөс зоригтой арга хэмжээ авах ёстой. Хадгаламжийн хүү бууруулах хүмүүс хөрөнгөө татчихна гэж айх хэрэггүй. Мөнгөө авлаа гэхэд сайн хөрөнгө оруулалтууд л хийнэ.