Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр цагаатгагдсан Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлыг хойшлуулжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбат, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэх явцад хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Э.Билгүүн, Д.Хишигбаяр, Д.Баттулга нарын гаргасан “...шүүх бүрэлдэхүүнээс татгалзах...” тухай хүсэлтийг хуульд зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх тул шүүгдэгч Б.Эрдэнэбат, цагаатгагдсан этгээд Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр хойшлуулжээ.
“Эрэл” компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох тухайд дахин сануулахад:
Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин түүний эхнэр шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Хэргийг эргэн сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг.