Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

С.Хулангаа: Биед уураг ихэдвэл бөөрний дутагдал, элэг өөхлөх, хатуурах өвчин үүснэ

С.Хулангаа: Биед уураг ихэдвэл бөөрний дутагдал, элэг өөхлөх, хатуурах өвчин үүснэ
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 24
Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, Монгол үндэсний шигшээ багийн хоол зүйч С.Хулангаатай эрүүл хооллолтын талаар ярилцлаа.
-Нүүрс ус, уураг, өөх тосны харьцаа зохистой байвал хүний бие эрүүл байна гэдэг. Энэ гурвын харьцаа ямар байх ёстой вэ?
-Хоногийн хоолны 50 хувийг нүүрс ус эзэлбэл зохистой. Гурил, будаа, талх таны идэх ёстой зүйлийн тал нь байх нь байна шүү дээ. Тэгээд 15-18 хувь нь уураг, үлдсэн хувь нь өөх тос байвал зохистой харьцаа болно. Гэхдээ тамирчин эсвэл эмчилгээтэй хүнийх бол бас өөр байна.
-Монголчуудын хувьд махны хэрэглээ өндөр учраас уургаа ер нь авчихдаг байх. Сүүлийн үед тамирчин бус хүмүүс нэмэлт уураг их хэрэглэх болжээ. Энэ нь зөв үү?
-Сүүлийн үед фитнессээр хичээллэж байгаа хүмүүс уургийг нэмэлтээр их ууж байгаа нь үнэн. Энэ нь элэг, бөөрөнд хамгийн их ачаалал өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Чиа үр гээд бүсгүйчүүд их ууж хэрэглэдэг дээ. Энэ үр хүний биеийн жинг бууруулдаг, сахар тогтворжуулдаг, биеийн гадар өөхийг багасгадаг, эрүүл мэндэд тустай гээд байдаг байсан. Саяхан мэргэжлийн хоол зүйчид чиа үр болон маалингийн үр нь эрүүл мэнд, гоо сайхны ямар нэг ач холбогдолгүй, зөвхөн омега-3 маш өндөр гэж дүгнэсэн. Тэгэхээр жин бууруулдаг, сахар тогтворжуулдаг гэдэг нь цаанаа тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа компанийн кампанит ажил байсан байгаа юм. Яг үүнтэй адил монголчуудын туйлшраад байгаа зүйл нь уургийн өндөр хэрэглээ. Энэ нь магадгүй цаанаа уургийн компаниудын кампанит ажил байж мэдэх юм. Хүмүүс мэргэжлийн хоол зүйчдээс зөвлөгөө авахгүй, фитнессийн багш, эргэн тойрны хүмүүсээсээ зөвлөгөө аваад уураг уучихдаг.
Зарим фитнесс хоолны дэглэм дээр нэмээд ямар нэг компанийн уургийг заавал давхар уух төлөвлөгөөтэй байдаг. Тэр нь мэргэжлийн хоол зүйчдийн гаргасан гэхээс илүү ямар нэг компанийн бизнесийн сурталчилгаа байдаг. Тэрийг мэдэхгүйгээр фитнесст дөнгөж явж эхэлж байгаа, биеийн жингээ буулгах гэж байгаа хүмүүс уураг хэрэглээд байдаг. Уургийг мэргэжлийн тамирчид ажиллах чадвартай булчингийн массаа нэмэхийн тулд тодорхой хугацаанд уудаг. Уургийг тасралтгүй урт хугацаанд ууж болдоггүй. Хоол зүйч эмчийн хяналтад тодорхой хугацаагаар уугаад зогсоох ёстой. Ялангуяа хүнснээс уураг авах чадваргүй буюу мах, өндөг иддэггүй хүмүүс нэмэлт уургийг уудаг. Гэтэл манай иргэд махны хэрэглээ ихтэй, хоол хүнснээсээ уургаа авах чадвартай мөртлөө уургийг нэмэлтээр ууж хэрэглэж байна.
-Уураг илүүдвэл хүний биед ямар сөрөг нөлөө гарах вэ?
-Нүүрс ус, өөх тос хүний биед илүүдвэл хадгалагдчихдаг. Харин уургийн илүүдэл бөөрөөр дамжаад шээс болон гадагшилдаг. Жишээ нь, би хоногт 90 гр уураг хэрэглэх ёстойгоос 120-ыг хэрэглэчихвэл хүний бие илүүдэл 30 гр уургийг задлаад биеэс гадагшлуулна. Маргааш хэрэглэнэ дээ гээд нөөцөлж авдаггүй. Тэгэхээр 90 гр-ыг л задлах ёстой миний бие 120 гр-ыг өдөр болгон задлаад байхаар бөөр болон элэг илүү цагаар ажиллаад байна гэсэн үг. Энэ чигээрээ удаан хугацаанд байвал бөөрний дутагдал, элэг хатуурах, элэгний үйл ажиллагаа доголдох, элэг өөхлөх зэрэг өвчин үүснэ.
-Тэгвэл энгийн иргэд уургийг хэрхэн зохистой авах вэ?
-Уургийг зүгээр л хоол хүнснээсээ л ав. Өдөрт мах, өндгөө ид. Хэрэв цагаан хоол иддэг бол дүпү болон шош, вандуйг зохистой харьцаагаар идэх хэрэгтэй. Фитнесст дөнгөж орж байгаа, зөвхөн биеэ галбиржуулах зорилготой бол нэмэлт уураг хэрэглээд хэрэггүй. Уургаа зөвхөн хоолоороо зохицуул. Иргэд шим тэжээлийн мэдлэггүй учраас нэг зүйл рүү амархан туйлшраад байна. Саяхан нэг хэсэг кето дэглэм их барилаа. Энэ бол уургийн маш өндөр дэглэмтэй, бөөрөнд их ачаалал өгдөг учраас тодорхой хугацаанд бариад зогсох ёстой.

Яг одоо таны идэж байгаа хоол 10 жилийн дараах таны эрүүл мэндийг тодорхойлно

undefined
-Хүмүүсийн дунд уургийг их авч, нүүрс усыг бага авбал сайн гээд гурил, будаа идэхгүй байх тохиолдол бас байдаг юм билээ?
-Харин тийм шүү. Би нүүрс усыг өмөөрмөөр байдаг юм. Яагаад гэвэл нүүрс ус бол бодисын солилцоог зохицуулж байдаг хамгийн гол үндсэн шимт бодис. Хүмүүс нүүрс ус хэрэглэхгүй бол тураад гоё болчихно гээд байдаг. Гэтэл тийм биш. Тархины үйл ажиллагаанд нүүрс ус хамгийн хэрэгтэй. Уураг ихтэй, нүүрс ус багатай хоолны дэглэмийг удаан барьвал бодисын солилцооны хямралд орж, маш их ядардаг. Надаас олон хүн зөвлөгөө авахаар холбогддог л доо. Тэд яг над дээр ирэхдээ аль хэдийнээ бодисын солилцоогоороо наадчихаад ирдэг. Хүмүүс янз бүрийн дэглэм бариад л, болиод л ирэхээр бодисын солилцоо нь хэвийн биш болчихдог юм. Дэглэм бариад гурван кг хасчихаад буцаж дөрвөн кг нэмээд, дахиад таван кг хасаад гэх мэтээр явсаар байгаад хоёр гурван жилийн дараа 5-6 кг нэмээд үлддэг тохиолдол байна. Энэ хооронд хүн булчингийн массаа алдаад байгаагаа ойлгодоггүй. Долоо хоногт 3-аас дээш кг хасч байгаа бол булчингийн массаа алдаж байна гэсэн үг.
-Уг нь булчингийн массаа авч үлдээд гадар өөхөө шатаах хэрэгтэй биз дээ?
-Тийм. Өөхөө шатаах ёстой. Булчин бол хүний амьдрах чадварт маш чухал. Булчингийн масс ихтэй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад бага өвддөг, ханиадыг амархан давдаг. Би амархан турдаг, хурдан турдаг гэж ярьдаг хүмүүс урт хугацаандаа жин нэмээд байдаг. Ингэж жин нэмэгдвэл яг хуучин шигээ болдоггүй. Тиймээс янз бүрийн дэглэм барьж битгий бодисын солилцоогоо хямраагаарай гэж захимаар байна.
-Та уншигчиддаа хандаж зөвлөгөө өгнө үү?
-Яг одоо таны эрүүл мэнд таны 10 жилийн өмнө идсэн хооллолттой холбоотой. Тэгэхээр одоо таны идэж байгаа хоол 10 жилийн дараах таны эрүүл мэндийг тодорхойлно. Тиймээс хооллолтдоо маш сайн анхаарах нь чухал юм. Хүн амын нас баралтын 80-85 хувь нь хооллолтой холбоотой. Нас барах шалтгааны 80 хувь нь хоолтой холбоотой байхад хоолоо зохицуулаад идчихвэл нас барах магадлал нь 80 хувиар буурч байгаа юм.  
-Ярилцсанд баярлалаа
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн