Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Салют худалдан авч, буудуулахдаа дараах зүйлсийг анхаараарай

Салют худалдан авч, буудуулахдаа дараах зүйлсийг анхаараарай
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 27
Шинэ он гарахад дөрвөн хоног үлдлээ. Он солигдох торгон агшинд салют ихээр буудуулдаг. Гэхдээ салютын тэнгэрт гялалзах өнгө өнгийн гэрэл, тас няс хийх чимээ шинэ жилийн уур амьсгалыг оруулж, догдлох мэдрэмж өгдөг ч аюул дагуулах эрсдэлтэй зүйл.
Сүүлийн жилүүдэд салют хэрэглэх хууль дүрэм чангарч, худалдаалах газар ч ховор болсон. Гэвч аюулт хэрэгслийг дүрмийн дагуу ашиглахгүй бол гэнэтийн ямар ч осол гарахыг үгүйсгэхгүй.
2010 онд 10 хүн пиротехникийн хэрэгслээс болж эрүүл мэндээрээ хохирч байсан. Харин 2011 онд 21 хүн гэмтсэн бөгөөд тэдний ес нь хар, улаан өнгийн “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” төрлийн салютыг худалдан авч, англи хэл дээр бичсэн “гар дээрээс буудуулж болохгүй” гэсэн зааврыг мэдээгүйн улмаас гарын сарвуу, бугалга, хурууны үе нь тасарч байсан гэх мэт сэтгэл сэрдхийлгэм тохиолдол болж байсан.
Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдан борлуулахыг хориглосон тогтоол гэх мэт дүрэм журмын дагуу зориулалтын газраас худалдан авч, ашиглаж хэвшвэл дээрх тохиолдлууд болохгүй нь дамжиггүй. Тогтоол журамд пиротехник хэрэгсэл, салют, бенгалын гал зэргийг ашиглахдаа шаардлагатай тохиолдолд мэргэжлийн операторчин авах ёстой хэмээн тусгасан байдаг. Тодруулбал, үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглан үзүүлбэр үзүүлэх эрх бүхий ажилтныг пиротехникийн хэрэгслийн операторчин гэдэг. Энэ нь салбарын холбогдох их сургууль, мэргэжлийн хяналтын байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу операторчинг тэсэлгээний курст сургаж мэргэжлийн комисс шалгалт авч үнэмлэх олгосон байдаг бөгөөд уг комисс шалгалт авсны үндсэн дээр   хоёр жил тутамд операторчны үнэмлэхийн хугацааг сунгадаг байна. 
Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий. Ойрын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хууль бусаар борлуулж буй зөрчил дутагдлыг залруулсаар байгаа билээ. Гэхдээ салют худалдан авах, буудуулах үедээ өөрийн аюулгүй байдлыг урьдчилан анхаарч боломжтой байх нь юу юунаас илүү чухал учир дараах зөвлөгөөг хүргэе.
Салют худалдан авахдаа
-Найдвартай, худалдаалах зөвшөөрөлтэй газраас авах
-Худалдан авч буй салютын хайрцаг, савлагаанд үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээллийг бүрэн агуулсан байгаа эсэхийг анхаарах
-Шошго нь үзүүлэлт, нэр модел, үйлдвэрлэсэн газрын хаяг холбоо барих мэдээллийг агуулсан байгаа эсэхийг шалгах
Салют буудуулахад бэлдэх
-Салют нь тэсрэх бодис тул дээд зэргийн анхаарал, болгоомжтой ажиллагаа шаардана. Шидэх, цохих, доргиох, кран, дэгээгээр зөөвөрлөх зэргээр элдэв гэмтэл оруулах болон ил галын ойролцоо баглааг задлахыг хориглоно. Салютыг чийгтэй газар, галын аюултай орчинд мөн халуун орчинд хадгалахыг хориглоно.
-Насанд хүрсэн хүн буудуулна
-Салютыг буудуулж буй хүн аюулгүй шил, бээлий өмссөн байх, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай
-Тэгш, хатуу гадаргуу дээр салютыг байршуулна
-Буудуулах гэж буй салютын ойр хавьд шатамхай зүйл, тэсэрч дэлбэрэх бодис байх ёсгүй ба бусад салютаас хол байлгах
-Салютын буудлагыг хамгийн багадаа 30 метрийн зайнаас үзэх
-Хүн ам, байшин барилга төвлөрсөн газар буудуулахгүй байх
-Хэрэв пиротехникийн хэрэгсэл гацсан тохиолдолд аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлан түүнийг үзвэрийн газраас зайлуулах, устгах арга хэмжээ авч, энэ тухай мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
-Ямар нэгэн хар нунтаг буюу дарь асгарсан байвал салютыг огт ашиглаж болохгүй.
-Буудлага дууссаны дараа аюултай бүсэд гадны хүн орохыг хатуу хориглоно. Салютыг буудуулсны дараа тэсэлгээний хогийг сайтар цэвэрлэж, цаасан хоолойн үлдэгдлийг ачиж тээвэрлэж хаяна.
Түүнчлэн БНХАУ-аас болон бусад орноос оруулж ирсэн хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар тодорхой бус, хямд үнэтэй пиротехникийн хэрэгслээр буюу салютаар буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөхгүй чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгөнд аюул учруулж болзошгүй тул пиротехникийн хэрэгслийг аль болох худалдан авахгүй, авч байгаа тохиолдолд зөвшөөрөлтэй газраас авч, мэргэжлийн хүнээс буудуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн