Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Владимир Путин бүх насаараа халдашгүй бүрэн эрхтэй байх хуулийн төслийг өргөн барилаа

Владимир Путин бүх насаараа халдашгүй бүрэн эрхтэй байх хуулийн төслийг өргөн барилаа
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 7
ОХУ-ын хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхийг бүх насаар нь хангах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан талаар тус улсын төрийн мэдлийн "Tass" агентлаг мэдээллээ. 
Хүчин төгөлдөр хэрэгжиж буй ОХУ-ын өнөөгийн хуулийн дагуу төрийн тэргүүний халдашгүй бүрэн эрхийн хугацаа нь түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгмөгц дуусгавар болдог.  Тэгвэл тус улсын парламент уг хуулийг хэлэлцэн, баталсан  тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин огцорсныхоо дараа ч бүх насаараа хууль, шүүхийн байгууллагад шалгагдахгүй байх дархлаатай болох аж.
Хуулийн төслийг санаачлагчдын нэг болох ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн Андрей Клишнас "Тасс" агентлагт энэ талаар "ОХУ-ын төрийн тэргүүн огцорсныхоо дараа Ернөнхийлөгч байх хугацаандаа эдэлж байсантайгаа яг ижил хэмжээний халдашгүй бүрэн эрхээр бүрэн хангагдах ёстой. Энэхүү хууль дан ганц Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа хууль, шүүхийн өмнө шалгагдахгүй байх эрхээр хангаад зогсохгүй төрийн тэргүүний чухал үүргийг тодотгох юм" гэжээ. 
ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дума гурван шатны хэлэлцүүлгээр хуулийн төслийг хэлэлцэн, Холбооны зөвлөл эцэслэн хянасны дараа Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар баталгаажих юм. Путины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болно. Гэхдээ тэрээр өнгөрөгч долдугаар сард батлагдсан ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2036 он хүртэл үргэлжлүүлэн төрийн тэргүүний албан тушаалыг хаших боломжтой болсон. 
Тэгвэл ОХУ-ын хууль тогтоогчид дээоврх хуулийн төслийг өргөн барьсны дараа Английн "The Sun" сонин өдгөө 66 настай Владимир Путин паркинсон өвчний улмаас 2021 оны нэгдүгээр сард огцрохоор болсон талаар мэдээлсэн юм. Харин баасан гаригт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд Путины биеийн байдал сайн байгаа. Тэрээр ямар нэгэн шалтгааны улмаас огцрох талаар огт өлөвлөгөөгүй гэсэн байна.
Эх сурвалж: TASS 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн