Монголдоо дүүпүү, шар буурцгийн соёолж үйлдвэрлэж байгаа “ДАВААТӨГӨЛДӨРБИЛЭГ” ХХК-ийн захирал Б.Амарбаясгалантай ярилцлаа.
-Дүүпүүний үйлдвэр Монгол Улсад их ховор байгаа байх. Яагаад дүүпүү, шар буурцаг үйлдвэрлэх болсон вэ?
-Анх 2014 онд өөрийн компаниа байгуулж дүүлүү үйлдвэрлэж эхэлсэн. Тухайн үед манайд шар буурцаг, дүүпүү хийдэг газар огт байдаггүй, дандаа урдаас оруулж ирж худалдаалагддаг байсан. Иймд яагаад би үүнийг эх орондоо үйлдвэрлэж, хийж болохгүй гэж бодсоны үндсэн дээр хийж эхэлсэн. Мөн ургамлаар цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголчууддаа нийлүүлэх юмсан гэж бодсон. Хамгийн их сонирхол татсан зүйл бол шар буурцагны соёолж тариалдаг нь их анхааралд өртсөн. Яагаад гэвэл шар буурцагны соёолж нь 18-20 градусын дулаанд усанд ургадаг ургамал. Монголд тариалах нь маш хэцүү. Тухайн үед Хятад улсаас хүмүүс орж ирж шар буурцагны соёолж тариалж байсан, тэд нараас санаа авсан. Одоогийн байдлаар Монголд дүүпүү, шар буурцагны соёолж хийдэг таван үйлдвэр байна. Би анх таван ажилтан авч технологио өөрөө тэд нартаа зааж, сургаж үйлдвэрээ нээж байлаа.
-Үйлдвэр хаана, хаана бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа вэ?
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 30 гаруй ресторан, зоогийн газруудад түгээлт хийж байгаа. Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүд болох И-Мартад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
-Шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэлүүд маш их гардаг. Ялангуяа Монголд хийдэггүй бүтээгдэхүүнийг хийнэ гэдэг маш зоригтой алхам шүү дээ.
-Хүндрэл маш их байсан. Тухайн үед бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг иргэд хүнсэндээ төдийлөн сайн хэрэглэдэггүй, мэддэггүй байсан. Үүнийгээ дагаад зах зээл дээрх борлуулалт маш багатай. Гаднаас оруулж ирж байгаа хүмүүс нь ихэнх газруудад нийлүүлдэг байсан. Тийм үед бүтээгдэхүүний нийтэд таниулах, зах зээл дээр хөлөө олох гээд нэлээд асуудал гарсан.
Түүнчлэн үйлдвэрлэл явуулах эрүүл ахуйн шаардлага хангасан байр маш чухал. Үйлдвэрлэлээ явуулах өөрийн гэсэн байр байхгүй байсан учир сүүлийн таван жил бид түрээсийн байраар явсан. Үүний хажуугаар ажилчдаа цалинжуулна, түүхий эд материалаа гаднаас оруулж ирнэ, ус, цахилгааны төлбөр, татвар гээд зардал маш өндөр. Энэ бүгдийг зохицуулж явахад хүндрэл их гарч байсан учир хоёр ч удаа үйлдвэрээ зогсоодог юм билүү гэсэн хүнд байдалд хүрч байсан. Гэхдээ нэгэнт зориглоод эхлүүлсэн бизнесээ зогсоохыг хүсээгүй хүндрэл бүрийг давж зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан.
-Хоёр ч удаа больё гэж бодож байсан гэлээ. Үйлдвэрийг хөл дээр нь босгоход юу нөлөөлсөн бэ. ЖДҮ-ийн зээлд хамрагдаж байсан уу?
-Маш хэцүү үед өөрөө төслөө бичээд зуслангийнхаа газар үйлдвэрээ барьсан. Тухайн үйлдвэрийнхээ бохир, цэвэр усыг яаж шийдэх үү гэх мэт их асуудалтай үедээ ЖДҮ-ээс зээл авч байсан. Тухайн үед ЖДҮ-ээс 70 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрт тулгамдаж байсан хүнд асуудлаас гарч байсан. ЖДҮ-ээс зээл авч чадсан нь бизнест маань маш их тус дэм болж өгсөн. Зээлд хамрагдахаас өмнө түүхий эд буюу шар буурцгаа Хятадаас 2, 3 шуудайгаар нь захиж авдаг байсан. Одоо 20, 30 шуудайгаар нь хэдэн сарынхаа хэрэгцээг татаад авч чаддаг болсон. Над шиг жижиг бизнес эрхэлдэг хүнд хэцүү үед жижиг, дундын зээл ямар их хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн.
Одоо цар тахлын нөлөө үйлдвэрт маш их мэдэгдэж байгаа. Яагаад гэвэл өөрийн гэсэн үйлдвэртэй болсон, зах зээлд борлуулах бүтээгдэхүүнүүд бүгд бэлэн байхад ресторан, зоогийн газар нээгдэхгүй, худалдан авалт бага болохоор их хүнд байгаа. Гэхдээ ямар ч байсан ажлын байраа хадгалж ажилчдынхаа цалинг ямар ч байсан тасалдуулахгүй гэж хичээж явж байна.
-Түүхий идээ урдаас авдаг гэлээ. Цар тахлын энэ үеүдэд түүхий идээ авч чадаж байна уу?
-Түүхий идээ авч чадаж байгаа. Цар тахлын үед нэг хэсэг хэцүү байсан ч гэсэн олон сарын хэрэглээгээ татаж авч чаддаг болсон учраас нэг авахдаа 3-4 сарын түүхий идээ аваад хураачихсан байгаа. Одоо бол дөрөвдүгээр сар хүртэл ямар ч байсан түүхий эдийн нөөцтэй байгаа.
-Танай үйлдвэртэй адилхан үйл ажиллагаа явуулдаг таван үйлдвэр байгаа гэсэн. Тэдгээрээс танайх юугаараа онцлог вэ?
-Бусад үйлдвэрүүдээс ялгарах зүйл манайд маш их байгаа. Тухайлбал манайх дүүпүүгээ лавладаггүй, түүнчлэн борлуулалт хийх өмнөх өдрийн орой нь захиалгаа авдаг учраас бүтээгдэхүүн хонодоггүй. Үүнээс гадна манайх шингэн дүүпүү гэж гаргаж байгаагаараа илүү онцлог бас найдвартай.
-Дүүпүү, шар буурцаг хүний биед ямар ашиг тустай вэ. Та ярианыхаа эхэнд хэлж байсан хүмүүс хүнсэндээ төдийлөн сайн хэрэглэдэггүй байсан гэж. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн мэдлэг хэр өндөр байна гэж бодож байна вэ?
-Ихэн үеэ бодвол хүмүүс маш их мэддэг болсон. Анх борлуулалтаа хийж байхад төдийлөн сайн мэддэггүй байсан. Одоо бол дүүпүү ургамлын уураг гэдгийг мэддэг болсон. Мөн мах оруулдаг гэдгийг ойлгодог болсон.
Шар буурцгийг тээрэмдэх явцад сүү гардаг. Тэр сүүгээ яг бяслаг шахаж байгаа юм шиг шахаж дүүпүүг хийдэг. Тийм учраас дүүпүү бол цэвэр ургамлын уураг. Шар буурцаг бол төрөл бүрийн эмийн орцод ордог хүний биед маш сайн ургамал. Түүнчлэн хоолонд маш сайн амт, чанар оруулдаг. Шар буурцагнаас гарч байгаа сүү хүний дотор эрхтнийг цэвэрлэдэг.
Шар буурцагнаас хаях зүйл байдаггүй. Буурцагнаас гарах хаягдал нь мал маш сайн учир малын тэжээл болдог. Малын сүүний гарц сайжруулдаг, тамир тэнхээ оруулдаг учир малчид маш их авдаг.